Comment.mn

МАН-ын “Бид хамтдаа” аян Хан Хэнтий аймагт боллоо

Монгол Ардын нам “Бид хамтдаа” аян Хан Хэнтий аймагт есдүгээр сарын 25-ны өдөр нээлтээ хийлээ. Аяны хүрээнд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Сү.Батболд, МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга, Бага хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Хөдөлмөрийн сайд асан С.Чинзориг зэрэг гишүүдээр ахлуулсан долоон баг Хан-Хэнтий аймгийн бүх сумдаар явж ажилласан юм.Тус аяны зорилго нь Монгол Ардын нам ард түмний саналд тулгуурлан мөрийн хөтөлбөр боловсруулах явдал.“Бид хамтдаа” аянаар 2016 оны УИХ болон орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангаж, иргэдтэй уулзаж, санал сэтгэгдлийг нээлттэй сонссон юм.

Иргэдийн уулзалтын үеэр Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Ардчилсан намынхан МАН-д хамтарч ажиллах урилга өгч бид хамтарч ажилласан.Гэвч бид хамтарсан засаг байгуулаад зургаа, долоон сар болохгүй хамтарсан засгаас гарчихлаа.Үүнд хэд хэдэн асуудал бий.Ард иргэдийн татварын мөнгийг хулгай хийсэн хүмүүсийг өршөөлийн хуульд хамруулж болохгүй гэдгийг бид ил тод хэлсний төлөө МАН буруудсан.Улсын өрийг ДНБ-ий 70 хувьд хүргэе гэдэг саналыг эрх баригч нам оруулж ирсэн.Бид үүнийг эсэргүүцсэн ДНБ-ий 40 хувиас дээш гарч болохгүй гэсэн хуулийн хатуу заалттай.Хамтарсан засгийн газарт ороход өр ДНБ-ны 40 хувиас таван хувиар л дээшээ гарсан байгаа гэж эрх баригч нам хэлсэн.Бид Сангийн яамыг аваад бодит байдлыг үзэхэд таван хувь биш 18.3 буюу 58.3 хувь өссөн байсан.Тиймээс эдийн засаг хүнд байдалд орсон энэ үед МАН ард түмнийхээ нуруун дээр өрийн дарамтыг нэмж ачаа үүрүүлэхгүй гэсэн байр суурь баримталсны төлөө гэрээ биелүүлээгүй гэсэн.

МАН жилийн өмнө ахмадуудынхаа тэтгэврийн зээлийн хүүг бууруулъя гэсэн хуулийн заалт өргөн барьсан.Өнөөдрийг хүртэл УИХ-ын дарга З.Энхболдын ширээн дээр дараастай байгаа.Ороод асуухаар Ардчилсан намын С.Эрдэнэ сайдтай нийлээд өргөн барьчих гэсэн. Гэтэл амьдрал дээр нийт тэтгэвэр авагчдын 86 хувь нь тэтгэврийн зээл авчихсан. Зээлийн хүү нь маш өндөр байгаа.Монголыг бүрэн бүтэн XXI зууны залууст хүлээлгэж өгсөн ахмадуудад Ач санах хуулийн төслийг өргөн барьсан, хүлээж аваагүй.

Хүнд хөдөлмөр эрхэлдэг малчдын тэтгэвэрт гардаг насыг таван жилээр урагшлуулъя гэдэг хуулийн төслийг өргөн бариад бас нэг жил болж байна.Өнөөдөр тэр УИХ-ын даргын өрөөнд бий.Энэ мэт олон зарчмын асуудал дээр санал зөрсөн тул МАН засгийн газраас гарах шалтгаан болсон.Гэхдээ МАН үүнд шантраагүй.Өнөөдөр цөөнх сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлээд л явж байна.Бид цаашдаа малчдын тэтгэврийн хүүг бууруулах, малчдын тэтгэврийг таван жилийн наана болгох зэрэг нийгэмд хэрэгтэй, тулгамдаж байгаа асуудлаар эцсээ хүртэл тэмцэнэ” гэв.

Энэ үеэр ахмад малчин Буриад сонгуулийн хуулийн талаар тодруулахад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Засгаас гарах болсон бас нэг шалтгаан нь сонгуулийн тухай хууль.Хоёр нам хамтарч засгийн газарт орохдоо энэ оны долдугаар сарын 1-нээс эхэлж сонгуулийн хуулийг өөрчилнө гэсэн тохироо хийсэн.МАН 21 аймгийг гурван удаа тойрлоо.Сонгуулийн санал тоолдог хар машин хамгийн их сонгуулийн луйвар хийдэг хэрэгсэл гэж бүх иргэд ярьж байна.Үүнийг өөрчилье гэсэн ч сүүлдээ санал зөрөөд байхаар нь ард түмний дунд санал асуулга явуулъя гэсэн тогтоолын төслийг УИХ-ын даргад дөрөвдүгээр сард өргөн барьсан.УИХ-ын дарга өнөөдрийг хүртэл энэ асуудлыг шийдээгүй байна.Монгол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 20 улс төрийн нам байдаг.Намуудын дарга ерөнхий нарийн бичгийн дарга нарын 12 дахь удаагийн уулзалт болсон.Энэ уулзалтаар улс төрийн намууд дуу нэгтэйгээр сонгуулийн хуулийг өөрчилье гэсэн саналтай байсан.Бүх намаас нийлээд сонгуулийн хуулийг өөрчлөх ажлын хэсэг байгуулаад миний бие ахалж ажилласан.Өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр явж байгаа сонгуулийн хуулиас найман заалтад өөрчлөлт оруулъя гэсэн.Нэгд, хар машинаар санал тоолдгийг гараар давхар тоолдог болгоё.Гараар тоолохдоо камераар бичиж дэлгэцэн дээр сонгогчдод ил байлгая гэсэн санал дэмжигдээд явж байгаа.Мөн сонгуулийн хэсгийн хороо байгуулахад 70 хувьд улс төрийн намын төлөөлөл, 30 хувьд төрийн албан хаагч байлгая гэсэн санал дэмжигдэж байна.Энэ мэт асуудлыг багтаасан төсөл бэлэн болоод ирэх долоо хоногт өргөн барих гэж байна” хэмээн асуултад хариулсан юм.

Хэнтий аймгийн дөрөвдүгээр багийн иргэн Төмөртогоо эдийн засгийн байдал сэргэх үү гэж асуухад МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Монгол Улсын эдийн засаг маш хүнд байгаа.Энэ сүүлийн гурван жилд явуулсан буруу бодлогын үр дагавар ард түмний нуруун дээр ирж байгаа юм.Чингис бонд, Самурай бонд, Хөгжлийн банкны зээл гээд маш их мөнгийг 2012 онд гаргасан.Өнөөдөр энэ бүгд ард түмний амьдралд наалдсангүй.Цалин тэтгэврийг 8-11 хувь нэмсэн гэж байгаа.Гэтэл юмны үнэ 20-50 хувь өсчихөөд байна.Хөдөлмөрийн сайдын шийдвэрийг санаж байгаа байх.Өнгөрсөн жил цалин, тэтгэврийг 30 хувь нэмэгдүүлэх шаардлага гаргаж байсан.Өнөөдөр шинээр сонгогдсон хөдөлмөрийн сайд маань төрийн албан хаагчийн цалинг 30 хувь бууруулна гэсэн.Өөрөөр хэлбэл, монгол улс ард ирэдийнхээ цалин, тэтгэврийг тавьж чадахааргүй байдалд хүрч байгаа юм.Бонд оруулж ирээд ард иргэдэд нөлөөлсөнгүй.Оруулж ирсэн хэдэн хүний компани дэвжин дээшилсэн.Тэгэхээр бондын мөнгийг, төрийн банкны зээлийг зөв зарцуулж уу гэж шалгах ажлын хэсэг ажилласан.Намрын чуулганаар үр дүнгээ танилцуулах байх.Үүнд МАН эрс хатуу байр суурьтай байгаа.2017 онд бондын хүүнд 110 сая доллар төлөхөөр болсон.Бид жилдээ бүрэн дунд сургууль 100, хүүхдийн цэцэрлэг 300-г барих мөнгийг Чингис бонд, Самурай бонд, Хөгжлийн банкны зээлд зүгээр өгч байгаа юм” хэмээв.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “МАН унахаар ард түмэн дагаад унадаг.Энэ бичигдээгүй хууль.МАН үеийн үед ард түмнийхээ төлөө байж, улс орондоо таарсан бодлого явуулж чаддаг боловсон хүчнийг шилж сонгож төрийн удирдлагын түвшинд ажилд тавьдаг.Энэ нам унахаар улс төр хямардаг.Эдийн засаг, нийгэм нь хямардаг.1992 онд картын бараатай сонгуульд орж байсан.1996 онд картын бараанаас улс орныг гаргаад лангуу дүүргээд, хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна гэж ярьж байхад нэг удаа ялагдсан.Дөрвөн засаг солиод 2000 онд цалингаа тавьж чаддаггүй засгийг бидэнд хүлээлгэж өгсөн.2012 онд улсын эдийн засаг 17 хувийн өсөлттэй байхад эрх мэдэл шилжээд гуравхан жилийн дараа эдийн засгийн өсөлт гурван хувь руу орсон.Цалин өгөхөөр хүндрэл гарч байгаа учраас Ерөнхий сайд бүсээ чангал гэдэг үгийг хэллээ.Дотоодынхоо нөөц бололцоогоор зам тавихын оронд ямар ч урьдчилгаа тооцоогүй 1.5 долларын бонд оруулж ямар ч үйлдвэрлэл явдаггүй салбарууд руу цацаад дуусгасан.Улсын төсвийн 50 хувьтай тэнцэхээр хэмжээний мөнгийг 2017, 2022 онд төлнө гэхээр хүнд байдалд орно шүү.Үүний цаана сонгогчдын өөрсдийнх нь хариуцлага.Энэ төрийг сонгогчид бүрдүүлсэн” хэмээсэн юм.Энэ хурлын үеэр орон нутгийн МАН-ын гишүүдээ одон медалиар шагнаж урамшууллаа.

Иргэдийн санал асуулгаар сонгогчид үнийн өсөлтийг зогсоож цалин тэтгэврийг нэмж өгөх, ахмадын зээлийн хүүг бууруулж өгөхийг хүсч байв.2012 оны сонгуулийн өмнө биднээс ноолуурыг маань ченж нар гуйж ирээд 90 мянган төгрөгөөр авдаг байсан.Энэ жил бид ченж нарыг өөрсдөө гуйж байгаад 50 мянган төгрөгөөр өглөө хэмээн ярьж байв.Оюутны төлбөр 2-3 сая болчихлоо хэмээгээд үүнийг тогтоож өгөхийг хүсэв.

Иргэд өршөөлийн асуудлаар нухацтай хандаж зарим хүмүүс жагсаал цуглаан хийвэл буугаа бариад очно гэж ярьж байгаа нь өнөөдрийн иргэдийн амьжиргаа, нийгмийн бухимдал ямар байна вэ гэдгийг харуулна гэж МАН-ынхан ярилаа.МАН цөөнх улсын их хурлын сөрөг хүчний хувьд иргэдийнхээ санал санаачилгыг биелүүлэх болно.Намрын чуулган эхэлхэд иргэдийн захиасыг биелүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ МАН-ын гишүүд онцолж байв.

Хан Хэнтий аймагт 2013 оны төсвөөр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн санаачилгаар Баян-Адарга суманд нэг тэрбум төгрөгөөр бүжгийн заал, дуу бүжгийн дугуйлангийн өрөө, бэлтгэлийн өрөө, техникийн өрөө, музей, номын сан зэрэг цогц соёлын төв барьж байгаа аж. Мөн Өмнөдэлгэр суманд сургуулийн дотуур байр барьж аравдугаар сард нээлтээ хийх юм байна.

Баян-Адарга суманд ажиллах үед Засаг даргын тамгын газрын жижүүр Д.Чимэдболдынхоор орсон юм. Тэрээр долоон хүүхэдтэй бөгөөд гурав нь хотод суралцдаг юм байна. ШУТИС-ийн барилгын инженерийн гуравдугаар курсын оюутан Түвшинбаатарын төлбөрийг төлж чадахгүй байгаагаас жилийн чөлөө авсан байжээ. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, бага хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар хүүгийн сургалтын төлбөрийг төлөхөөр болсон сайхан үйл явдал болсон юм.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.