Comment.mn

Байгалийн цогцолборт газар нөхөн сэргээх нэрийдлээр олборлолт явуулж байна цуврал-1

Ховд аймгийн Цэцэг сумын  Мянган улзатын байгалийн цогцолбор газарт Цагаан эрэг гэх газар ордог байна. Цагаан эрэг гэх энэ газарт ЗХУ-ын үед  вольфром олборлож байгаад орхисон байдаг.

 Улмаар уг газарт нинжа нар орж вольфрам олборлож байсан бөгөөд тэдэнд газар сэндийчих “эрх”-ийг сумын засаг дарга Д.Цогбадрах өгсөн байдаг. Улмаар энэ нь асуудал үүсээд цагдаа шүүхэд шалгагдаад ирэхийн цагт  уг газрыг хэсэг хугацаанд   тайван орхисон байгаа юм.

Харин 2 сарын өмнөөс Цагаан эрэгт  “Ашид Алтай Майнинг” ХХК нөхөн сэргээлт  хийх зөвшөөрөл олгож, улмаар гэрээ хийсэн байна.  Ингээд  2015-07-р сараас эхлэн 13 га газрт нөхөн сэргээлт нэрийн өнөөдрийг хүртэл вольфрам олборлож байна.  Үүнийг нутгийн иргэд таслан зогсоохоор эсэргүүцэхэд  цагдаа нараар хамгаалуулж Ангиртын голооc ус татан  үйл ажиллагаагаа явуулж 50 кг-аар нь вольфрам  шуудайлсаар байгаа юм.

Нөхөн сэргээлтийн зөвшөөрөл

Вольфрам олборлож, нутгийн цагдаа нараар хамгаалуулж байгаа байдал

Нутгийн иргэдийн яриагаар  “Ашид Алтай Майнинг” ХХК-ны ард  БНХАУ-ы гурван иргэн байдаг бөгөөд  тэд өнөөдрийн байдлаар  60-70 тонн  вольфрам олборлоод байгаа юм. Өнөөдөр  зах зээлд  чулуутай вольфрам нэг кг нь  12 000,  цэвэр нь 24 000-28 000 төгрөгийн ханштай.  Энэ нь  “Ашид Алтай Майнинг” ХХК нэг тэрбум гаруй төгрөгийн вольфрам олборлоод байгаа гэсэн үг.

Харин иргэн манай улсад ийнхүү дураараа дургих боломжийг   Ховд аймгийн Цэцэг сумын Засаг дарга Дамбын  Цогбадрах,  аймгийн ИТХ-ын дарга Баярсайхан нар бүрдүүлж өгсөн байдаг. Тодруулбал   Ховд аймгийн ИТХ-ын дарга Баярсайхан байгалийн цогцолборт газрыг нөхөн сэргээхэд шаардлагатай хөрөнгийг олборлолт хийгээд олсон мөнгөөрөө хий гэсэн журмыг баталсан байгаа юм. Үүнийг нь  Ховд аймгийн Цэцэг сумын Засаг дарга Дамбын  Цогбадрах дэмжиж  толгой мэдэн зөвшөөрөл өгсөн ч үүнийг нь 2015 оны 05-р сард ИТХ нь эсэргүүцэн цуцлаад байсан.  Харин 2015 оны 07-р сард “Ашид Алтай Майнинг” ХХК-д зөвшөөрлийг олгосон байгаа юм.

Тэдний энэ үйлдэл нь Монгол улсын хуулийг зөрчиж байгаа юм. Тодруулбал Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйл. Хууль бусаар ашигт малтмал хайх,  ашиглах, олборлох:
214.1.Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаа явуулж үлэмж хэмжээний хохирол учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

  214.2.Энэ хуулийн 214.1-д заасан гэмт хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан, эсхүл уг үйл ажиллагааг тусгай хамгаалалттай газар нутагт явуулсан бол эд хөрөнгийг нь хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 214.3.Тусгай зөвшөөрлийн дагуу ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажил хийгээгүй, эсхүл химийн хорт болон аюултай бодис хэрэглэх журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэнд, мал, амьтан, байгаль орчинд их хэмжээний хохирол бусад хүнд хор уршиг учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрвөн зуун тавиас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Хууль зөрчин зөрчин байгаль орчинг сүйтгэхэд хувь нэмэр оруулж байгаа  Ховд аймгийн Цэцэг сумын  Засаг дарга Д.Цогбадрахын талаар болон  Цагаан эрэгт хууль гууль болж байгааг бид дараагийнхаа цувралаар хүргэх болно.

А.Баярмаа

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.