Филиппинийн Самал арал дахь “Oceanview гэх амралтын газраас өнгөрсөн сарын 23-нд буутай этгээдүүд жуулчдыг барьцаалсан билээ. Тус улсын цагдаагийнхан удаан хугацааны турш мөрдлөгө явуулсны үр дүнд буутай этгээдүүд алан хядах “Абу Сайяф” гэх бүлэглэлийн дайчид болохыг тогтоосон байна. Харамсалтай нь барьцааны иргэдийг байршлыг тогтоож чадаагүй юм. Тэд Канадын хоёр иргэн, Норвеги болон Филиппинийн иргэнийг барьцаалсан юм.
Тэгвэл алан хядагчид өчигдөр 17.00 цагийн орчимд барьцааны иргэдийн видео бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Алан хядагчид Канад, Норвегийн иргэдийн видео бичлэгийг цацсан байна.
Барьцаалагдсан Канадын иргэн Жон Ридсел “Бидэнд туслаач. Канадын Засгийн газар туслалцаа үзүүлж, барьцаалагчдаас чөлөөлөхийг хүсч байна. Бид бие болон сэтгэл санааны хохирол амсаж байна. Үнэхээр хүнд нөхцөлд амьдарч байна. Гуйж байна. Амийг минь авраач” хэмээн видео бичлэгийн үеэр хэлжээ. Норвегийн иргэн Роберт Халл “Засгийн газрын оролцоотой ажиллахыг хүсье. Бидний амь нас та бүхний гарт байна” гэсэн аж.
Бичлэгийн төгсгөлд барьцааны гурван иргэнийг харуулсан байна. Алан хядагчид барьцааны иргэдийг аврахын хүсч буй бол Филиппийн удирдлагуудыг цэргийн ажиллагааг зогсоохыг шаарджээ. Цэргийн ажиллагаагаа зогсоосны дараа алан хядагчид барьцааны иргэдийн Засгийн газартай тохиролцоо хийх болно гэдгээ илэрхийлжээ.
Тус алан хядах бүлэглэл 2001 онд Америкийн хоёр иргэнийг барьцаалж, 10 сая ам.долларыг шаардсан бол 2011 онд Канадын иргэн Эволд Хорн гэгчийг барьцаалж, 24 сая ам.долларыг шаардаж байжээ. Тус улсын Засгийн газар алан хядагчидтай гэрээ байгуулж, иргэнээ чөлөөлж байсан юм.
Б.Дэлгэрцэцэг