Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар танаа
2005 онд батлагдсан ОНРТ-ийн тухай хуульд зааснаар МҮОНРТ-ийг удирдах дээд байгууллага нь Үндэсний зөвлөл бөгөөд Үндэсний зөвлөлийн гишүүд нь Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын зүгээс санал болгосноор УИХ-аар томилогдсон гишүүд болохын хувьд бид Та бүхэндээ эргэн нэг хандаж байна.
Дөрвөн жил тутамд ганцхан удаа болдог хүн төрөлхтөний Эв найрамдал, энх тайван, нөхөрлөл, хамтын ажиллагааны билэгдэл болсон Олимпын их Наадам 2016 онд тохиох гэж байна.
Ази Номхон Далайн Өргөн нэвтрүүлгийн Холбоо /ABU/ нь 2016 онд Бразилийн Рио Де Жанейро хотноо болох зуны 31-р олимп, Паралимпийн тоглолтыг дамжуулах эрхийг уг Холбооны Тэргүүлэгч гишүүний хувьд МҮОНРТ-д онцгой нөхцлөөр олгох Гэрээг анх удаа байгуулаад байна.
Олимпын их наадмыг Монгол улсын нутаг дэвсгэрт телевизийн сансрын дамжуулалт, Кабел, IPTV, интернет, үүрэн холбоо, радио гээд нийт 15 аргаар хүлээн авч дамжуулах 15 багц эрхийг өөртөө багтаасан энэ онцгой эрхийн төлбөр 1 сая ам.доллар бөгөөд энэ нь МҮОНРТ-д 2015 онд төрөөс өгсөн дэмжлэгийн тэн хагас орчимтой тэнцэхүйц өндөр өртөгтэй байгаа нь биднийг Та бүхэнд тусгайлан хандахад хүргэлээ.
Олон улсын түвшинд оюуны өмчийн эрхийг хүндэтгэх, нэгдэн орсон бүхий л Гэрээ, конвенцуудын нийтлэг үндэслэлийн хүрээнд гэрээлэгч байгууллага Олимпын их наадмын эрхийн төлбөрийг төлөхгүйгээр Монголын олон нийтэд Олимпын их наадмыг хүргэж чадахгүйд хүрнэ гэдгийг Та бүхэн сайтар ойлгож байгаа.
Иймд Монголын нийт ард түмэн, энхийг эрхэмлэгч, спорт сонирхогч олон нийтийн эрх ашгийг хүндэтгэн үзэж, 2016 оны зуны 31-р Олимпийн болон Паралимпийн тоглолтыг дамжуулах, сурвалжлах зэрэгтэй холбоотой 2,142.3 сая төгрөгийн санхүүжилтийг 2016 оны улсын төсөвт онцгойлон авч үзэж, тусган, МҮОНРТ-д олгох асуудлыг шийдвэрлэж өгөхийг хичээнгүйлэн хүсье.
МҮОНРТ-ИЙН ҮНДЭСНИЙ зөвлөл
2015 оны 10 дугаар сарын 21 буюу Билгийн тооллын Намрын адаг улаан нохой сарын Билэгт сайн 8-ны өдер болой.
Улаанбаатар хот