МХЕГ өнгөрсөн гуравдугаар сараас “Зөвлөгөө мэдээллийн төв”-ийг нээн ажиллуулж байгаа. “Зөвлөгөө мэдээллийн төв”-ийн чиг үүрэг, өдөр тутмын ажлын талаар МХЕГ-ын Олон нийттэй харилцах ажилтан Т.Балжиннямаас дараах тодруулгыг авснаа хүргэж байна.
– МХЕГ-аас Зөвлөгөө мэдээллийн төвийг байгуулах болсон шалтгаан?
– Энэ оны гуравдугаар сард МХЕГ-ын даргын тушаалаар “Зөвлөгөө мэдээллийн төв”-ийг байгуулахаар болж, тусгайлсан журам боловсруулсан. Уг журмын дагуу дөрөвдүгээр сараас хойш Зөвлөгөө мэдээллийн төв үйл ажиллагаа явуулж байна. Энэ төвийг байгуулах болсон гол зорилго буюу шалтгаан нь иргэн, ААН-д байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, зөвлөгөө мэдээлэл өгөх явдал. Тус төвөөр дамжуулан иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай чирэгдэлгүй хүргэх, нэг цэгээс үйлчлэх боломжийг нээн ажиллаж байна. Мөн Засгийн газраас үүрэг чиглэл өгсний дагуу иргэд, байгууллагуудад зөвлөн туслах, илүү ил тод нээлттэй байх гол чиг үүргийг зөвлөгөө мэдээллийн төвөөрөө дамжуулан хүргэж байна.
– Зөвлөгөө мэдээллийн төвийн ажлын чиг үүргийн тухайд?
– Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэг нь өөрөө олон хууль, дүрэм, журам, стандартын
хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг. Энэ утгаараа нэлээд олон чиглэл хамардаг байгаа. Тэгэхээр хамардаг чиглэл бүрээ нэгтгээд, иргэдээс ирэх гомдол санал, хүсэлтийг энэ төвөөр дамжуулан авч байна. Гомдол санал, хүсэлт авахын зэрэгцээ иргэдэд зөвлөгөө өгөх, олон нийтэд мэдээлэл түгээх үүрэг давхар хүлээн ажилладаг. Иргэд, ААН-үүдээс ирсэн санал гомдлыг бид тухайн хамрах газарт шилжүүлэн, шийдвэрлэлтийг эргүүлэн мэдэгдэх замаар Нэг цэгийн үйлчилгээг хүргэж байгаа. Мөн бүх ирсэн явсан бичгүүд цахим хэлбэрээр энд хадгалагдаж үлддэг. Иргэд хэзээ ч хамаагүй эргэн лавлагаа болох боломж нь бүрдсэн гэсэн үг.
– Ажлын ачааллын хувьд?
– Зөвлөгөө мэдээллийн төв байгуулагдсан цагаасаа хойш сард дунджаар 1200 орчим хүнд үйлчилж байгаа. Өдөрт 50-70 иргэн өөрийн биеэр ирж, манай зөвлөгөө мэдээллийн төвөөр ирж үйлчлүүлж байна. Мөн энэ төв ажлын үндсэн чиг үүргийнхээ хүрээнд МХЕГ-ын 1800-1286, 264786 утсуудаар сард 60 гаруй санал, хүсэлт, гомдол хүлээн авдаг. Үүнээс гадна утсаар сард 100 гаруй иргэн, ААН-д зөвлөгөө, мэдээлэл өгөх замаар зөвлөн туслаж байна. Жишээлбэл, хувь хүн нохой, муураа авч гадаад явахдаа шууд л нисэх дээр очоод асуудал үүсдэг. Тэгвэл иргэд энэ төрлийн мэдээллийг зөвлөгөө маягаар утсаар авч болохоос гадна өөрийн үеэр ирж лавлаж, тодруулах боломжтой болж байгаа юм.
ААН-үүд бүтээгдэхүүн импортлох, экспортлох гэрчилгээг манай төвөөр дамжуулаад авчихаж байгаа.Заавал нэг бичиг бариад, байцаагчтай уулзаж, өрөө өрөөгөөр явах шаардлагагүй болсон гэдгийг хэлмээр байна. МХЕГ дотоод сүлжээгээрээ дамжуулан тухайн иргэний асуудал ямар байцаагч дээр, шийдлийн ямар түвшинд явж байгааг харах боломжтой. Бичгээр эргээд хариуг нь уламжлах, албан бичгүүдийг өгөх ажлаа журмынхаа дагуу хийгээд явж байна.
– Иргэдийн зүгээс ирдэг нийтлэг гомдол, зөвлөгөө авахыг хүсдэг сэдвийн тухайд?
– Ихэвчлэн хилээр бүтээгдэхүүн экспортлох, импортлохтой холбоотой асуултууд их байдаг. Харин гомдлын тухайд цайны газар, хүнсний дэлгүүрт муудсан, хөгцөрсөн, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн зарж байна, шалгаж өгнө үү гэж ханддаг даа. Зөвлөгөө мэдээллийн төв нээгдснээр иргэд утсаар зөвлөгөө, мэдээлэл авч байгаадаа нэлээд сэтгэл хангалуун байгаа.
– Чиг үүрэгт хамаарахгүй гомдол хүсэлтүүд ирсэн тохиолдолд хэрхэн зохицуулдаг бэ?
– Мэргэжлийн хяналтын байгууллага хэдийгээр олон хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангуулахад хяналт тавьж ажилладаг хэдий ч манай чиг үүрэгт хамаарахгүй асуудлууд бас бий. Тухайлбал, үнэ тарифтай холбоотой эсвэл зөөгч, үйлчлэгч нь муухай ааштай гэхчлэн асуудлууд тасрахгүй. Бас найман нэрийн дэлгүүрийн тусгай зөвшөөрөл авъя гээд ирэх ч хүн байдаг. Эдгээр чиг үүрэгт хамаарахгүй асуудлууд, хаана хандах тухай жагсаалтаар гаргаж, Зөвлөгөө, мэдээллийн төвийн Мэдээллийн самбарт байршуулсан. Иргэд төвөөр үйлчлүүлэхдээ мэдээллийн самбар үзэж болно. Бас мэдээллийн самбарт байгууллагын үйл ажиллагаа, ил тод байдал, төсөв, санхүү, хүний нөөц зэрэг мэдээллийг байршуулсан байгаа. Түүнээс гадна өөрийн сонирхсон асуудлын талаар иргэд цахим самбараас мэдээллээ авах боломжтой.
Мөн Зөвлөгөө мэдээллийн төвөөс MGL радио FM102.1 – тэй хамтран “Мэргэжлийн хяналтаас зөвлөж байна” радио нэвтрүүлгийг тогтмол явуулж байна. Энэ шууд нэвтрүүлэг бөгөөд дугаар бүртээ тухайн цаг үеийн чухал сэдвийг хөндөж, хэлэлцэн мэдээлэл, зөвлөгөө өгдөг. Сонсогчид утсаар шууд холбогдож асуух зүйлээ асуудаг. Ер нь Мэргэжлийн хяналтын байгууллага аль болох нээлттэй, зөвлөгөө өгдөг, хууль, эрхзүйн талаар тайлбарлан таниулдаг, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг болж байна. Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжид мэдээлэл өгч, зөвлөгөө өгөх замаар асуудлыг нь шийдэхэд Зөвлөгөө мэдээллийн төв туслах зорилт тавин ажиллаж байгааг онцлоё.
– Ярилцсанд баярлалаа.