Өчигдөр хуралдсан УИХ-ын ээлжит бус хуралдаанаар Засгийн газрын зарим сайдуудыг томилсон билээ.Тодруулбал, 60 гишүүний ирцтэй хуралдсан ээлжит бус хуралдаанаар Шадар сайдаар Ц.Оюунбаатарыг, Сангийн сайдад Б.Болорыг, БОНХАЖ-ын сайдад Н.Батцэрэгийг, Хөдөлмөрийн сайдад Г.Баярсайханыг, Зам тээврийн сайдад М.Зоригтыг, Барилга хот байгуулалтын сайдад З.Баянсэлэнгийг томилохоор тус тус хэлэлцэн дэмжиж баталсан.
Тэгвэл өчигдөр сайдгүй байсан зургаан яамны сайдын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан зургаан сайд эдгээр сайдуудын тамга тэмдгийг гардуулан өгч, амжилт хүссэн билээ. 20.00 цагийн орчим ажлаа авсан сайдууд өчигдрөөс эхлэн ажилдаа орсон гэж хэлж болно.
З.Баянсэлэнгэ сайд өчигдөр Барилга хот байгуулалтын яамны дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, хэлтэс, албадын дарга нартаа уулзаж хэрхэн хамтарч ажиллах талаараа ярилцсан бол Зам тээврийн сайд М.Зоригт өчигдөр 21.00 цагийн орчим анхны тушаал дээрээ гарын үсэг зуржээ. Эрхэм сайд өнөөдрөөс эхлэн зам тээврийн салбарын завхралтай хатуу тэмцэл эхлүүлсэн дуулдана.
Тэрбээр, яамны ажилчдаа social media суваг ажил дээрээ хэрэглэхийг нь хориглож, албаны дотоод сүлжээгээр ажлаа явуулахыг үүрэгджээ. Ингэснээр ажлын цагаар твиттер хэсч, фэйсбүүк хэрэглэж суудгийг нь болиулах юм байна.
Мөн нэг борооны ус даахгүй урсдаг замын чанарын асуудалд анхаарч ажиллахыг үүрэгдсэн иргэдийн хүсэлтийг ч ёсчлон биелүүлэх гэнэ. Эрхэм сайд ажилдаа орсноос хойш нэг ч удаа ганцаарчилсан уулзалт хийхгүй байхаар шийдсэн гэнэ шүү. Энэ эрчээрээ л урагшаа гэж хэлье дээ.
Б.Тогтох
Эх сурвалж: www.mminfo.mn