Хөдөлмөрийн хууль иргэдэд баталгаатай, эрүүл аюулгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэгч манаач нь байх учиртай. Энэ хууль хүчтэй, боловсронгуй байж гэмээнэ хөдөлмөрчдийн эрхийг хамгаална. Харин өнөөдөр тэрхүү манаачаа шинэчлэх шаардлага тулгарч байна гэж хэлж болно. Хөдөлмөрийн тухай хууль УИХ-д өргөн баригдаад гурван сарын хугацаа өнгөрч байна. Эдийн засаг хямарч байна гэх нэрээр сүүлийн 2 жилийн хугацаанд төр хувийн хэвшилд, ээлж дараалан цомхтгол, цалингүй амралт үргэлжилсээр. Эцэст нь хямралын эсрэг үргүй зардлаа багасгая гэх хэдий ч иргэдийн нуруун дээр хүнд ачааг үүрүүлдэг үзэгдэл нь хөдөлмөрчдөө хамгаалах хуулиндааанхаарах цаг болсны илрэл гэлтэй. Уг нь одоогийн хууль тогтоогч дунд Үйлдвэрчний эвлэлээс төрсөн төр засгийн удирдлагууд цөөнгүй бий. Тухайлбал Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал нар хөдөлмөрчин хүний эрхийг хамгаалахаас ажил амьдралын гараагаа эхлүүлсэнхүмүүс. Тиймээс төр засагт дуу хоолой болж Хөдөлмөрийн хуульд ажилчдын эрх ашгийг хамгаалах үг, үсэг бүрийгнятлан харах ёстой хүмүүс гэж найдлага тавьж байгаа. Түүхийг сөхвөл 1999 онд батлагдсан Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд 18 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Энэ удаагийн шинэчлэлийн төслийг 22 хүний бүрэлдэхүүнтэй баг 2012 оноос эхлэн боловсруулсан ч цаг хугацааны хувьд өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Сураг сонсоход одоо мөрдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 25 зүйлийг хэвээр хадгалж, 19 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулж, 26 зүйлийг шинээр нэмж, 54 зүйлийг шинэчлэн найруулжээ. Ямар ч байсан олон улсын жишигт нийцсэн, хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүр хуулиндаа найдаж ажилладаг байхыг л ард түмэн хүсч байна.Саяхан Хөдөлмөрийн тухай хуулийн эргэн тойрон дахь сэдвээр УИХ-ын гишүүн Л.Болд Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын хүмүүстэй уулзаж санал солилцсон байна. Мэдээж энэ салбарт шинэ хүн биш тул тэрээр нэлээд няхуур зөвлөгөө өгч, саналаа солилцсон байна.
Хөдөлмөрийн салбарт цагийн ажлыг дэмжсэн санаа, санаачлагууд цөөнгүй бий. Үүнийг нэг зоосны хоёр тал болгож харахгүй бол цагийн ажил нэрийдлээр хүний хөдөлмөрийг мөлжих цаашлаад нийгмийн даатгалын төлөлт хийгдэхгүй байх эрсдлүүдийг тооцоолж харах хэрэгтэйг уулзалтын үеэр Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл хөндөж байлаа. Тиймээс өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг гэдэгчлэн цагийн ажлын хөлсөнд цөөхөн хэдэн төгрөг гар дээр бэлэн авч байгаа харилцааны цаана нийгмийн асуудлаа орхигдуулахгүй байх эрхийг нь хангаж өгөх учиртай. Энэ бүх харилцааг нарийн зохицуулалт хууль хөдөлмөрийн салбарт маш их хүлээлт үүсгэж байгааг ч үйлдвэрчнийхэн үгүйсгэсэнгүй. Мэдээж энэ удаагийн шинэчилсэн найруулгыг харахад илүү чөлөөтэй болсон гэж мэргэжлийн хүмүүс дүгнэж байгаа ч одоогийн хууль нь хөрш зэргэлдээ улс орнуудтай харьцуулахад асар их зөрүүтэй байгааг ч тэд нуусангүй.
Хөдөлмөрийн тухай хуулийг хэлэлцэх шатанд зарчмын зөрүүтэй янз бүрийн асуудал гарч байгаа хэдий ч эцэстээ нийт иргэдийн эрхийг хамгаалсан нийтлэг эрх ашгийг тусгасан хууль болох учиртай. Эс тэгвээс хүний хувь заяаг, ажил мэргэжлийнх нь орон байрыг ганцхан хүний гарын үсгээр шийдчихдэг түгээмэл дутагдал монголд нүүрлэчихээд байна. Үйлдвэрчний эвлэлийнхэн энэ мэт саналаа боловсруулаад 14 саналыг УИХ-ын холбогдох байнгын хорооны ажлын хэсэгт хүргүүлсэн юм билээ. Мэдээж үүнтэй зэрэгцэн МҮЭ-ийн эрхийн тухай хуулийг шинэчилж, батлах асуудалд тодорхой дэмжлэг, ойлголцол хэрэгтэй байгааг УИХ-ын гишүүн Л.Болдтой санал солилцох үеэрээ тэд мэдэгджээ. Ийнхүү өнөөгийн нийгэм дэх хөдөлмөрийн харилцааг зохицуулах шинэчилсэн найруулга яаралтай гэсэн тодотголоор хүлээгдсээр байна. Тиймээс энэ салбарын зовлон жаргалыг мэдэрсэн хууль тогтоогч хүний дуу хоолойг хүчирхэгжүүлэх хэрэгтэй гэсэн санаачлага энэ уулзалтаас харагдлаа.