МАН-ын дэргэдэх НАМЗХ-оос энэ жил 21 аймаг 9 дүүрэгт “1000 залуусын чуулга уулзалт”-ыг зохион байгуулахаар санаачлан одоогоор хэд хэдэн аймагт зохион байгуулаад байгаа юм. Харин өнөөдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Өгөөмөрийн аманд Төв аймгийн НАМЗХ-ны залуучуудын чуулга уулзалт болж байна. Тус уулзалтад УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Уул уурхайн дэд сайд, НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Энэхүү чуулга уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга М.Энхболд хэлсэн үгэндээ “Улс орныхоо ирээдүй болсон залуучууд та бүхэн энэхүү чуулга уулзалтаар бий болгосон холбоогоо цаашид улам гүнзгийрүүлэн өөрсдийнхөө болон улс эх орныхоо өмнө тулгамдсан асуудлыг шийдэх гарц олохыг тулд хичээж ажиллах ёстой.” хэмээн хэлсэн юм. НАМЗХ нь анх 18 жилийн тэртээ байгуулагдаж байсан бөгөөд УИХ-ын дэд дарга М.Энхболд тэр үед үүсгэн байгуулалцаж, Удирдах зөвлөлд нь орж ажиллаж байсан талаараа энэ үеэр дурьдаж байлаа.
Мөн НАМЗХ-г “цахим байгууллага” болгох санаачлагыг дэмжин Төв аймгийн 27 сумын НАМЗХ-нд энэ үеэр үүрэн холбооны үндэсний оператор Жи-Мобайлын утасгүй интернет бэлэглэсэн нь орчин үеийн залуусын эрэлт хэрэгцээнд нийцсэн сайхан үйл явдал болсон гэдгийг залуус хэлж байсан юм. НАМЗХ-ны дээд шагнал болох “Алтан од” шагналаар мөн 16 залуусыг шагнаж урамшуулсан.
Улс эх орныхоо ирээдүй болсон залуусынхаа дуу хоолойг сонсох, тэднийг шийдвэр гаргах түвшинд ажиллуулахаар эрмэлзэж байгаагаа МАН энэ үеэр нотлон харуулж Төв аймгийн МАН-ын хороо болон түүний дэргэдэх НАМЗХ хоёрын удирдлагууд “Залуучуудаа дэмжих санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Нийт хоёр өдрийн турш үргэлжлэх тус чуулга уулзалтаар залуусын дунд урлаг, спортын тэмцээн зохион байгуулах юм байна.
Т.АЮУ