Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 6,128.0 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 7,307.2 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 1,179.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5 хувьтай тэнцэхээр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгажээ.
Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо өчигдөр хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалан энэ оны эхний 8 сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 660.7 тэрбум төгрөгөөр тасарсан бөгөөд хүлээгдэж буй гүйцэтгэлээр 900 гаруй тэрбум төгрөгөөр тасрахаар байгаа ажээ.
Дээрх нөхцөл байдлын улмаас 2015 оны батлагдсан төсвийн орлогыг бодитойгоор дахин төлөвлөх, урсгал болон хөрөнгийн зардлыг орлоготойгоо уялдуулан дахин тооцож төсөвт тусгах зорилгоор 2015 оны төсвийн тодотголыг боловсруулах, доорх хуулиудад өөрчлөлт оруулахаар шаардлага тулгарсан байна. Үүнд:
Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдуулан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм байна.
Эх сурвалж: Bataar.mn