Comment.mn

Зарлага нь орлогоосоо давсан төсвийг хэрхэн хумих бэ?

Засгийн газрын хүсэлтийн дагуу нэгдсэн чуулган төсвийн тухай, түүнд хамаарах хуулиудаа дараалал харгалзалгүй, хамгийн эхэнд хэлэлцэхээр болов. Эдгээр хуулиудад 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслүүд багтаж байна.

Өөрөөр хэлбэл, ирэх жилийн төсвийг хэлэлцэхийн тулд энэ жилийн төсвийн төслүүдээ дахин эргэн харж, зарим нэг зоригтой өөрчлөлтүүдийг хийхээр Сангийн яамнаас төслөө боловсруулж. УИХ-д өргөн баригдаад буй 2016 оны төсвийн төслөөс харахад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн  онцлоод байсанчлан ирэх жил нэлээд бүсээ чангалсан байдлаар  төсвөө зарцуулахаар боловсруулагдсан байна.

Тэгэхээр ойрын өдрүүдэд намрын чуулган төсвийн асуудлаар амьсгалж, Сангийн яамны боловсруулсан төслүүдийг хэлэлцэх нь ээ.

Орлого

Төсвийн орлого 6.981.4 тэрбум.  Өмнөх жилүүдэд төсвийн нийт орлогын 20 орчим   хувийг уул уурхайн салбараас олохоор суулгадаг  жишиг тогтсон байсан. Харин энэ жил хүлээгдэж буй гүйцэтгэлээр биелэлт 16 хувьд хүрэх төлөвтэй байгаа. Тэр ч үүднээс 2016 онд уул уурхайн салбараас  төсөвт орох орлогыг илүү бодит байдлаар тооцох шаардлага үүсэж буй.

Ирэх жил дэлхийн зах зээл дээр  эрдэс баялагийн үнэ төдийлөн сэргэхгүй нь  тодорхой болсон. Улсын төсөвт уул уурхайн салбар нийт 900 орчим тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцоолсон багаад үүний 90 хувийг зэс, алт, нүүрсний салбар дангаар  үүрэх юм.

Өөрөөр хэлбэл, ирэх жилийн төсвийн 13 орчим хувийг зэс, аль нүүрсний экспортбүрдүүлнэ. Энэ нь экспортын орлогын 80 хувийг бүрдүүлэх тоон үзүүлэлт юм. Тэгэхээр УИХ 2016 оны төсвийг батлахдаа дэлхийн зах зээл дээрх үнэтэй харьцуулан, зөв тооцоолол хийх шаардлага үүсэж байна.

Түүнчлэн ирэх онд 5.527 тэрбумын татварын орлого төвлөрүүлэхээр тооцож. Энэ нь 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 7 хувиар өссөн үзүүлэлт юм. Татварын орлогыг задалбал, албан татвараас 650 тэрбум,импортоос хамаарах орлогыг 4.5 орчим  тэрбум ам.доллар, дотоодын барааны онцгой албан татвараас 196 тэрбум зэргээр тооцоолсон байна.

Ирэх жил  Таван толгой урагшилж, далд уурхайн бүтээн байгуулалт өрнөнө гэх хүлээлтээр  импортоос олох орлогоо нэлээд өөдрөгөөр төсөөлсөн нь энэ.

Зарлага

Улсын нэгдсэн төсвийн зарлага 7.883 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 28.6 хувьд хүрэхээр тооцжээ. Харин орлого нь 6.981.4 тэрбум байх бөгөөд эндээс үзэхэд алдагдал 900 тэрбумд хүрэхээр байна. Орлогоосоо зарлага нь давсан төсөв баталдаг байдал сүүлийн жилүүдэд шүүмжлэл дагуулж байгаа. Гэвч бодит байдал дээр өмнөх оны хүндрэл ихээхэн нөлөөлөл үзүүлдэг учраас шуудхан засаад, ТЭГ болгочих арга байхгүй.

Төсвийн урсгал зардлыг 6,065.4 тэрбум буюу ДНБ-ий 22 хувьд хүрэхээр байгааг Сангийн яам онцолсон байна. Энэ нь өмнөх жилээс 710 тэрбумаар өссөн үзүүлэлт. Шалтгаан нь шинэ хөрөнгө оруулалтын ашиглалт, хүн амын статистикийн өөрчлөлт, төрийн үйлчилгээний өргөжилттэй холбоотой аж.

Зарлагыг бууруулах аргачлалд хууль боловсруулагчид бүтцийн өөрчлөлт хийх замаар бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх – 50.3 тэрбум, төрийн болон захиргааны албан хаагчдын цалинг бууруулах  зэрэг саналуудыг хуульд тусгаад байгаа юм. Гэвч УИХ төсвийг хумиж,  орлого зарлагын хэмжээг ойртуулах асуудал дээр бодьтой шийдэлд хүрэхгүй бол 2017 оны төсөв  үүнээс ч ихээр хүндрэх төлөвтэй байгаа.

Асуудал дагуулсан халамжийн бодлого

Халамжийн бодлогод хязгаарлалт  тавина гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажлаа авсны дараахан халамжийн бодлогыг танах талаар дуугарч, шинэхэн суудлаасаа  холбирох шахсан. Тэгвэл энэ удаа эдийн засгийн нөхцөл хүндрэх төлөвтэй уялдуулан, хуулиндаа өөрчлөлт оруулах замаар шийдэхээр зэхсэн байна.

Хүний хөгжил сангийн орлого 2012 онд 440.9 тэрбумд хүрч байсан бол ирэх онд энэ тоог 252.8 тэрбумд бариулахаар  тусгаж өгсөн байна. Энэ нь даруй 57 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэвч тэр үеэс хойших шинэ гэрлэсэн бүл, иргэн бүрт  хишиг хүртээх халамжийн хавтгайрсан бодлого эрс цэгцэрснийг энд онцлох хэрэгтэй.

Ямартай ч одонтой ээжүүдийн мөнгө, хүүхдийн мөнгө сэлтийг  тодорхой ялгаа үүсгэн олгох,оюутнуудад зарцуулж буй мөнгөн урсгалыг танах зэргээр хуулиндаа өөрчлөлт оруулах нь тодорхой болжээ.

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.