Comment.mn

Б.Лхагвасүрэн: ТӨРИЙН ДЭЭДСҮҮДЭД ИЛГЭЭХ ЗАХИДАЛ

Lhagwasuren

Захидал гэдэг уг нь амар мэндийг эрж эхэлдэг шиг санагдана. Гэтэл би тэгж бичиж эхлэх гэсэн чинь яагаад ч юм болж өгдөггүй ээ!

-Юу л болж байна даа! “Дэндүү зоргоороо” дээдэс минь гэж захидлаа эхлэе. Бичсэн захидал ихэнх тохиолдолд хариу нэхдэг. Миний бичсэн “тэнэг” захидалд та нар хариу өгөхгүй л дээ! Тийм зав, сэтгэл хоёр та нарт байхгүй. Хойшид хийх бүтээх ажил чинь миний захидлын хэсэг бусгийн хариу болох болов уу? гэж бүдэг найдна.

Надад: Энэ үед энэ хүн юу дуугарах бол? гэж хүлээх цөөхөн хэдэн уншигч түмэн байдаг юм. Та нар уншдаггүй юм аа! гэхэд тэр хэд минь уншиг дээ! гэж бодлоо.

Даанч дээ! гэсэн цөхрөл, мухардал, бухимдал энэ захидлыг надаар бичүүлсэн.

Сүмийн гадаа нохой хуцахыг, сүмийн дотор үл сонсоно… гэдгийг мэддэг атлаа… бие, сэтгэлээ татаж эс чадав.

НЭГЭН ЗҮЙЛ

Шүүгчгэдэг ярьдаг хууль

Хуульгэдэг ярьдаггүй шүүгч…”

Цицерон (Марк Тулли)

(106-43 он МЭӨ)

“Гэмт” хэн боловч “зэм” эдэлдэг, жам ёс хууль дүрэм долингоршихоор засаглал ийм болдгийг өнөө цагт бидний монголчууд эдэлж байна. Аливаа буруу дараа нь ялгүй байдгийг анзаарсан хүмүүст, буруугаас айх айдсын хэмжээ, хүн ёсны хэмжээ үгүй болж, ичгүүр сонжуургүй зэрлэгшилд идээшдэг… Ийм үед буруугийн “зөв”-д багтаж зэм шийтгэлд үл өртөх дөт зам “дархлаа” эрх мэдэлт дээдсүүдэд илүү оногддог…

Ийм тохиолдолд доодос эгэл хүмүүс зэмийг “олон дуслаар” эдэлнэ…

Алаггүй хууль, авлигагүй засаглалыг ард түмэн хүсч байгаа ч, энэ хүслийнхээ мөн чанарыг үзэх битгий хэл мөрөөдөөд ч хэрэггүй боллоо.

Цуурайтсан хэрэг дуулиан элэрч алга болох нь эгэл хүмүүсийн эгдүүг хүргэнэ…

Эцсийн эцэст, бүгд холбогдохын учир, хорыг нь гаргаж, илрүүлж байна… гэсэн “ховс” үйлдэж, “золиос”-оо эргэж авардаг нэгэн зүйлийн “дом” юм бол уу? гэж бодогдоно…

Тэдний шархыг “өршөөл” хэмээгч долоож эдгээнэ… Гэмээ нуух шиг нууж чадсан дотроо “шархтай” хөөрхийс том агуулахын олон нүхтэй, хөеө ихтэй “харх” мэт, нүдээ гөлөлзүүлэн далд сүлжээ, хуйвалдаанаар ширээсэн бамбай дороо нуугдаж байна.

Он цаг тэднээс хариугаа авна гэдэгт найдахаас… Энэ нь өрөвдмөөр найдлага. Хүмүний нас зуурхан… Ийм муухай энэ он цагийг үзэлгүй бурханд одогсдод атаархмаар эгшин тохиох юм. Нүгэл байгаа даа! Үхлийг аз гэлтэй биш дээ!

Аргаа барахад л ингэж бодогдож байгаа нь тэр. Их хэлмэгдүүлэлтийн гучаад онд ийм цагийг үзэхгүй үхэх минь яалаа! гэж ард  түмэн гаслаж байсан гэдэг…

Дээр өгүүлснийг минь улиг гэж үзье! Хэн бүхний ярьдаг хэлдэг зүйл гэж… Сайн зүйл хөгжиж нарийсахын хэрээр үүнтэй уялдан муу зүйл зэрэг улам хөгжиж нарийсдагийг мартаж болмооргүй. Сайн муу хоёр нэг л хөрсөнд ургана. Их багаараа л ялгагдана. Намын харьяалал “ураг удам” элэгсэг таашаал, нутаг ус, тал тохой, танилаар тавигдсан ажлаа хийж чаддаггүй мэддэггүй атлаа, дайвар олзонд илүү мэрэгшиж байгаа. Хойчсын “дарга” нар олноор өсөж өндийж байгаа нь айдас төрүүлж байна… Эд нар буруу үйл явдлуудад “виз”-ээ сунгуулсан алдасууд болой…

Буруу муу бүхэн үргэлжлэх хугацааг уртасгагчид… Хүнийг таних болон томилгооны нүд “сохорсоны” үр дүнгүүд… Цэвэрхэн хувцасласан, ихэмсэг “тэнэгүүдээр” байгууллагууд дүүрлээ.

“…Нэг өтнөөс айх хэрэггүй, тэрний олон авгайлдануудаас л айж бай! Тэд бүгдээрээ “өт” болно.

Гадаадын сонгодог дээд сургууль, нутагтаа дээд сургуулийг төгсөх шиг төгссөн ухаантай боловсрол төгс сайхан залуучууд, нам бус, башир аргагүй, татах хүчгүйгээс болоод ажилгүй олноороо хохирч явна. Оюун ухаан гуйлгачилж явна.

Хүнд суртал гэдэг үг хуучирсан ч хүнд суртлын бодит мөн чанар гаарлаа… Мэдэхгүй чадахгүйн ихэмсэглэл – хүнд сурталыг үржүүлсэнтэй тэнцдэг юм байна…

“Сохор” сонголт, оюун ухааны сохролт, “сохор” томилгоо гурав нийлэхээр улс орон минь “цагаан таяг” тулан тэмтчин явах болно.

Миний бичсэнийг “үгүйсгэл” гэж үзэх хүн гарна. Та нар чинь… муу юм байна гэхдээ сайн зүйлүүд байна… гэж бичдэг билбүүрт идээшсэн улс…! Би оюунаар сул дорой байдал, авлигал, ашиг сонирхлын урт үргэлжлэх цаг хугацаанаас л айж байна.

НЭГЭН ЗҮЙЛ

“…Хүмүүс шүүмжлүүлэхийг хүсдэг юм шиг атлаа

сэтгэл нь танаас магтаал горьдож байдаг…”

Ульям Сомерсет Моэм

(1874-1965)

Та нарын олон нийлэлт, салалт ард түмний дургүйг хүргэж байна. Хацраа нийлүүлж нийлээд л хялалзаад л салцгаах юм… Үүний хуучин нэр томъёо нь “улс төрийн янхандалт” гэдэг. Энэний цаад агуулга нь Монголын төлөө нэгэн зорилго дор бус нам намынхаа зорилго дор нэгдэж салаад байх… Үзэл бодлын зөрөөгөөр эерэг, эсрэг байр суурьтай байх нь улс төрд зөвшөөрөгддөг зүйл.

Аливаа бүлэглэлүүд араншин, хэсэг бүлгийн эрх ашгийн болон алба, авлигын шунал сэдлээр давамгайлахыг оролдохыг улс төр хүлээн зөвшөөрдөггүй…

Нэг дэх салахын “хошин шог”-ын тоглолтоороо ард түмний гэнэн, та бидний алдаагаар, эмзэглэлээр амь зууж яваа хошин шогийн хамтлагуудын тоглолтоос хол илүү “хошин” боллоо. Та нарын тоглолт хорлонтой, гашуунаараа, гайтайгаараа бүүр давуу… Төр ард түмний зөв ойлголцол хүндэтгэл ирэх, өрнөх, одох гурван цагийг эрхшээсэн шалгарсан “мэргэн бодлого”, эв нийлсэн зөв чиг зорилго, эрчимтэй – эмгэггүй эдийн засаг, энэрэнгүй ёс зүй, хатуу хууль сайн төрийг бүрэлдүүлдэг юм гэнэ лээ…

Та нар минь чадахгүй, мэдэхгүйгээ хэлж чаддаг хүн байхгүй болсон үед чадахгүй юмаа хийгээд байгаа юм биш үү! Ю.Цэдэнбал дарга Энэтхэг улсад айлчлах үед нэгэн сонины сурвалжлагч – Энэтхэг, Монголын түүхэн харилцааны тухай асуухад нь –Энийг түүхчид мэднэ, би мэдэхгүй! гэж хариулсан байдаг нь хараар, цагаан дээр бичигдэж үлдсэн…

Монголын ухаантай сэхээтнүүд, лам, хуврагууд, өвгөд хөгшид Бал даргын ухаантайг шагшиж байсан… Монголчууд мэддэгээ гайхуулсанаас мэддэггүйгээ хэлэхийг ухаан гэж үздэг түмэн!

Манай өвөг дээдэс, мэддэг хүнд мэддэгийн нь орон зайг тавьж өгч чаддаг агуу байж… Сайн сайхны үр дүнг та нараас хүлээсэн ард түмний хүлээлт “цөхрөлд” туллаа. Мэдэрч байна уу? Ямар болох зорилгоо тодорхойлож чаддаггүй юмаа гэхэд ядахдаа яаж байгаагаа мэдрэхийг та нараас хүсч байна.

Хувь хүн өөрийгөө болгочихсон үедээ, эх орон, бусдын тухай бодох бодол нь хийсэн алга болдог. Амин ашиг нь “цадсан” хүмүүс их үйлс, зөв үнэнийг огоорч, мөнх бусыг мөнх мэтэд эндүүрэн “согтож”, жудаг журмыг битгий хэл их жамыг хүртэл мартахад хүрнэ. Монголчууд “…идэж цадаад хонио хариулах биш, хонио хариулчихаад ирээд цадахыг” эрхэмлэдэг түмэн. Идэх – бүтээх хоёрын аль нь урдаа байнав дээ!

НЭГЭН ЗҮЙЛ

“Улс төрд “зүрх” байдаггүй.

Зөвхөн толгой л байдаг…

     Наполеон.1. (Наполеон Бонапарт)

(1769-1821)

Би бага сургуульд байхдаа, Сетон Томпсоны “Чин зоригт адгуусан амьтдын үлгэр” гэдэг ном уншиж байсан… Энэ ном орчуулгын уран зохиолын ууган нь гэж хэлж болохоор, бүүр эрт худам монгол үсгээр хэвлэгдсэн байдгийм билээ…

Тэнд миний уншсан адгуусан амьтад шиг та нар их зоригтой улс юм аа… Тогтворгүй байдал, инфляци, их өр, ядуурлаас бүх дэлхий тэр чигээрээ айдаг байхад та нар ердөө айхгүй. Хэвийн үзэгдэл шиг хэвлэл, радио телевизээр яриад л…

Худлаа статистикийн тоо баримт, мэргэшсэн хуурамч инээмсэглэл, бүтэхгүй найдлагаа яриад л сууж байх юм…

Зээл авч, өрөнд өх малаа малчин хүн “өсгөөд” л. Өртөг нь дийлдэхгүй сургуульд хүүхдүүд нь сураад л… Өглөө босоход юмны үнэ тэнгэрт хадаад л,.. Валют “хашгирч” төгрөг “сөөгөөд” л… Шинээр орчлонд ирэгсэд өртэй өлгийд “унаад” л… Орой болгон телевизээр шинэ “сайд” царцсан барилга, дутуу зам, осол, үер, гал, гэмт хэрэг, морины уралдаан, наадмын зар гараад л… Миний тэнэг хий хөөрч… баахан зураглал – Нэг мэдэхнээ биччихэж…

Тогтворгүй байдал гэдэг нь төрийн “газар хөдлөлт”, инфляци гэдэг нь эдийн засгийн галзуурал гэмээр…

Тогтворгүй байдал ард түмэнд ямар хүчтэй нөлөөлдөгийг та нар мэддэггүй юм шиг. Монголчууд хувирах, урвах хэзээний дургүй уламжлалтай түмэн. Та нарын “газар хөдлөлт” ард түмний сэтгэлийн сүм нурж, гайхширах, эргэлзэх, итгэж ядах бүгд ирж, – хэзээ л дээрдэж байлаа гэсэн урамгүйдэлд унацгаадаг.

Ажлаа хийж чадахчаан болж байгаа нь чадахгүйтэйгээ хамт огцрон хийснэ… Үлдсэн орон зайд нь бүлэг “хамхуул” нисэн ирж сандлуудын хонхорхойд дараачийн салхийг хүлээн цуглана.

Ард түмэн та нарын хэн нь хэн болохын танилт, мэдээллээр хангалттай байдгийг анзаардаггүй бололтой юм…

Эргэлзэл төрүүлсэн хэвлэл мэдээлэл ч та нарын тухай буруу зөв ойлголт хэдийнэ өгч амжсан байдаг… Ийм болохоор гэрэл сүүдэр чинь, ард түмний мэддэг зүйл гэж ойлгож болно. – Бид эзэнтэй юм уу, ер нь? … гэж ард түмэн асууж байна шүү дээ!

Эзэн нь хэн нь мэдэгдэхгүй солигдоод байхаар ийн асууж байгаа… Аливаа буруу зөв бүхэн хариуцах эзнээ нэхдэг. Уг нь бурууг хүлээх эзэнгүй болтол элийрүүлэх бодлого чинь “сэлгээ” биш баймаар юм.

Монголын төлөө нэгдэх, эвтэй зүтгэх сэтгэл зүрхгүй, өөрийн бодсоноосоо бусдыг үл зөвшөөрдөг, нам, намын “буулган” дор хөллөгдсөн, түүчээнүүд болцгоочихоод, ардын дуунд гардаг шиг… Монголыг минь… Ийш нь тийш нь чангааж явна… Төрийн “газар хөдлөлт”-ийн үед олон хүн сандлаасаа хагацаж, уй гуниг болж, олон хүн сандал олж баяр хөөр болно. Зуурын сайд дарга нар туйлж гарна. Өчигдөр шоронгоос гарсан авлигын хэрэгтэй хүн өнөөдөр сайд юм уу, гадаадад онц бүрэн эрхэт элчин сайд, дарга болоход гайхах зүйл үгүй!

Энэ үйлдлүүд төрийн дээд өндөрлөгөөс эхлээд сум баг хүртэл “газар хөдлөлтийн” чичиргээ нь мэдрэгдэж, сандлын “солио” гаарна…

Их юмны загвар, багад бүүр хүчтэй үйлчилнэ гээч! Телевизээр цулцайсан сайд гараад ирэхээр –Энэ одоо юу вэ? Тэгж тэгж явсан, шоронд байх амьтан, эсвэл: Энэ нөхөр гэмээ сайн нууж чадаж байнаа… Төнхүүлвэл их юм гарна даа!… гэж ярьдаг үзэгчидтэй олон тааралдах юм… Олны үг ортой… цуурай ихтэй л байдаг даа!

Шинэ сэлгээний эзэд бужигнуулж эхэлнэ… Урдахь зөв, буруу аль ч эхлэлийг үгүйсгэж “өөрийнхөөрөө” эхэлнэ. Урд ажиллаж байсан бүх хүнээ солино. Дараачийн сэлгээний хүмүүстээ нулимуулах байж, урдах хүмүүсээ нулимна… Энэ “орчил” чинь Монголын ард түмнийг хигэж дууслаа!… Хүн залгичихсан юм шиг цатгалан та нар хохирохгүй л дээ! Юмны төгсгөл, үр дүнг бодох тэнхэлгүй болтлоо хэтэрхий цухалдсан, олон давхаргын хүмүүс, -Энэ бүхэн цус үзэж байж засарна гэж ярих болж… Мэдэрч байна уу, та нар!

Их хилэгнэсэн ард түмний тэмцлийг цусаар л унтрааж байсан түүхийн гашуун тохиолууд байдаг ч ямагт ард түмэн ялж байсан… Цус үзэхийн тухайтад ярих нь битгий хэл, одоо хойч үед ч хүсэх ярих зүйл биш! Энэ ухваргүй цухалдлаас өнөөдөр битгий хэл түүх, маргааш хоёр эмээж байгаа…

Цус урсгаж, урсгуулж хэзээ ч болохгүй! Дэлхийд гайхагдсан монгол цус, асгах нь битгий хэл дусааж болохгүй ариун агаад хүчирхэг цус юм шүү! Төр – түмэн хоёр ийм тохиолдлоос болгоомжлон сэргийлэх учиртай…

Чадахгүй, мэдэхгүй, бүтэхгүй байгаагаа мэдэрч чадах ухааны шавхруу та нарт байгаа бол ард түмнээсээ уучлалт гуйж, Их Монголын ард түмний өмнө сэнтийнээсээ шилжирч өх цаг чинь болжээ… Феодализм, социализмын ялзарч байсныг зүхдэг шигээ… олж чадсан, хэрэгжүүлж чадаагүй Ардчилал шинэчлэл, намууд чинь ялзарч гүйцсэн байна. “Тэнэглэлийн эсгэлэн” үнэр үнэртэж байна. Ийм байгаагийнхаа бурууг та нар хүлээдэггүй байж… Ийм болгосныхоо бурууг өнгөрсөн он цагуудад тохолгүйгээр та нар хүлээх ёстой.

НЭГЭН ЗҮЙЛ

“Алдарсан мөрөөдөл, амлалт

ард түмнийг мохоодог…”

Жон Фицджералд Кеннеди

(1917-1963 Америкийн 35 дахь ерөнхийлөгч)

Хаана хаанаа мунгинасаар байгаад ирэх сонгуультай бид учирна…

Сонгогч түмэн минь сонгуулийн “шинэ үсгийн дугуйлан”-д олон жил суулаа. Үгүйдээ ташаа буруу сонголтоосоо залхсан байлгүй… Сонгууль, сонгуулийн хуулийг хүлээж донтсон хүмүүсийн тоо, “сонгогчдоосоо” давж, байж ядан өөртөө магтуу өргөж аль хэдийнэ эхэллээ…

Намууд хүнээ дэвшүүлдэг нь олон улсын жишиг. Бие даагчид гэдэг ч байх зүйл…

Квот гэдгийг харин хүлээж авч болох зүйл биш ээ! Хэн нь ч юм бэ энэ улс төрийн “мэхийг” аль улсын сонгуулийн хуулиас “өргөж” авчрав? Тэр хүн лав олзондоо сайшаагдаж өнөөдөр дарга юм уу сайд болчихсон байгаа даа! Мөнхөд “дархлагдсан улс төрч” гэж хаана байдаг юм бол оо? “Торгуулийн батальон” гэгдэх нэр дэвшигчид урд нь унаад, “амьд” үлдсэн дараачийн хүн нь сонгогдож байдаг юу гээч нь энэ вэ? Нэгэнт “дархан цаазтай Богд уул” мэт улс төрч тодруулсан юм чинь! Хэрвээ квотоор сонгогдсон нэгэн элдэв шалтгаанаар өөд болвол тэрний оронд хүн тавих ёсгүй, улс төрийн түүхэн туршид зайг нь онгорхой үлдээх ёстой болноо доо!

Шинэ сонгуулийн хуульд ийм боломж оруулваас сонгогчид сонгуульд санал өхөөс татгалзах нь зүйд нийцнэ… Монгол Улс хаант засагтай улс биш байх аа!

Ард түмний санал аваагүй хүн намын томилолтоор УИХ-д дэвшинэ… гэж юу байсан юм бэ? Намууд УИХ-д хүнээ дэвшүүлэх эрхтэй болохоос Их хуралд хүнээ томилох эрхгүй! Сонгууль нь томилолт байсан гэж социализмын үеийн сонгуулийг хараадаг биз дээ! Түүнтэй одоогийн энэ зүйл чинь “агаар нэгэн” байна шүү дээ! Тэр үеийн нам, хүнээ таньдаг нүдтэй байсан шүү дээ!

Үгүйсгэхэд учир буй!

Дараачийн нэг зүйл нь, УИХ-д сонгогдсон бүх хүнийг намаас нь түдгэлзүүлэх хэрэгтэй санагддаг… Их хурлын “намын бүлэг” гэдгийг, үзэл бодол, санаа сэдэл, өөрсдийн нь харж байгаа өнцгүүдийн бүлэг байгуулах нь зүйтэй санагддаг… Энэ нь дийлэнх болсон нам, илүү эрх эдэлдэг, ерөнхий сайд нь тухайн намын дарга байна. Намын дарга нар ерөнхийлөгчид дэвшдэг. Олонхи нь засгийн газраа байгуулна. Энэ тэр гэсэн хуульчлагдсан болон дадал болсон олон зүйлтэй миний бодол харшилж дургүйг чинь хүргэж болно.

Намынхаа гишүүнчлэлд үнэнч, хурлын гадуур болох үйл явдал, ажиллагаа, ёс төрөөс ангид байлгах гэсэн үг бус аа! Тус тусын намынхаа үзэл бодол, чиг баримжааг, санал бодлыг хэлэх, хэлцүүлэх эрхээс татгалзуулна гэсэн үг биш ээ! Харин ч намаар хаяглагдаагүй эрх хэмжээгээ эдэлсээр байх болно… Олонхиор давамгайлах гэдэг хэтэрхий тогтсон заншил атлаа туйлын зөв гэдгийн гаргалгаанд олонхи ч тэр цөөнх ч тэр алдах тохиол улс төрд зөндөөн! Олонхи гэдгийг хөдлөшгүй эдэлдэг хүч бол ард түмэн л байдаг. Олонхиос сонгогдсон олонхи гэж байдгийг би л лав мэдэхгүй.

УИХ-ын гишүүд давхар дээлээ тайлна гэсэн яриа их газар авсан. Уг нь давхар дээл гэдэг давхар албан тушаал нь хувь хүний чадамж, оюуны хүртээмжинд ачаалал их болох нь мэдээж!

УИХ-ын гишүүн сайд байх илүүц зүйл гэдэг нь зөв. Албан тушаалын давхцалаас гадна эрх хэмжээний давхцал гэдэг айдастай зүйл л дээ! Монголчууд нэг тэмээнд хоёр тооно ачдаггүй л улс даа! Эрх хэмжээ нэг цэгт цуглахаар ард түмнээ хэтийдүүлдэг гэж төрт ёсонд үздэг юм билээ.

УИХ-ын гишүүд маань давхар дээлээ одоохондоо сугалдрагалачихаад эсвэл бэлхэнцэглэчихээд л байгаа л даа! УИХ-ын гишүүдэд, ардаа компани, үйлдвэр сургууль, дэлгүүр, үгүйдээ түрээсийн байшингуудгүй хүн байгаа юм уу?

Тэгэхээр би гурван давхар дээлтэй юм байна даа гэж боддог… Энэнээс хойш гурван давхар дээлнийхээ хоёр дээлийг нь тайлъя! гэж ярьж байвал яасийм бэ? Монгол улсын нэгэн иргэний хувьд элдэв эрээвэр, хураавар эрэгцүүлэл бодлоо бичлээ…

“…Улс гэдэг – хөлөг онгоц

Засгийн газар – хөлгийн дарвуул

Ард түмэн – салхи

Цаг хугацаа – далай тэнгис…”

                        Карл Людвиг Берне.

                        (1786-1837)

гэж хэлснийг энд оруулан хүмүүст уншуулмаар санагдлаа.

Хамгийн сүүлд та нараас хичээнгүйлэн гуйх нэгэн зүйл байна. Ирэгсдийг тосох, үхэгсдээ онголох эх нутгийг минь бүтэн үлдээж үзээрэй! гэж гуйя!!! хэмээн захидлаа дуусгая!

Баянгол дүүрэг, 1-р хорооны иргэн Бавуугийн Лхагвасүрэн

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.