Comment.mn

М.Энхболд: Монгол төрийн тогтолцоо нь бодлогогүй удирдлага, болчимгүй хэдэн дарга нарын буруутай үйлдэл, бүтэлгүйтлийн золиос болох учиргүй

Өнөөдрөөс эхлэн тав хоногийн турш үргэлжлэх “Бид хамтдаа” Үндэсний форум Төрийн ордны Их танхимд нээлтээ хийлээ. МАН-ын даргын хувьд форумыг нээж тавьсан Үндсэн илтгэлээ олон нийтэд сонордуулж байна.

“БИД ХАМТДАА” ҮНДЭСНИЙ ФОРУМД МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛДЫН ТАВЬСАН ИЛТГЭЛ
2015.10.26 Төрийн ордон, Их танхим
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө!
Эрдэмтэн шинжээч судлаачид аа!
Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.
Өнөөдрөөс эхлэн та бид хамтдаа тав хоногийн турш улс орныхоо нийгэм, эдийн засаг, улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, нягтлан магадласны үндсэн дээр ойрын ирээдүйд тулгамдаж байгаа асуудлуудыг тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, оновчтой шийдлийг олоход хамтын оюун ухаанаа уралдуулахаар хуран цуглаад байна.

Монгол Ардын Намын энэхүү санаачлагыг дэмжин хүлээн авч энд хүрэлцэн ирсэн Та бүхэндээ гүн талархал илэрхийлье.

Улс орондоо хөгжлийн гарц, дэвшлийн үндэс болохуйц ажил хэрэгч мэргэн санаа бодлыг эрэлхийлсэн “Бид хамтдаа” аяныг Монгол Ардын Нам түүчээлж эхлүүлснээс хойш даруй зун, намрын 6 сарыг алсалж, 21 аймаг, 330 сум, Нийслэлийн 9 дүүрэг, 152 хороог хамарлаа.

Монгол Улс цаашид яаж хөгжих вэ гэсэн асуултын хариу болгон эх орны өнцөг булан бүрээс мянга, мянган бүтээлч саналуудыг ирүүлсээр байна.

Ард олныхоо эдгээр санаачлага, захиас даалгаврыг нэгтгэн дүгнэж, цаашдын тулгамдсан зорилт, улс орны хөгжлийн гарцыг улс төрийн зүтгэлтэн, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор нээлттэй хэлэлцүүлэх нь энэхүү Үндэсний Форумын үндсэн гол зорилго юм.

Энэхүү Форум нь уламжлал дээр суурилсан бүхий л шударга шинэчлэлийг, дүр эсгээгүй жинхэнэ ардчиллыг, ирээдүйн хүчирхэг Монгол Улсын хөгжлийн гарцыг эрэлхийлсэн шинэлэг үзэл санаатай хүн бүрийн үнэтэй үгийг сонсох чөлөөт индэр байх болно.

Улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалд шинжлэх ухааны үндэслэлтэй, гадаад, дотоод орчны нөлөөллийг бодитой тооцсон, сэтгэл хөдлөл, улс төрийн явцуу ашиг, сонирхлоос ангид үнэлэлт дүгнэлт өгөх нь ирээдүйн зорилго, зорилтоо оновчтой тодорхойлох үндэс суурь болно гэдэгтэй Та бүхэн санал нийлэх буй заа.

Монголчууд бид хөгжлийнхөө тун эгзэгтэй зааг үед тулж ирээд байна.

Эдүгээ Монгол Улс шинэ сонголт хийж, хүн төрөлхтний жам ёсны гольдролд нийлэн, нийгмээ ардчилах, зах зээлийн эдийн засагт шилжих үйл явцыг авилгалгүй, ашиг сонирхлын зөрчилгүй, шудрагаар үргэлжлүүлэн хөгжүүлж, өнгөрсөн 25 жилд олсон ололт амжилтаа цаашид улам бататгах уу, эсвэл уруудан доройтох уу гэсэн асуулттай нүүр тулгарлаа.

Манай оронд улс төрийн болон эдийн засгийн шинэтгэлийг нэгэн зэрэг хийсэн нь Монголын өөрчлөлтийн өвөрмөц онцлог, сургамж авууштай түүхэн туршлага гэж бид бахархан ярьдаг ч энэхүү хос шинэтгэлийн үр дүнг хэрхэн үнэлэхээ бид нухацтай тунгаах цаг болжээ.

Монгол Улс хөгжлийн шинэ сонголт хийснээс хойшхи 25 жилийн хугацаанд Монгол Ардын Нам 8 жил, Ардчилсан Нам 7 жил дангаараа засгийн эрх барьж, 12 жилд нь хамтарсан Засгийн газар байгуулан ажиллаж ирсэн билээ.

Энэ хугацааны ололтыг нэгэн нам өмчилж,гарсан алдаа, дутагдал бүхнийг ганц намд үүрүүлэх гэж оролдох нь шудрага биш бөгөөд ёс зүйгүй хэрэг мөн. “Сайн нь ч миний багш, муу нь ч миний багш” хэмээх дорно дахины мэргэн үг буй.

Хорин таван жилийн алдаа, онооны аль алиныг нь хуваалцах ёстой улс төрийн гол хүчин бол яах аргагүй Монгол Ардын Нам мөн. Түүнчлэн улс төр, нийгэм – эдийн засгийн амьдралд улс төрийн бусад намуудын үүрэг оролцоо багагүй байсныг ч зүй ёсоор тэмдэглэх учиртай.

Та бид шинэ нийгмийн тогтолцоог байгуулахдаа оносон нь олон ч, мэдэхгүй, чадаагүй, дутуу ухаарсан, туршлага дутсан, дулимаг гүйцэлдүүлсэн, эргэж буцсан цөөнгүй зүйл байсан, энэ бүхний эцсийн үр дүн өнөөгийн бидний амьдарч буй нийгмийн дүр төрхийг бүрэлдүүлж байгаа билээ.

Дэлхийн банк ХӨГЖИЛ-ийг тодорхойлохдоо, хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэх, боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээлийн найдвартай, хүрэлцээтэй байдал, ард иргэд нь адил тэнцүү боломжоор хангагдах явдал, хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн байдал, сайн сайхан, соёлтой амьдрал зэрэг асуудлыг багтаасан байна. Хөгжил нь олон талт үйл явц бөгөөд нийгэм, эдийн засаг, улс төрийн бүтэц зохион байгуулалт, хүний ур чадвар, бүтээмж, үндэсний институтуудын томоохон эерэг өөрчлөлтийг агуулж байдаг.

Хураангуйлбал, хөгжил гэдгийг “Бүх нийгмийн системийн урагш чиглэсэн хөдөлгөөн”-өөр тодорхойлж болох юм.

Хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь хүн, гэтэл хүний хөгжлийн асуудал хэтэрхий хоцорч байна. Эх орны хөгжлийн гарц бол Эдийн засаг, Эдийн засаг, бас дахин Эдийн засаг биш, “Хүний хөгжил” Хүнээ дээдэлсэн мэдлэгт суурилсан оюунлаг нийгэм гэдгийг ухаарах цаг боллоо. Оюунлаг,чадварлаг,хүчирхэг Монгол хүн гэдэг брэндийг бид бий болгох ёстой.

Нийгмийн салбарын хөгжил, хүний төлөө хөрөнгө оруулалт тааруу байгаа нь зах зээлд монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж, ажиллах хүчний бүтээмжид сөргөөр нөлөөлж байна.

Тиймээс бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд нийгмийн институтийн өөрчлөлт, материаллаг болон хүний хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийг шат шатанд хангах шаардлагатай тулгарлаа.

Ажилгүйдлийн асуудалд онцгой анхаарахаас өөр арга алга. Ажилгүйдэл нэмэгдэх нь бүтээмжийн өсөлтөд муугаар нөлөөлж, ажил хийх сонирхолтой хүмүүст тохирсон боломжийн ажлын байрны олдоц тааруу байгаа нь хөгжлийг удаашруулах нөхцөл болсоор байна. Иргэндээ ээлтэй нийгмийн хамгаалал, халамж, үйлчилгээний тогтолцоо төлөвшиж чадаагүй байна.

Насан туршийн чанартай боловсрол олгох, эрүүл мэндийн хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх, айх аюулгүй, сэтгэл хангалуун амьдрах нийгмийн дэд бүтэц дутагдсан хэвээр байна.

Нийгмийн зорилтот бүлэг болох хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настны нийгмийн хамгааллын талаар олсон ололт, зарим нэг ахиц сүүлийн жилүүдэд эрс суларч, эдийн засгийн хямралын золиос,хохирогч болж хувирлаа.

Монголын нийгмийн тулгуур болсон боловсрол, эрүүл мэнд, нийгмийн даатгал, нийгмийн хамгааллын тогтолцоог дэлхий нийтийн жишигт нийцүүлэх, хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, гэр бүл, ахмад настан болон хүн амын талаар баримтлах бодлогыг Монгол Улсын хөгжлийн стратегитэй уялдуулах, монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх шаардлагатай байна.

Нийгмийн бодлогын дээрх арга хэмжээг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд Монголын эдийн засгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилтыг шийдвэрлэх шаардлага байна.. Бид Оюутолгойгоор дамжин дэлхийн даяаршсан эдийн засгийн зах зээлд дөнгөж хөл тавьж байна. Тоглоомын дүрмийг нь таньж мэдээгүй, хууль журмыг нь мөрдөж үзээгүй, улс дамнасан ашиг хөөсөн гадны компаниудтай ажиллах туршлага хомс байдаг нь бидэнд бэрхшээл учруулж байна.

Гэхдээ бидэнд ухрах шалтгаан алга. Уул уурхай, түүхий эдийн хамааралтай эдийн засаг бидний үндсэн сонголт биш хэдий ч хөгжлийн шинэ шатанд гарахад яах аргагүй дамжин өнгөрөх зам байх болно.

Эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн бус салбарыг үндэстний нөөцдөө тулгуурлан хөгжүүлэх чиглэлийг баримтлах нь эдийн засгийн бодлогын тэргүүлэх хандлага болох ёстой

Аж үйлдвэр өндөр хөгжсөн, хөгжингүй орнуудын туулсан замнал, туршлагаас харахад аж үйлдвэрээ хөгжүүлэхээс 5-10 жилийн өмнө шинжлэх ухаан, боловсрол ,хөдөө аж ахуйн салбар, технологийн хөгжилдөө түлхүү анхаарсан байдаг.

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өсөлт нь аж үйлдвэрийн бүтээгдэхүүний суурийг бий болгож байдаг билээ.

Анхдагч түүхий эдийн экспорт давамгайлах нь тухайн эдийн засгийн эмзэгшлийг нэмэгдүүлж, дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ ханш өөрчлөгдөхийн хэрээр эдийн засаг дагаж савлах, тогтворгүй байдал нэмэгдэх үндэс болж байна.

Дээр нь, анхдагч түүхий эдийн экспорт нэмэгдэхийн хэрээр бусад гадаад орнуудын импортын бүтээгдэхүүнээс хамаарах хамаарал улам хурдацтай нэмэгдэх боллоо.

Гадаадын хөрөнгө оруулалтыг татах тууштай бодлого улс орны эдийн засгийн хүчин чадлыг огцом өсгөх үндсэн хөшүүрэг байх нь ойлгомжтой.

Эрчимжсэн ХАА, эрчим хүч, хүнд үйлдвэрийн төслүүдээ бодитоор хэрэгжүүлэх, инноваци, биотехнологи, нанотехнологийг дэмжин хөгжүүлэх нь зүйтэй.

Үндэсний том компаниудыг төрийн бодлогоор тэтгэн дэмжих нь эдийн засгийн өсөлтийг урт хугацаанд тогтвортой хангахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Монголын эдийн засгийн хөгжлийн оновчтой загварыг тодорхойлох, банк, төсөв санхүүгийн тогтолцоог бэхжүүлэх, татвар болон эдийн засгийн урамшууллын механизмыг боловсронгуй болгох, бизнесийн орчинг эрүүлжүүлэх, үйлдвэрлэлийн үндэсний сүлжээг бий болгож, зохистой байршуулах, байгаль орчныг хамгаалах тогтвортой механизмыг бүрдүүлэх асуудлууд шийдлээ хүлээж байна.

Эдийн засгийн эрчимтэй өсөлтийн урьдач нөхцөл нь тухайн орны улс төрийн тогтвортой байдлыг хангах явдал хэмээн судлаачид онцолж байгаа билээ.

Монголын улс төрийн тогтолцоог шинжилж үзвэл, Үндсэн хуулиар тогтоосон эрх мэдлийн хуваарилалт, харилцан хамаарал, тэнцвэр, хяналтын механизмын хувьд нийгмийн бодлогын зорилтыг хэрэгжүүлэх, эдийн засагт тохиргоо хийж, зохистой удирдах чиг үүргээ гүйцэлдүүлэх боломж байгаа хэдий ч улс төрийн хэт хийрхэл, талцалаас шалтгаалан төрийн бодлогын уламжлал, залгамж чанар бүрэн алдагдлаа.

Цаашид Улс орны ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон ямарч улс төрийн хүчин засгийн эрх барьсан зайлшгүй дагаж мөрдөж хэрэгжүүлэх алсыг харсан удаан хугацааны хөгжлийн хөтөлбөр шаардлагатай байна.

Улс төрд субъектив хүчин зүйл ихээхэн нөлөөлж, улс төрчийн ёс зүйн үнэлэмж санаа зовоож байна.

Улс төрийн намууд нийгмийн дэвшилтэт үзэл санааг тээгч, иргэдийн оролцооны байгууллага байх шинжээ улам бүр алдах болов.

Үүнтэй уялдан намын эрх зүйг шинэтгэж, нээлттэй бүтцэд шилжихийг дэмжих нь улс төрийн тогтолцооны шинэчлэлийн цөм асуудал болж, төрийн тогтолцооны шинэтгэлийн анхдагч нөхцөл болсныг эрдэмтэн, судлаачид тэмдэглэж байгааг онцолъё.

Төрийн тогтолцооны оновчтой хувилбарыг үндэстний онцлог, геополитикийн нөлөө, нийгмийн шинж байдал, түүхэн нөхцөл, уламжлалаа тооцсоны үндсэн дээр эрдэмтэн мэргэд, иргэдийнхээ идэвхтэй оролцоотойгоор Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах замаар хэрэгжүүлэх боломж бий.

Гэхдээ Монгол төрийн тогтолцоо нь бодлогогүй удирдлага, болчимгүй хэдэн дарга нарын буруутай үйлдэл, бүтэлгүйтлийн золиос болох учиргүй.

Өөрөөр хэлбэл өнөөдрийн өрийн дарамт, иргэдийн ядуурал, эдийн засгийн хямралын буруутан нь Үндсэн хууль биш .

Үндсэн хуулийн өөрчлөлтийг улс төр-нийгмийн, үндэсний зөвшилцлийн үндсэн дээр нухацтай боловсруулж, ард түмнээр өргөн дэлгэр хэлэлцүүлэх нь зүйтэй байна.

Ийм өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар баталгаажуулах нь түүний легитим буюу хүлээн зөвшөөрөгдөх чанарыг хангахад чухал ач холбогдолтой юм.

Сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгож, ард түмний сонголтыг бодитой баталгаажуулах, элдэв нөлөөнд автахаас сэргийлэх шаардлага байсаар байна.

Улс төрийн тогтолцооны шинэтгэлтэй холбогдуулан хөндөх ёстой нэг зүйл нь монгол үндэстний түүх, соёл, урлаг, уламжлал, ёс заншил, шашнаа дээдлэх үзэл, Монголоо гэсэн эх оронч сэтгэл юу юунаас илүү үнэ цэнэтэй боллоо.
Бид энэ чухал асуудлыг орхигдуулж, залгамж залуу үе маань бодит амьдралаас хол хөндий өсөж, сошил орчин, цахим тоглоомын ертөнц рүү хошуурах донтох боллоо.

Зарим увайгүй улс төрчид улс эх орны үнэн түүхийг гуйвуулж,сайн сайхан бүхнийг аль нэг улс төрийн хүчин, хэсэг бүлэг хүмүүсийн гавъяа мэтээр харуулахыг оролдож байгаа нь явуургүй бөгөөд хариуцлагагүй үйлдэл юм.

Энэ нь Монгол үндэстний дархлаа, нэгдмэл чанарыг алдагдуулах, төрийн бодлогын уялдаа холбоог хангах Монголын нийгмийн бүхэллэг шинжийг үгүйсгэх алсын муу урхагтайг мартаж болохгүй.

Хууль зүйн салбарын шинэчлэлийг хэрэгжүүлэх эрэмбэ дараалал, цаг хугацааны хүчин зүйлийг оновчтой тооцоолоогүйгээс шалтгаалан нэн тэргүүнд хэрэгжүүлвэл зохих үйл ажиллагааны бодит зүй тогтол, мөн чанар, агуулгын шинэчлэл хоцорч, зохион байгуулалтын шинжтэй өөрчлөлт түрүүлж байгаа нь хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах, хууль ёс, шударга ёсыг тогтоон баталгаажуулах суурь нөхцөлийг алдагдуулж байна.

Хууль сахиулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн үндсийг сайжруулах, үйл ажиллагааны журмыг шинэчлэх явц харьцангуй удаан байгаа нь хууль зүйн салбарын шинэчлэлийг дэмжих иргэдийн итгэл үнэмшлийг сулруулж байна.

Хууль зүйн салбарын шинэчлэл нь Үндсэн хуулиар баталгаажсан хүний үндсэн эрх, эрх чөлөө зөрчигдөхгүй байх, гэмт хэрэг зөрчлийн тоо зохистой түвшинд буурч, нийгэмд аюултай шинж байдал нь сулрах, нийгмийн дэг журам алдагдахгүй байх нөхцөл бүрдсэн эсэхээр үр дүн нь хэмжигдэх учиртай.

Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд гэмт хэрэг зөрчил буурах нь байтугай, өсөлтийн хурдац нь саараагүй, шинэ төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдэж байхад тэдгээртэй тэмцэх оновчтой бодлого арга хэмжээг тэр бүр төлөвлөж хэрэгжүүлж чадахгүй байгаа, хууль хэрэгжүүлэх ажиллагааны явцад хүний эрх, түүний дотор амьд явах анхдагч эрхийг зөрчих явдал буурахгүй байгааг юугаар ч зөвтгөхийн аргагүй юм.

Иймд хууль, шүүхийн шинэтгэлийн үйл явцад илүү гүнзгий дүн шинжилгээ хийж, бусдыг шууд хуулбарлах биш, тулгамдсан асуудлын шийдлийг Монгол улсын эрх зүйн хөгжлийн хүрсэн түвшин, уламжлалт эрх зүйн тогтолцоо, иргэдийн эрх зүйн боловсрол, соёлын төлөвшил, тэр ч байтугай Монгол орны газар нутаг, хүн амын суурьшлын онцлог, цаг агаарын нөхцөлтэй уялдуулан оновчтой сонгож, нухацтай судлан хэрэгжүүлэх нь манай орны эрх зүйн тогтвортой байдлыг хангаж, улс орны хөгжилд хүчтэй түлхэц үзүүлэх хууль зүйн тогтолцоог бүрдүүлж чадна.

Төрийн албаны тогтвортой, залгамж чанарыг хангах, улс үндэстний нийтлэг эрх ашгийн төлөө цуцалтгүй тэмцэх төрийн жинхэнэ түшмэлийн тогтолцоог бүрэлдүүлэхийн тулд Монгол төрийн мэргэшсэн албыг үндэсний уламжлал, олон улсын жишиг туршлагад суурилан хөгжүүлэх явдал урьдын адил ач холбогдолтой хэвээр анхаарал татсаар байна.

Авилгалаас ангид нийгмийг цогцлоох, үүний тулд авилгалыг үл тэвчих уур амьсгалыг нийгэмд бүрдүүлэх, авилгалаас урьдчилан сэргийлэх зохистой механизмыг тогтоох, авилгалын гэмт хэрэгтэй эвлэрэшгүй тэмцэх нь алсдаа үндэсний аюулгүй байдлын нэг зангилаа асуудал болох төлөвтэй байна.

Монгол Улсын нийслэлийн нүүр царай, эх орны нэрийн хуудас болдгийг онцлон анхаарч, иргэд нь өндөр боловсрол соёлтой, дэлхийн хотуудын төлөвлөлтийн орчин үеийн шийдлийг шингээсэн, цэвэр цэмцгэр орчин, ариун тунгалаг ус, агаартай, үндэсний хэв шинжийг илтгэсэн, Ази-Европыг хосолсон өвөрмөгц шинэ хотыг цогцлоон сүндэрлүүлэх нь Та бидний бас нэг эрхэм үйлс, их бүтээн байгуулалт байх болно.

Эрхэм нөхөд өө!

Төр улсыг эв нэгдэл, зөв сэтгэл, шударга зүтгэл, холч ухаан, эр зориг, эхийн сэтгэл, хүн чанар төвшитгөдөг гэдгийг туулж өнгөрүүлсэн буурал түүхийн сургамж бидэнд ухааруулж байна.

Манай улсын төрийн тогтолцооны институцийн чадамж суларч, эдийн засаг тартагтаа туллаа. 2016 оны сонгуульд ялалт байгуулсан улс төрийн хүчин улс орныг дахин сэргэлтийн замд оруулах түүхэн хариуцлагатай үүргийг хүлээх нь ойлгомжтой байна.

Тэрхүү дахин сэргэлт бол нийт үндэсний үйл хэрэг байх бөгөөд улс төрийн намуудын нэгдмэл язгуур эрх ашиг байх болно. Үүнд дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг байх уламжлалт монгол гүн ухаан үйлчлэх ёстой. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд улс төржин талцаж, намчирхалгүй үндэсний боловсон хүчний чадавх, туршлагаа бүрэн дүүрэн ашиглах нь нэн чухал байх болно.

Бултаар хэлэлцвэл буруугүйн учир Та бүхэндээ ийнхүү хандаж байна. Та бүхний оновчтой мэргэн санаа, ухаарлын шүүмжлэл тань урмын ташуур болж, хадны цуурай биш, хамтдаа хөгжих гарц болно гэдэгт итгэж байна.

Тулгарах бэрхшээлийг ХАМТДАА тодорхойлж, туулах гарцыг ХАМТДАА эрэлхийлье.

Эвийг тулга болгон дээдэлж, итгэлийг гал болгон бадрааж, үнэнийг туг болгон мандуулж төрлөх Монгол орноо хөгжүүлэн цэцэглүүлье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.