Comment.mn

4 тонн нүүрсэнд дарагдаад зургаан цагийн турш амьд байжээ

Хачин шүү, хүн гэдэг амьтан. Хорвоогийн жам ирээд үхэл чангаах үед чадлынхаа хэрээр л тэмцдэг мөртлөө тэр цаг үргэлж хажууд байгааг мэдэхгүй, бүр мэдэрсэн ч мэдээгүй дүр эсгэдэг нь хачирхалтай…
Говьсүмбэр аймгийн Чойрт томилолтоор ажиллаад ирлээ. Өнгөрсөн сарын 15-нд 12:05 цагийн үед Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэст “Шивээговь сумын хоёрдугаар баг 21 дүгээр зөрлөгт ачааны вагонд нүүрсэнд хоёр хүн дарагдсан байна” гэх дуудлага иржээ. Цагдаагийнхан уг дуудлагын дагуу очиход нүүрсэнд дарагдсан иргэдийг төмөр замын ажилчид гаргасан байсан гэнэ. Хоёр иргэнийг Чойр техник үйлчилгээний газрын вагон үзэгч, засварчин ажилтай Ж.Гансүх анх илрүүлж, амийг нь аварсан байна. Мэдээллийн мөрөөр тус үйл явдлыг сурвалжилснаа хүргэж байна.

Ж.Гансүх: Юу хийж явсан юм бэ л гэж асуумаар байна
Говьсүмбэр аймгийн Чойрт очив. Хоёр иргэний амийг аварсан Ж.Гансүхийн ажлын газар нь тодорхой учраас түүнийг олох хэцүү биш байв. Ингээд түүнтэй уулзаж, болсон үйл явдлын талаар ярилцлаа. Ажлын өдрөө вагон шалгаж 20 гаруй км алхдаг түүний хувьд ээлжээ хүлээж аваад, жирийн л нэг ажлын өдрөө эхлүүлээд байсан гэнэ. Тухайн үед хүний амь аварна чинээ бодох нь байтугай төсөөлөл ч үгүй байсан түүний хувьд аварсан хүмүүсийнхээ нэрийг нь мэдэж чадаагүй ч “Хамгийн гол нь хүний амь чухал. Хүний амь аварна гэдэг буянтай ажил шүү дээ” хэмээн инээмсэглэн ярив.-Хоёр иргэний амь насыг аварсан байна. Баяр хүргэе.
-Баярлалаа.

-Тухайн үед болсон үйл явдлыг ярьж өгөөч?
-Наймдугаар сарын 15-ны өдөр уурхайн ачилтаас 26 вагон гарч ирсэн. Манай 21 дүгээр зөрлөг дээр 11 цаг өнгөрч байхад авч ирж тавьсан юм. Би нечодны явуулчихаад 26 вагоноо үзэж эхэлсэн. Сүүлээс нь буюу Сайншандын талаас үзээд явж байтал найм дахь вагоны харалдаа хүний ёолох бөглүү дуу гарсан. Тухайн үед ойлгоогүй учраас вагон доогуур хүн чирэгдээд ороод ирчихсэн байна гэж бодсон. Тэгээд вагон доогуур харсан юу ч байгаагүй. Гайхаад сайн сонссон чинь “Үхлээ” гээд ёолоод байсан. “Хэн бэ” гэсэн чинь “Хүн байна аа, амь авраач” гэсэн. Надтай хамт найруулагч хамт явж байсан учраас түүнд би хандаад “Миний дүү дээшээ авираад хар даа” гэсэн чинь харчихаад “Юу ч алга” гэсэн. Сонсоод байсан яах аргагүй вагон дотор дуугарч байсан. Ингээд станцаар жижүүр рүү “Цагдаа, эмнэлэг, онцгой байдал дуудаарай. Нүүрсэнд хүн дарагдсан байна” гэж хэлсэн. Яг тэр үед сэлгээ вагоноо тавих гэж явж байсан машинист хажууд зогсоод түлхүүр багаж гаргаж өгсөн. Бид хэд нийлээд люкээ онгойлгож хоёр хүнийг гаргаж авсан. Тэр хоёр их азтай. Яг люкэн дээр хэвтэж таарсан. Хоёр люкний голд нь байсан бол аль нэгийг нь онгойлгоход нүүрс дээрээс асгараад тэр хоёрын нуруу, ууц хугарах эрсдэлтэй байсан. Зургаа, долдугаар люкийг онгойлгоход нүүрстэй хамт унаад ирсэн.
-Нэг вагонд хэдэн тн нүүрс ачдаг юм бэ?
-65 тонн. Эзэлхүүнээр нь бодвол тэр хоёрын дээрээс дөрвөн тонн орчим нүүрс дарж байсан гэсэн үг л дээ. Тэр хоёрыг гаргаж авах гэж вагонд ачсан тал нүүрсийг нь буулгасан. Ээлжийн ажилчид бүгд л оролцсон. Тэр хоёрыг аврахын тулд аль болох хурдан ажиллах гээд бид гараараа хүртэл нүүрсийг самардсан.

-26 вагонд нүүрс ачихын тулд хэр хугацаа орох вэ. Бас хэр нягтаршилтай ачигддаг юм бэ?
-Тэр шөнө 04 цагийн үед уурхайд оруулсан вагон гэсэн. 26 вагоныг таван цаг гаруй хугацаанд ачдаг. Эхний найман вагоныг нэг цаг орчим хугацаанд ачина. Нүүрсний нягтаршил тэр үед гайгүй байсан. Хэрэв хол явсан бол явдалдаа чигжигдэнэ л дээ.

-Үүрийн 05 цагийн орчим тэр хоёр нүүрсэнд дарагдсан гэхээр таныг олж илрүүлэх хүртэл зургаан цаг орчим нүүрсэн дор байсан гэсэн үг үү?
-Тэгж л таарч байгаа юм.

-Эхний долоон вагонд нүүрс ачиж байхад дуу чимээ гарна биз дээ?
-Уурхай их дуутай. Ямар сайндаа л зөрлөг дээр ирээд дуу чимээ бага байхад тэр хоёрын дууг сонсох вэ дээ.

-Тэгвэл тэр хоёр хүн согтуу байсан юм уу?
-Вагоноос гаргаж авахад архи үнэртэж байсан. Тэр хоёрыг гаргаж авахад пиво, цэвэр ус, хөнжил, нэг цүнхтэй юм байсан. Бодвол хувцас л байх. Сүүлд нь хүмүүсээс сонсч байхад хоосон вагон дээр Улаанбаатараас сууж ирсэн юм шиг байна лээ. Хөнжил хүртэл нөмөрчихсөн бэлтгэлтэй байсан нь ч үүнийг баталж байгаа юм.

-Галт тэрэг Улаанбаатараас ирээд ачилтанд орохгүй өртөөн дээр хэр уддаг юм бэ?
-Улаанбаатараас ирсэн л бол хурдан хугацаанд ачилтад оруулна. Удах тусам алдагдалтай.

-Түргэн тусламж, цагдаа, онцгой байдал хэзээ ирсэн бэ?
-Түргэн тусламж Шивээговь сумаас ирсэн болохоор маш хурдан ирсэн. Цагдаа, Онцгой байдлынхан Чойроос очсон болохоор жаахан удсан.

-Хоёр иргэнийг гаргаж ирэхэд биеийн байдал нь ямар байсан бэ?
-Гаргаж ирээд хөдөлгөөгүй. Дээш нь харуулаад хэвтүүлсэн. Шоконд орсон байдалтай, хамаг бие нь нүүрс болчихсон байсан. Нэг нь “Үхлээ, ус” гээд байсан. Нөгөөх нь ч дуугарч чадахгүй байсан. Цагдаа нар ирээд хаанахынх вэ гэхэд нь “Хоёулаа Чойрынх” гэж хэлсэн.

-Та тэр хоёр хүнтэй дахиж таарсан уу?
-Таараагүй. Нэгийнх нь ах саяхан таараад “Дүүгийн минь амийг аварсанд баярлалаа” гэж хэлсэн. Өөрсдөө ирээгүй ч ах нь баярласнаа хэлсэнд би ч гэсэн баярлаж л байна. Хүний амь аврах чинь өөрөө буянтай ажил шүү дээ. Тэр хоёртой таарвал “Юу хийж явсан юм бэ” л гэж асуумаар байна.

-Тухайн үед хүний амь аварч байгаагаа ухаарах сөхөө байсан уу?
-Тэр хоёрыг амьд гаргах гээд л сандарч байсан. Хамгийн гол нь хүний амь чухал.

-Хэрэв тухайн үед та тэр хоёр хүнийг тэнд байгааг сонсоогүй явуулчихсан бол яах вэ?
-Нүүрстэй вагон Улаанбаатар хүртэл 10 гаруй цаг явна. Тэр хооронд нүүрсэнд даруулсан хүн тэсэхгүй. Шивээговиос ачигдсан нүүрс ТЭЦ-4-т очдог. Тэнд хэрэв ачигдаад оччих юм бол станцад оруулаад вагоныг шууд хөмөрчихдөг. Тэр нүүрсний хөө бургидас дотроос хоёр хүнийг олж чадахгүй. Тэгээд л зууханд орчих байсан байх.

-Та УБТЗ-д хэдэн жил ажиллаж байна вэ?
-20 гаруй жил ажиллаж байна. Чойрын ТҮГ-т ажиллаж байгаад Шивээговьд ирж ажиллаад жил гаруй болж байна.

-Энэ 20 гаруй жилийн хугацаанд ажиллахдаа хоёр хүний амь аварлаа. Вагон үзэгчид томоохон гэмтэл илрүүлснээрээ бахархдаг. Таны хувьд илрүүлж байсан хамгийн том гэмтэл юу вэ?
-Миний хувьд нэг их том гэмтэл илрүүлж байсангүй. Вагоны далд гэмтэл илрүүлбэл томд тооцогддог. Техник учраас байнга л эвдэрч гэмтэнэ. Өргөн гүүшин, авто угсрааны гэмтлүүд илрүүлж байсан.

-Та Төмөр замын мэр­гэж­лийг анх яагаад сонго­сон юм бэ?
-Аав, ээж хоёр маань насаараа төмөр замд ажилласан хүмүүс л дээ. Тэгээд тэднийхээ мэргэжлийг өвлөөд л төмөр замд орсон хэрэг.

2015 оны наймдугаар сарын 15-ны өдөр 11 цаг 50 минут.

Б.Ихбаяр, Ц.Батболд нарыг вагоны VI, VII люкийг онгойлгож гаргав.


Хоёр иргэн Чойрынх гэж цагдаад мэдүүлжээ.


Хоёр иргэнийг Улаанбаатар руу өдөрт нь явуулсан байна

Ингээд Ж.Гансүхтэй ярилцаж дуусаад Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийг зорив. Нүүрсэнд дарагдсан хоёр иргэнийг эмчилсэн Мэс заслын их эмч У.Ариун-Эрдэнэтэй уулзав. Түүнээс хоёр иргэний талаар бага ч гэсэн мэдээлэл авсан юм. 38 настай Батаа овогтой Ихбаяр найз 37 настай Цэнджавын Батболдын хамт явсан байна. Тэдний эмнэлэгт хүргэгдэн ирэх үеийн биеийн байдлын талаар их эмч У.Ариун-Эрдэнэ “Тэр хоёр нүүрсэнд даруусан учраас бүх бие нь хөө болчихсон байсан. Тиймээс угааж цэвэрлээд оношлогоо хийсэн. Бага зэргийн согтолттой байсан. Өөрсдөө толгой хүзүү өвдөж байна гэсэн. Манайх зөвхөн рентгенээр үздэг учраас нүдэнд харагдах зүйлийг л мэднэ үү гэхээс дотуур гэмтлийг илрүүлэх аргагүй. Тиймээс нэгийг нь толгойндоо гэмтэл авсан байж магадгүй, нөгөөг нь ч хүзүү нь хугарсан байж болзошгүй гэсэн оноштойгоор Улаанбаатар руу КТГ-ийн шинжилгээ өг гээд явуулсан. Тухайн үед нэг нь юм ярихдаа зовиуртай байсан. Нөгөөх нь бол сэргэлэн цовоо байсан. Шинжилгээ өгөөд ирэхэд нь зургийг харахад ноцтой гэмтэл байгаагүй. Зөөлөн эдийн гэмтэл, яс хугарсан зүйл байсан учраас хэвтэж эмчлүүлэх шаардлагагүй. Гэрээр эмчилгээ бичиж өгөөд явуулсан. Түүнээс хойш дахиж ирээгүй” гэв.
Гэмтлийн эмч “Тэр хоёр иргэнийг дөрвөн тонн орчим нүүрсэнд даруулсан гэхэд итгэмээргүй. Аз таарч л амьд гарсан байх” хэмээн гайхаж сууна лээ. Эрүүл мэндийн төвөөс хоёр иргэний ар гэрийнхний утсыг авсан учраас холбогдов.

Сураггүй алга бологсод…

Цэнджавын Батболдын хувьд айлын таван хүүхдийн нэг аж. Хоёр охин, гурван хүүтэй айлын бага хүү гэнэ. Одоогоор Чойрт 73 настай ээж Д.Баасанжавын хамт амьдардаг бөгөөд ямар нэг эрхэлсэн ажилгүй гэсэн. Түүний ээж Д.Баасанжавтай холбогдлоо.

Б.Ихбаярын нэг хавирга нь хугарч, аарцагны яс нь цуурсан гэж оношилжээ. Ц.Батболдын аман хүзүүний яс нь цуурсан гэмтэлтэй байв.


-Таны хүү Ц.Батболд өнгөрсөн сард вагонд нүүр­сэнд даруулсан байна. Энэ талаар лавлах гэсэн юм…

-Тийм ээ. Тухайн үед би Улаанбаатарт байсан. Нэг охиныхоо хүүхдийг хардаг учраас ирэн очин байдаг. Над руу эмнэлгээс яриад “Хүү чинь нүүрсэнд даруулаад эмнэлэгт хүргэгдсэн байна. Биеийн байдал нь муу байна” гэсэн. Би суудлаар ирээд шууд эмнэлэг рүү очсон. Хүүгийн маань бүх хувцсыг хайчлаад хаячихсан байсан. Хөдөлж чадахгүй их зовиуртай л байсан.

-Аймгийн эмнэлгээс хүүгээ хот руу аваад яв гэсэн юм билээ?
-Тэгсэн. Одоо наад хоёр хүнээ хот руу аваад явахаас өөр аргагүй гэсэн. Тэгээд хоёр айл нийлээд такси хөлслөөд явах гэтэл эмнэлгээс “Хамаагүй тэгж авч явж болохгүй. Заавал эмнэлгийн машинаар авч яв” гэсэн. Ингээд хоёр айл 80, 80 мянган төгрөг нийлүүлж өгөөд нэг эмчтэй хамт хоёр хүүгээ аваад хот руу явсан.

-Хотод очоод шууд гэмтлийн эмнэлэг рүү явсан уу?
-Нэлээн орой очсон л доо. Манай хүүгийн хувьд гурван зураг авхуулсан нь 300 гаруй мянган төгрөг болсон. Мөн “Мөнгөн гүүр” гэж эмнэлэгт нэг шинжилгээ өгсөн. Тэр нь 20 мянган төгрөг болсон. Хотын эмч нар зургийг нь үзээд гайгүй, орон нутаг руугаа яв гэсэн. Мөнгөгүй явсан учраас Чойроос биднийг авч явсан түргэний машинаа хүлээлгэж байгаад маргааш нь хамт ирсэн. Хэрэв тэр машин яваад өгвөл бидэнд зардлын мөнгө байгаагүй.

-Орон нутгийн эмнэлэг эмчилгээ хийсэн үү?
-Манай хүүгийн аман хүзүү нь цуурсан гэсэн. Бартай лент наачих гэж эмч хэлсэн. Тэрийг нь наагаад хэд хоноод зүгээр болчихлоо л гэж байсан.

-Вагон дээр хэзээ гарсан гэдгээ хэлсэн үү, танд?
-Үгүй ээ. Тэр талаар ёстой яриагүй.

-Танай хүүг вагон үзэгч Гансүх гэж хүн аварсан юм билээ…
-Ёстой мэдээгүй…

Д.Баасанжавтай хүүгийнх нь талаар ийн ярилцаад очиж уулзах гэсэн боловч тэрээр дургүйлхсэн юм. Ц.Батболдын талаар асуухад “Хоёр өдрийн өмнө гэрээ хараад үлдсэн. Би өнөө өглөө хотоос ирлээ. Намайг ирэхэд гэртээ байгаагүй. Хаагуур яваа юм бүү мэд” гэв. Ядаж зургийг нь авч болох уу гэхэд “Манай хүүхэд зургаа авахуулдаггүй” хэмээн цааргалсан.

Ц.Батболдтой хамт явсан Батаагийн Ихбаяртай ч мөн бид уулзаж чадсангүй. Тэрээр долоон хүүхэдтэй айлын хамгийн том нь бөгөөд эхнэрээсээ салаад удаж байгаа гэсэн. Ачааны машины жолооч түүний хувьд одоогоор эрхэлсэн ажилгүй юм билээ. Түүний дүү Б.Энхбаярын дугаарыг олж холбогдоход “Чойрын Гаалийн баталгаат агуулах дээр хүрээд ир” гэв. Тэрээр биднийг очиход нагац эгч О.Оюун-Эрдэнийн хамт гарч ирсэн.

-Ихбаяр одоо хаана байгаа вэ?
О.О: -Улаанбаатар явсан.

-Холбогдох дугаар бий болов уу?
Б.Э: -Байхгүй ээ. Утасгүй. Саяхан ярьж л байсан.

-Ах тань нүүрсэнд даруулсан гэдгийг хэзээ мэдсэн бэ?
Б.Э: -Наймдугаар сарын 15-ны өдөр 12 цаг өнгөрч байхад эмнэлгээс ярьсан. Яваад очтол нүүрсэнд даруулсан. Хот руу явуулах шаардлагатай гэсэн. Бид мөнгө төгрөгөө нийлүүлж байгаад л хот руу аваад явсан. Олон шинжилгээ хийлгэж, зураг авахуулсан. Өндөр үнэтэй юм билээ.

-Таны ахын хувьд хэр зэргийн гэмтэлтэй байсан бэ?
Б.Э: -Хавирга нь хугарсан, аарцагны яс цуурсан гэсэн. Гэрээр эмчлүүлж болно гэсэн.

-Одоогоор биеийн байдал нь ямар байгаа бол?
Б.Э: -Саяхан утсаар ярихад нь асуухад зүгээрээ л гэж байна лээ.

-Таны ахыг вагон үзэгч Гансүх гэж хүн аварсан юм билээ…
Б.Э: -Манай ах болон найзынх нь буруу л даа. Гэхдээ уурхайнхан болон төмөр замынхан ачаа ачихдаа вагоноо шалгах ёстой. Гэтэл шалгаагүй юм билээ.

-Би хэний буруу зөв гэдгийг ялгаж салгадаг хүн биш л дээ. Зүгээр ахыг чинь Гансүх гэж хүн аварсан юм байна. Санаа, сэтгэгдэл байна уу л гэж асуусан юм…
О.О: -Саяхан “ТВ коммент”-оор галаас хүний амь аварсан хүний тухай яриад байсан. Тэрэн шиг л сонин дээрээ бичих гэж яваа юм байна л даа.
Б.Э: -Тийм хүн аварсан гэж мэдээгүй.

-Ихбаярын зургийг авч болох уу?
О.О: -Зураг гэж байдийм уу…
Б.Э: -Уг нь байгаа л даа. Даанч би одоо ажилтай байна. Өгөх боломжгүй.

Б.Ихбаярын дүүтэй ийн ярилцаад буцав. Үхэлтэй нүүр тулан байж авруулсан хоёр баатартайгаа уулзаж чадсангүй. Гэр бүлийнхэн нь ч тэдний амийг аварсан хүний талаар мэдээлэлгүй сууна. Аварсан хүнд нь талархал илэрхийлэх байтал гаргасан мөнгө, төгрөгөө ярьж сууна лээ. Хэрэв тэр хоёрыг вагон үзэгч Ж.Гансүх сонсоогүй явуулчихсан бол гэж бодоход хөндлөнгийн надад ч аймшигтай зураг үзэгдэнэ. Уг нь долоохон оронтой тоогоор хэмжигдэх гуравхан сая монголчуудын хоёрынх нь амь юмсан гэж бодоход хайран. Хачин шүү, хүн гэдэг амьтан…
Эх сурвалж: www.assa.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.