МАХН-ын говийн бүсийн чуулганд МАХН-ын дарга Н.Энхбаярын хэлсэн үгийг үргэе.
Төрийн эрх мэдэл хааны гарт биш ард түмний гарт байдаг
Намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад 2006 онд Өршөөлийн хууль батлагдаж хорих ялаар шийтгүүлсэн бүх хүүхдүүдийг шоронгоос сулласан. Есөн жилийн өмнө ингэж Монголын шоронд нэг ч хүүхэд үлдээлгүй эрх чөлөө олгож байсан удаатай. Төр өөрөө алдаж байгаагаа хүлээн зөвшөөрч байвал тухайн оронд ардчилал байна гэсэн үг. Төр өршөөж чадахгүй байнаа гэдэг бол дарангуйлал бий болсон гэдгийн тод илрэл. Тиймээс ардчилсан төрийн зайлшгүй хийх ёстой ажил бол өршөөл үзүүлэх.
Төр мөнхийн юм биш. Ардчилсан төр эзэнтэй байдаг. Төр, иргэнийг ижил хэмжээнд авч үздэг болсныг Үндсэн хуульд суулгаж өгсөн. Төрийн эрх мэдэл хааны гарт биш, хэн нэгэн хүн, аль нэг намын гарт биш ард түмний гарт байдаг.
Хариуцлагаа үүрч чадаж байгаа төр хүчтэй төр байдаг. Хариуцлагаа үүрч чадахгүй бултаж байгаа төр хамгийн сул төр болдог. Үргэлж гомдоллоод суудаг ард түмэн байж болохгүй. Ард түмэн төртэйгөө харьцахдаа гуйж биш шаардаж, тэр шаардлагыг биелүүлэхгүй бол сольж хариуцлага тооцдог эрүүл зарчим руу орох ёстой.
Төрийн өндөр албан тушаалтан дээшлэх тусмаа уургүй байх ёстой. Уурлаж байна гэдэг чинь буруу байнаа гэсэн үг. Үүнийг ойлгоогүй хүн төрийн тэргүүн хийх хэрэггүй. Зүгээр жирийн иргэн болоод уурлаад явж бай л даа.
Өршөөл, уучлал үзүүлнэ гэдэг бол төрийн үүрэг
Хэлмэгдүүлэлт гэдэг бол хүнийг үзэл бодлынх нь төлөө, баримталж буй байр суурийнх нь төлөө хууль бус аргаар эрхийг нь хязгаарлах, хүчээр ял оноох, эх орондоо ирэх бололцоог нь хаахаас эхлээд янз бүрийн аргаар илэрдэг. Ирээдүйд улс орноо сайн сайхнаар авч явахын төлөө зүтгэсэн ганц Энхбаяр биш МАХН-ынхан хэлмэгдсэн.
Харамсалтай нь намайг ганцхан хэлмэгдүүлээд зогсохгүй манай нөхдийг хэлмэгдүүлсэн. Өршөөл, уучлал үзүүлнэ гэдэг бол төрийн үүрэг. Өршөөл, уучлал заавал байх ёстой зүйл. Гэтэл үүнийг байж болохгүй юм шиг ойлгож болохгүй. Хэлмэгдүүлсэн нь уучлах биш. Харин алдаа гаргасан хүн нь алдаагаа хүлээн зөвшөөрөөд уучлах ёстой.
Гэхдээ энэ гавьяа биш. Гавьяаны хэмжээнд үнэлэгдэх жинхэнэ уучлал юу вэ гэхээр хэлмэгдсэн нь уучилж чадаж байна. Би Элбэгдоржийг уучилсан. Гэхдээ мартахын төлөө, өс хонзон авахын төлөө биш алдааг нь засахын төлөө уучилъя. Уучилж чадсанаараа хүн сул биш харин ч улам хүчтэй болдог. Одоо Н.Энхбаяр айж, эмээх нь үү, бууж өгөх нь үү гэж харж байгаа. Би айхгүй, зугтахгүй. Монголын ард түмэнтэйгээ холбосон хүйн холбоогоо хэзээ ч таслахгүй.
Өнөөдрийн УИХ-ын дарга томоохон орд газруудыг буруу замаар явуулахгүй юм байна
Сүүлийн үед төрийн хямрал, Өршөөлийн тухай хуулиас илүүтэйгээр олны анхаарлыг татаж байгаа асуудал бол Таван толгойг тойрсон яриа хэлэлцээр юм. Таван толгойн ордыг 1990 оны дундуур эдиин засгийн эргэлтэд оруулах асуудал яригддаг байсан ч янз бүрийн шалтгаанаар хойшилсоор ирсэн.
Ингээд 2000 оны дундуур би Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Таван толгойн лицензийг эзэмшиж байсан хүмүүст хандан “Энэ Таван толгойг төрд буцааж өг. Анх ард түмний татварын мөнгөөр судлагдсан орд газар” гэхэд эхлээд тэд дургүй байсан. Дараа нь Монгол Улсын Төрийн тэргүүн шаардаад байгаа тул яах ч аргагүй “За, тэгье” гэсэн.
Би 100 хувь төрд буцаан өг гэж хэлсэн. Тухайн үед төдий хэмжээний мөнгө зарцуулсан гэж худлаа үнэн юм ярьсаар байгаад тавхан хувийг нь авч үлдье гэсэн нэрээр Ухаа худгийг авсан. Тухайн үед энэхүү ордыг буцаан өгсөн хүмүүс одоо Таван толгойг авах гэж улайран дайрч байна.
Өнөөдөр муу нэр, луу данстай ч УИХ зөв шийдвэр гаргасан. Ардчилсан намын дарга З.Энхболд УИХ-аар хэлэлцүүлэхгүй байх, хэлэлцүүлэх юм бол улс оронд ашигтай шийдвэр гаргуулахаар ажиллаж байгааг хараад баярласан.
Тиймээс өнөөдрийн УИХ, УИХ-ын дарга байгаа үед томоохон орд газрууд буруу замаар будаа тээхгүй юм байна. Таван толгойг анх буцаасан Н.Энхбаяр өшөөт дайсан болсон. Үүнийг зогсоосон З.Энхболд өшөөт дайсан болсон. Өршөөлийн хууль гэдэг чинь худлаа. Өршөөлийн хуулиар далимдуулан Их хурал руу, З.Энхболд, Н.Энхбаяр нар руу дайрч байна.
Үнэнийг хэлэхэд Өршөөлийн хууль гэдэг тоос шороог бужигнуулж байгаад, УИХ-ыг сүрдүүлж байгаад Их хурал шийдэх бололцоогүй болгож байгаад, Таван толгойг авах гээд байгаа юм. Манай нам Тавантолгойгоо хамгаалахын тулд АН-тай хамтарна.
Н.Энхбаяр