Монгол хэмээх улсыг одоогоос гурван жилийн өмнө дэлхийн улс орнуудын авлигын жагсаалтыг гаргахад 94-т эрэмбэлэгдэж байсан. Тэгвэл үүний дараа буюу 2013 онд авлигад идэгдсэн орнуудын жагсаалтын хоёрдугаар байрыг эзэлсэн. Харин өнгөрөгч онд 80-д жагсчээ.
Тэгвэл авлигад идэгдсэн улсын тоонд хэрхэн багтдаг болохыг харуулсан жишээ гэмээр үйл явдал сүүлийн өдрүүдэд болж өнгөрөв. Тодруулбал, “Эксклюзив” компанийн захирал Г.Майцэцэг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт өнгөрсөн зургаадугаар сарын дугаарт оролцож өөрийнхөө компанийн талаар дэлгэрэнгүй хуучилсан билээ.
2009 онд монголын оёмол бүтээгдэхүүний зах зээлд цоо шинэ нэгэн “Монгол брэнд” мэндэлсэн нь Exclusive байсан юм. Гэтэл өнөөдөр дампуурлаа зарлаж үүдээ барих дээрээ тулсан. Үүний гол шалтгаан нь татварын дарамтанд орсон явдал. Дараах бичлэгээс хэрэг үйл явдлын учиг тайлагдана.
ХУД-ийн Татварын хэлтсийн хуулийн зөвлөх Э.Оргилмаагийн хэлснээр “2013 оны арванхоёдугаар сард 150 сая төгрөгийн нөхөн акт буюу алданг тавигдсан. 20 сая төгрөг нь тайлангийн өр. Нийтдээ 174 сая 659 мянган төгрөгийн татварын өртэй” аж. Энэ бүхнээс үүдэн 2014 оны гуравдугаар сард тус компанийн дансийг холбогдох хуулийн дагуу хаажээ. Энэхүү татварын акттай холбоотой асуудлаар тус компанийн зүгээс АТГ болон шүүхт хандсан ч өнгөрсөн зургадугаар сард татварын актыг хууль ёсны гэж шүүхээс үзжээ.
Харин тус компанийн захирал Майцэцэг “Чингис бондоос 750 сая төгрөг авсан. Энэ мөнгийг авахын тулд 4 дахин илүү мөнгийг “Голомт” банкинд тавьсан” гэдгээ хэлэв. Тэрбээр татварын өрөө төлөхийн тулд дансаа нээлгэхээс гадна тодорхой графикийн дагуу төлөхийг хүсээд байгаа гэнэ. Харин манай улсад татварын тогтолцоо нь буруу явагдаж байгаа нь энэ мэтчлэн компаниуд үүдээ барьж буй бололтой.
Гэрэл зургийг www.mpa.mn-c
Ийнхүү Г.Майцэцэг өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гаригт 3,4-р хорооллын “Номин” их дэлгүүр, Хүннү моллд байрлах салбартаа 120 сая төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнээ иргэддээ үнэгүй тараах талаараа олон нийтийн сүлжээгээр мэдэгдсэн.
Уг зарын дагуу тус компанийн хоёр салбар дээр олон хүн цуглаж “үнэгүй хувцас” тараахыг хүлээн жагслаа. Эхэндээ эмх цэгцтэй жагссан иргэдийн тоо нэмэгдсэнээр эмх замбараагүй байдал үүсэн цагдаа нар цахилгаан бороохойгоо ашиглаж иргэдийг таарах арга хэмжээ авсан ч нэгэнтээ ирсэн иргэд тарж өгөхгүй байв. Харин Хүннү моллын гадаа мөн нэлээдгүй иргэд цугласан ч онгойхгүй болсныг мэдээд тэр даруйдаа тарцгаасан юм. Үнэгүй бараа авна гэсэн иргэд “Бид өнөөдөр цалин мөнгө хаанаа ч хүрэлцэхгүй байна. Ганц, хоёр өмсөх юм авчихья л гэж өглөө эрт ирлээ” хэмээцгээж цагаан хоолойгоор бараа тараахгүй болсон тарцгаана уу гэхэд ихэд бухимдацгаав.
Үүний дараа “Эксклюзив” компанийн албан ёсны цахим хуудаст “Жексон АМЬД гэдэг шиг #exclusive АМЬД. Бид дампуураагүй буруу ойлголт санаатай санамсаргүй тарааснаар ХҮССЭНДЭЭ ХҮРЧ чадсангүй. 120 сая төгрөгний бараа бүтээгдэхүүнийг өгөхөөсөө харамласан зүйл байхгүй. Гэхдээ ҮНЭГҮЙДҮҮЛЖ өгөхийг хүсэхгүй байгаа учраас 19, 20 ны үйл ажилагааг албан ёсоор цуцалсан. Цаг заваа гарган ирсэн ТА бүхнээсээ УУЧЛАЛТ хүсэж байна” гэж мэдэгдэл тавилаа.
Ганцхан өдрийн үйл явдлаас хүүрнэхэд ийм байна. Энэ нь манай улсын эдийн засаг хүндэрч, иргэд нь ядуурч буй нь тод илрэл юм. Нөгөөтэй-гүүр үндэсний үйлдвэрлэлээ дэмжин гэж сүржин уриалга гаргасан ч амьдралын хөрсөн дээр буухгүй байгаа нь томоохон жишээг ганцхан компани харуулчихлаа.