Comment.mn

Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилсөн нь зөв эсэх талаар санал асуулга явуулна

Сүхбаатарын талбайг “Чингисийнх” болгож өөрчлөх шийдвэрийг 2013 оны долдугаар сард НИТХ гаргаж байлаа. Хэдийгээр тухайн үед иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан ч эрх баригчид хүч түрэмгийлэн энэ шийдвэрээ баталгаажуулж байв. Тэгвэл их жанжин Д.Сүхбаатарын үр хүүхдүүд төв талбайн нэрийг “Чингисийнх” хэмээн тодотгосон нь зөв үү, буруу юү гэдгийг албан тушаалтнуудаас биш ард түмнээсээ асуухаар болжээ. Тодруулбал, ирэх даваа, мягмар гаригийн 11.00-17.00 цагийн хооронд талбайн нэрийг өөрчилсөн талаар иргэдийн үзэл бодлыг сонсч, гарын үсэг цуглуулах юм байна. Талбайн нэрийг зориудаар өөрчилсөн нь их жанжин Д.Сүхбаатарын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг бүдгэрүүлэх гэсэн зорилготой гэж дүгнэх хүн цөөнгүй байгаа юм. Иргэдийнхээ саналыг хотын дарга өчүүхэн төдий ч хайхарч үзэхгүй байгаа учраас их жанжин Д.Сүхбаатарын үр хүүхдүүд төр засагт үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэхээр шийдсэн бололтой. Жанжин Д.Сүхбаатарын байгуулсан гавъяаг Монголчууд бид мартах учиргүй.  1921 оны үндэсний  ардчилсан хувьсгалын үр дүнд ардын хэмжээт цаазат Засгийн газар байгуулагдсан түүхтэй. Тиймээс улстөрчдийн ухвар мөчид шийдвэрийг ус балгасан мэт чимээгүй хараад суух нь зүйд нийцэхгүй болов уу. Их жанжин бага балчир наснаасаа бичиг номд шамдан идэр насандаа   Хүрээ, хиагтын их замын өртөөнд улаач хийж байгаад 1912-1919 онд цэргийн албанд мордож, эх орны тусгаар тогтнол, ард түмнийхээ амар амгалан амьдралын  төлөө эрэлхэг гавъяа байгуулсан нь түүхийн хуудаснаа тодхон үлджээ. Түүний эрэлхэг зориг, гавъяаг үнэлж, Богд хааны зарлигаар 1912 онд тавдугаар зэргийн цагаан  шилэн жинс,  тогосын отго, 1915 онд дөрөвдүгээр зэрэг, 1917 онд  Баргын нутагт хятадын цэрэгтэй амжилттай байлдсан гавъяаг алдаршуулж,  гутгаар зэрэг, 1919 онд хууль шаштир хэвлэх газарт сайн ажилласан лам, ардыг хөхиүлэн шагнахдаа Д.Сүхбаатарт  дэд зэрэг,  1921 онд  бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарт гурван нүдэт тогосын отго, зоригт баатар цолоор шагнаж байжээ. “Хэрвээ  өнгөрсөн үе рүүгээ гар буу шагайвал ирээдүй үе чинь чамруу их буугаар буудна” гэж үг байдаг. Зарим улстөрчид Д.Сүхбаатарын Монголын түүхэнд гүйцэтгэсэн гавъяаг баллуурдахаар оролдож байгаа нь өнгөрсөн үе рүүгээ гар буу шагайж буйгаас өөрцгүй билээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.