Замын хөдөлгөөний аюулгүй байдлын шинэчилсэн хууль маргаашнаас эхэлж мөрдөгдөнө.
Жилд 500 гаруй хүн зам тээврийн ослоор амиа алддагийн 50 орчим нь хүүхэд байна. Тиймээс энэ чиглэлийн хууль эрхзүйн орчинд өөрчлөлт оруулсан. Иймд маргаашнаас хэрэгжих уг хуулинд явган хүний гарц дээр зогсвол 19200 төгрөгөөр жолоочийг торгоно. Харин гарцгүй газраар гарсан явган зорчигчийг 9600 төгрөгөөр торгох заалт орсон гэдгийг анхаарах хэрэгтэй.
Явган зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл 19200 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. Харин явган зорчигч согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол 48 мянган төгрөгөөр торгох шийтгэл хүлээнэ. Иргэн, хуулийн этгээд оршин байгаа газарт хамаарах замын бохирдол, цас мөсийг цэвэрлэлгүй замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагчийг 19200 төгрөгөөр торгохоор хуультай болж байна.
Түүнчлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй бөгөөд эрхээс хасуулсан үедээ жолоо барьвал нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний шийтгэл хүлээлгэх аж. Манай улсад жолоодох эрхгүй эсвэл эрхэээ хасуулсан жолооч нар замын хөдөлгөөнд оролцож тохиолдол ихээхэн гардаг гэдгийг албаны хүмүүс онцолдог.
Ингээд замын хөдөлгөөний аюулгүй байдлын шинэчилсэн хуулийн дэлгэрэнгүйг хүргэе.
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх бүрт торгуулийн хэмжээ өснө-
Одоо мөрдөж байгаа хуулинд 100-10.000 төгрөг гэх байдлаар торгуулийн мөнгөний тоог тодорхой зааж өгсөн бол шинэ хуулинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /ХХДХ/-тэй уялдуулан тогтоожээ. Зөрчил гаргасан тохиолдолд ХХДХ-ний тэдэн хувь, ХХДХ-г тэд дахин өсгөсөнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заажээ. Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ихсэх тусам торгуулийн мөнгөн дүн нэмэгдэж байх юм. Мөн энэ хуулинд замын хөдөлгөөнд оролцохдоо гар утас хэрэглэхийг хориглосон юм. Жишээ нь, Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх төгрөг буюу 9600 төгрөгөөр торгоно. Одоо бол Захиргааны хариуцлагын тухай хуулиар тус хэсгийг зохицуулж, жолоо барих үедээ гар утсаар ярьсан бол 5-10 мянган төгрөгөөр торгож байгаа юм.
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний/384 мянган төгрөг/ торгууль оногдуулж, жолоодох эрхийг зургаан сараар хасна.Тухайн жолооч согтуугаар тээврийн хэрэгслийг жолоодсон зөрчлөө давтан гаргавал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг/768 мянга/-өөр торгож, гурван жил хүртэлх хугацаагаар жолоодох эрхийг хасна. Шаардлагатай гэж үзвэл 30 хоног баривчилж, Захиргааны хариуцлага хүлээлгэнэ. Жолоочийг өмнө нь ямар зөрчил гаргаж байсан талаар тусгай мэдээллийн санд байрлуулаад тус сангаас тухай бүрт шүүж, хариуцлага оногдууулна.
– Согтуугаар жолоо баривал 384 мянган төгрөгөөр торгоно-
Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 384 мянган төгрөгөөр торгож , жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах.
-Согтуу хүнд жолоогоо шилжүүлбэл 96 мянган төгрөгөөр торгоно-
Согтууруулах ундаа хэрэглэсэн, мансуурсан хүнд жолоог шилжүүлсэн бол тухайн шилжүүлсэн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх 96 мянган төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. Согтуу жолоо барьсан этгээдэд торгуул ногдуулж, жолоодох эрхийг зургаан сараас нэг жил хүртэл хасна.
-Ядарсан үедээ жолоо баривал 48 мянгаар торгоно-
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох
Тээврийн хэрэгслийн жолооч автомашины жолоодлогоо өвчтэй, биеийн байдал нь хэвийн бус байгаа хүнд шилжүүлвэл мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувь буюу 19 мянга 200 төгрөгөөр торгох.
-Жолооны үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлвэл 19 мянга 200 төгрөгөөр торгоно-
Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох. Бичиг баримтгүй этгээдэд тээврийн хэрэгслийг шилжүүлсэн бол 19 мянга 200 төгрөгөөр торгох юм байна.
– Бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодвол 48 мянган төгрөгөөр торгоно-
Жолооч хориглосон бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол 19200 төгрөгөөр торгож, ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцвол 48 мянган төгрөгөөр торгох.
-Гэрлэн дохио зөрчвөл 19200 төгрөгөөр торгоно-
Жолооч гэрлэн дохио болон цагдаагийн албан хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувь буюу 19200 төгрөгөөр торгох.
-Тээврийн хэрэгслээ үзлэгт оруулалгүй унавал 192 мянган төгрөгөөр торгоно-
Улсын бүртгэлд бүртгүүлээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх буюу 96 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 192 мянган төгрөгөөр торгох.
-Хуурамч дугаар ашигласан хуулийн этгээдийг 960 мянган төгрөгөөр торгоно-
Улсын бүртгэлийн дугаар нь арилсан, бүдгэрсэн зэргээс үзэгдэх байдал нь муудсан, эсхүл дугаараа буруу байрлуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол улсын дугаарын тэмдгийг хурааж, иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх 48 мянган төгрөгөөр торгох.
-Жолооч, зорчигч хамгаалах бүсээ зүүгээгүй бол 9000 төгрөгөөр торгоно-
Тээврийн хэрэгслийн жолоочоос гадна зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох
– Утсаар яривал 9000 төгрөгийн торгуултай-
Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх 9000 төгрөгөөр торгох .
-Зам тавьж өгөх шаардлагыг биелүүлээгүй бол 19200 төгрөгөөр торгоно-
Замын хөдөлгөөний дүрэмд заасан жолооч давуу эрх бүхий тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх шаардлагыг биелүүлээгүй бол 19200, жолооч хөдөлгөөний чиг өөрчлөхдөө эгнээ байр эзлэх журам зөрчсөн, хориглосон газарт буцаж эргэх буюу ухрах үйлдлийг хийсэн бол мөн 19200 төгрөгөөр торгох.
-Урсгал сөрвөл 96 мянган төгрөгөөр торгоно-
Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч эсрэг урсгал сөрсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хасах .
– Хэт удаан явбал 19 мянган төгрөгөөр торгоно-
Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч шаардлагагүй үед огцом тоормослох, аюултай нөхцөл үүсгэх, эсхүл хүндэтгэх шалтгаангүйгээр хэт удаан явж бусдын хөдөлгөөнийг саатуулвал захиргааны хариуцлага хүлээнэ. Энэ нөхцөлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувь буюу 19200 төгрөгөөр торгох.
-Хурд хэтрүүлбэл жолоодох эрхийг зургаан сараар хасна-
Замын хөдөлгөөний дүрэмд заасан жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох
-Удаан зогсвол 19200 төгрөгөөр торгоно-
Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийг зорчих хэсэг дээр түр буюу удаан зогсоох журам зөрчиж бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан, эсхүл явган хүний гарц дээр буюу замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан 19200 төгрөгөөр торгох
– Замын тэмдэглэгээ зөрчиж эргэсэн бол 48 мянган төгрөгөөр торгоно-
Замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчиж зүүн гар тийш буюу буцаж эргэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувь буюу 48 мянган төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. Мөн жолооч тээврийн хэрэгслийн бодит жин буюу тэнхлэгийн ачааллын хязгаарлал тогтоосон хориглох тэмдгийн заалтыг зөрчвөл 48 мянган төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг 192 мянган төгрөгөөр торгох
-Бичиг баримтгүй жолоо баривал 48 мянган төгрөгөөр торгоно-
Тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 25 хувь буюу 48 мянган төгрөгөөр торгох юм. Харин баримт бичиггүй этгээдэд тээврийн хэрэгслийг шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх буюу 19200 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. Мөн жолооч болгон дуут дохио буюу дуут дохиог дураараа ашигалхаа болих нь ээ. Тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан /Түргэний, галын, аврах албаны, цагдаагийн албаныхаас бусад/ тээврийн хэрэгслийн жолоочид замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу хөдөлгөөний давуу эрх эдлүүлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх төгрөгөөр /19 мянган 200 төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.