Жолоодох эрхээ сэргээлгэх хүсэлтэй иргэд иргэний цахим үнэмлэхтэйгээ Лицензийн төвд хандах шаардлагатай. Мөн ямар нэгэн шалгалт өгөхгүйгээр үнэмлэхээ авах боломжтой-
Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим заалт энэ сарын 7-ноос хэрэгжиж эхэллээ. Ингэхдээ 2016 оны долдугаар сарын 2-ны өдрөөс өмнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэдийг өршөөж жолоодох эрхийг нь сэргээж буй юм. Ийнхүү жолоочдын эрхийг сэргээсэнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/-ын харъяа Лицензийн төвийн гадна шөнө дундаас эхлэн дугаарласан гэх мянга гаруй иргэн цугласан байлаа. Нийт 81 мянга орчим жолооч эрхээ сэргээлгэхээс өчигдрийн байдлаар тус төвийн үүдэнд хоёр мянга гаруй иргэн дугаарлаж, үнэмлэхээ сэргээлгэхийг хүсчээ. Ингээд жолооны эрхээ түр хугацаагаар хасуулсан иргэд хаана хандаж эрхээ хэрхэн сэргээлгэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг уншигчдадаа хүргэе.
ШАЛГАЛТ ӨГӨХГҮЙ, ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХТЭЙГЭЭ ОЧИХОД ХАНГАЛТТАЙ
Юуны түрүүнд жолоодох эрхээ сэргээлгэх хүсэлтэй иргэд иргэний цахим үнэмлэхтэйгээ Лицензийн төвд хандах шаардлагатай. Мөн ямар нэгэн шалгалт өгөхгүйгээр үнэмлэхээ авах гэнэ. Гэхдээ 2014 оны аравдугаар сарын 1-нээс 2015 оны долдугаар сарын 2-ны хооронд эрхээ хасуулсан жолооч нарын үнэмлэх Лицензийн төвд байхгүй тул шинээр үнэмлэх авах шаардлагатай аж. Учир нь дээрх хугацаанд эрхээ хасуулсан иргэдийн жолооны үнэмлэх хэргийн хавтаст материалтай хавсаргасан хадгалагдсан гэнэ. Шинээр жолооны үнэмлэх захиалах иргэд үнэмлэхний үнэ болох 12500 төгрөгийг Төрийн сангийн 900012408 тоот дансанд тушааж баримт, иргэний үнэмлэх болон иргэний үнэмлэхийнхээ хуулбарыг өөрийн биеэр Лицензийн төвд аваачих шаардлагатай аж.
ҮНЭМЛЭХЭЭ АЖЛЫН ТАВАН ХОНОГИЙН ДОТОР АВАХ БОЛОМЖТОЙ
Жолооны үнэмлэх нь материалаа бүрдүүлж өгснөөс хойш эхний ээлжинд гурваас тав хоногийн дотор, шинэ үнэмлэх нь 21 хоногийн дотор гарах гэнэ. Мөн шинээр жолооны үнэмлэх захиалах иргэд эрхээ сэргээлгэх иргэдийн хамт дугаарлаж үнэмлэхээ захиалах юм байна. Мөн эрхээ хасуулсан жолоочдын эрхийг сэргээхэд дуусах хугацаа гэж байхгүй тул иргэдийг аль болох яаралгүй, хүндрэл учруулалгүй үнэмлэхээ захиалахыг Лицензийн төвийн ажилтнууд хүсч байна.
ЯМАР ЗӨРЧИЛ ГАРГАСАН ХҮМҮҮС ӨРШӨӨГДӨХ ВЭ?
Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.1-ээр буюу согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон иргэдэд боломж олгож байгаа юм. Мөн Эрүүгийн хуулийн 215, 216-р зүйл ангиар зам тээврийн осол зөрчил гаргасан иргэд ч өршөөлд хамрагдах боломжтой гэнэ. Харин Эрүүгийн хариуцлага хүлээгээд тус хуулийн 215-аар ял сонссон хүмүүсийн эрхийг сэргээхгүй аж.
Эцэст нь жолооч нарын эрхийг сэргээх хугацаа дуусахгүй тул өнөө маргааш гэж яарахгүй байхыг албаныхан зөвлөж байна.
Д.ЖАРГАЛ
news.mn