Comment.mn

Амьдралын ухаантай хүн төрд түшиг болох нь илүү

tug1_6834cd37Хүний амьдрал гэдэг алдаа онооны цуглуулга юм. Энэхүү алдаа оноог дэнсэлж, хэрэгтэйг нь тунгааж тунласныг амьдралын ухаан гэдэг. Амьдралын ухааныг нэр алдартай их дээд сургууль, нэвтэрхий мэдлэгтэй эрдэмтэн мэргэд заадаггүй. Амьдралын ухааныг сурдаг, эсвэл  сурдаггүй хүмүүс гэж байдаггүй. Зүгээр л алдсан алдаа нь ухаарал сургамж өгч, түүнээсээ хувь хүн болгон оюуныхаа багтаамжаар өөртөө шингээж, үр хүүхдэдээ сургаал болгон дамжуулдаг. “Аавын сургаал алт, ээжийн сургаал эрдэм” гэж монголчууд сургадаг болохоос “Эрдэмтэй аавын сургаал алт, их сургууль төгссөн ээжийн сургаал эрдэнэ” гэж онцолж байгаагүйн учир ийм бөлгөө.

Харвардад хэдэн жил сурсан нь мундаг,  Хайлаастад насаараа амьдарсан нь юу ч биш гэх сэтгэхүй сүүлийн үед нэлээд газар авах шинжтэй. Харвард хүнд мэдлэг өгдөг нь үнэн. Гэхдээ Хайлаастад насаараа амьдарсан дал, наянтнуудын туулж мэдэрсэн амьдралын хар ухааныг өгөх үү?Амьдрал онол хоёр алга хавсрах мэт нийлэх нь бий, алд дэлэм зөрөх нь ч бий.

Сүүлийн үед англи хэл, америк боловсрол чухал гэх үзэлд хэт автаад оросоос өөр гадаад хэлгүй, соцнийгмийн үед бэлтгэгдсэн боловсон  хүчин гэж ахмад, дундчуудыг гадуурхах үзэгдэл газар авлаа. Түүнтэй хамт тухайн салбар, байгууллага, хамт олны уламжлал, залгамж чанар гээгдэж байна. Барууны боловсрол гол шалгуур болсон учраас төрийн чухал чухал албан тушаалд дөнгөж гуч гарч яваа залуус олноор томилогдож байна. Төрийн ажлын туршлагагүй, хүнтэй ажиллаж үзээгүй, тухайн байгууллагынхаа үүх түүх, уламжлалыг мэдэхгүй цэл залуу хүмүүс намын харьяалал, танилын сүлжээ, ов залиар эрх мэдэлд хүрчихээд яаж хийрхэж хөөрцөглөж, шат шатны төрийн байгууллагуудыг ямар арчаагүй дорой, инээдмийн дүр төрхтэй болгож байгааг хараад сэтгэл зүрх хөндүүрлэх юм даа. Хоцрогдсон гэж ад үзээд халсан хольсон хүмүүстэй нь цуг амьдралын маш их ухаан, нөр их туршлага, төрийн бодлогын залгамж холбоос явчихаад байгааг анзаарч байгаа нь хэд бол? Засч залахыг хүсч байгаа нь хэд бол?

Төрийн албанд боловсон хүчнийг шилж сонгохдоо мэдлэг боловсролоос гадна нас, туршлагыг харгалздаг, залуу боловсон хүчнийг анхан дунд шатны албанд тодорхой хугацаанд ажиллуулж, амьдрал таниулж байж дэвшүүлдэг тогтолцоо руу шилжихгүй бол хэт өндөр албанд шууд оччихоод түүнийгээ мөнхийн мэт эндүүрч хийрхэгчдийн тоо нэмэгдээд л байна шүү.

Монголчууд уг нь 25-40 настныг залуу, 40-50 настныг идэр, 50-60 настныг хижээл үеийнхэн гэж үздэг, үе үед нь таарсан алба үүрүүлдэг байсан уламжлалтай. Амьдралын ухаан сууж, хий нь гарч, хорвоог өөр нүдээр харах болсон идэр насныхан ачааны хүндийг үүрч, залуус нь тэдэндээ туслангаа суралцаж, хэдхэн жилийн дараа нуруун дээр нь буух ачааг үүрэхэд бэлддэг байсан. Энэ уламжлалыг сэргээн төрийн гол гол чухал албанд 40-өөс доошгүй насны хүн томилдог хязгаар тогтоож өгмөөр санагдана.

Хүн ер нь 40 хүрч байж л амьдралын торгон ухаан суудгийг биеэрээ мэдэрсэн хүн батлах олон бий. Нас ахих тусам амьдралын ухаан нэмэгддэгийг “Монгол хүн жар хүрч ухаан ороод жаран нэгтэй үхдэг” гэсэн шог үг харуулдаг. Тиймээс өтгөс нь цэцэн ухаанаараа зөвлөж, идэрчүүд нь хэлснийг нь хэрэг болгож, залуус нь араас нь залгамжилж, “Цэр нь цээжиндээ Бөөр нь бөгсөндөө” байсан улс  орон хождог жишээг олоход мөн амархан байна.

Дөч хүрч, дөрөө даах настайгаа золгосон 2006 онд би энэ мэтийг эргэцүүлэн бодож, Алтай нутгийн ухаан холч өвгөдөө санан санааширч цахим тэмдэглэлийн дэвтэртээ хэдэн мөр таталгасан минь он цагийн салхинд илбүүлэн нэг мартагдаж, нэг ил гарсаар явдаг. Хэн нэгэнд хэрэг болж мэднэ хэмээн түүнийгээ энд павтан өгүүлсү.

“Алтайн хөх салхинд илбүүлж нэг, шавхуур дуулж нэг, говийн халуун наранд шаруулж нэг, төөнүүлж нэг үзсээр хатсан үдээр шиг болсон цэлдэн хөх банди их уулсын ирмэг хурц чулуун дунд эвэршиж хатуурсан нүцгэн хөлийнхөө тавхайг гялалзуулан дэгддэг байсан он жилүүд улам бүр алсалсаар… Цагийн ихэнхийг нар салхи, цас бороон дор үдсээр зүс нь гундаж, дээл нь гандсан туранхай хөх өвгөд ороод гарах, зөрөөд өнгөрөхдөө сургах сануулахын завсар хэлсэн хармын хэдэн үгс л он цаг улирахын хэрээр холдон одох биш, бодол сэтгэлд улам ойртон тодорно. Хэлсэн эзэд нь орчлонгийн жамаар их уулсын зэрэглээ тонгочих бэл хормойн наран ээвэр хөрснөө аль эрт шингэсэн атал ийн улам бүр тодрохын чухам учир юу сан билээ?

Гэтэл арван жил, их сургуулийн танхимд эрдэм ухааны сор болсон ачит олон багш нараараа заалгасан бүхэн маань сэтгэлд ийн гүн бат хоногшоогүй, орхигдон мартагдаж шигшигдэн цөөрсөөр байдаг нь бас юуных вэ? Гучин таван үсэг танихтай үгүйтэй, гурван үгтэй өгүүлбэр бичихтэй үгүйтэй тэр өвгөд цөлх ухаанаа цөөн үгэнд шингээгээд өнөө эс гэхэд маргааш энэ хүүд хэрэг болно хэмээн зөв амьдрах, хүн байхын утга учрыг энгийнээс энгийнээр хэлж өгсөн нь тэр байж.

Залуу насны оргилуун дэврүүн сэтгэлдээ хөтлөгдөн хатуу зөөлөн, хар цагааныг эс ялган, хожим ирэх харуусал ухаарлыг эс мэдрэн жад шиг хурц, туг шиг босоо явах үедээ тэдний холч ухааныг олж анзаараагүй юмсанж. Ийнхүү галтай дөлтэй, эрчтэй хурдтай хэсэг явсны эцэст нэгтээ амсхийн өнгөрснөө эргэцүүлэхүй алдсан гэнэдсэн бүхэн минь нутгийн хөх өвгөдийн аядуу намуун өгүүлсэн энгийн хэдэн үгийг эс ухаарсны гор байх ажгуу. Буурлаас үг сонс гэж зүгээр ч нэг хэлчихээгүйг хүн бүр ухаарч өвгөд хөгшдийнхөө сургаал захиасыг байн байн эргэцүүлж байваас хожмын өдөр өөрийгөө яллахгүй сэн буюу”.

2006 онд дөчин насандаа олж мэдсэн ухаарал минь энэ. Энэ бол миний ухаарал, миний бичил ертөнц дотор туссан гэгээ. Харин Монгол төрийн ухаарал хэзээ ирж Монголын төр хэмээх том ертөнцөд ямархан гэгээ тусах нь над мэтээс хэтийдсэн хэрэг буюу.

Урианхан Б.Галаарид
2015.10.11.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.