МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ сарын 12-ны 23.30 минутад Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардаж, эх орондоо ирлээ. Түүнийг эх орондоо ирж байгааг нь Өршөөлийн тухай хууль болон Засгийн газрын шинэ сайд нарын асуудлуудтай холбон тайлбарлахаас аргагүй нөхцөл байдал үүсээд байна. Тэрбээр Өршөөлийн тухай хуульд хамрагдаж байгаа. Иймд түүний хувьд УИХ-ын 2016 оны сонгуульд өрсөлдөж, албан тушаал хаших эрх нь нээгдэж, улс төрд эргэн ирэх боломж бүрдээд буй юм.
Түүнийг эх орондоо ирсэнтэй холбогдуулан улс төрийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Сайн явж ирэв үү. Таны бие сайн уу, эмчилгээгээ хийлгэж байгаа юу?
-Сайн явж ирлээ. Бие сайн, гайгүйдээ.
-Эх орондоо хэд хоногоор ирсэн бэ?
-Одоогоор тэд хоногоор ирлээ гэж хэлж чадахааргүй байна. Та бүхэн өөрсдөө сайн мэдэж байгаа байх. Төр засгийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр өөрчлөлт орж байна. Ардын нам, Ардчилсан нам хамтарч ажиллаж байгаад Ардын нам энэ Засгийн газраас гарсан байгаа. Тэгэхээр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл Ардчилсан намтай хамтраад Засгийн газрын суларсан орон тоон дээр нь боловсон хүчний бодлогоо хэрэгжүүлэх шаардлага гарч ирж байна. Энэ ажилд бид аль болохоор тус дэмжлэг үзүүлэх юмсан гэж байгаа. Ер нь “Шударга ёс” эвсэл 2012 оноос хойш л төр засгийг тогтвортой байлгах, үүнд нь ямар нэг байдлаар гацаа гарвал түүнийг нь арилгах үүргийг гүйцэтгэж ирсэн. Нэгэнт ийм нөхцөл байдал үүссэн учир эвслийн тэргүүний хувьд энэ асуудлыг ярилцаж, хэлэлцэхэд ирэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж, намайг ирээч ээ гэсэн. Миний хувьд энэ асуудлыг ерөнхийд нь мэдэж байгаа. Улс оронд өнөө
дөр амаргүй нөхцөл байдал, мөчлөг бий болсон байна. Үүнд миний тус хэрэг байдаг юм бол тусалъя. Төр засгийг ч тогтвортой, ирээдүйгээ харсан болгох гэж л ирж байна даа. Ард түмнийхээ дуу хоолойг сонсоё, монголоор ярья, Монголынхоо агаарыг амьсгалж, усаа уух гэж ирлээ.
-Таныг эх орондоо ирэхээс өмнө УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийг баталсан. Уг хуулийн дагуу та өршөөлд хамрагдахаар байгаа. Энэ талаар та тодорхой хэмжээний мэдээлэлтэй байгаа байх?
-Их хурлаар хаалттай хэлэлцсэн асуудал гэж би ойлгож байгаа. Тийм учраас дотор нь нарийн ширийн юу болсон, юу яригдсан гэдгийг мэдэхгүй шүү дээ. Энэ талаар та нар сайн мэдэхгүй байхад, хол Солонгост эмчлүүлж байгаа би амархан мэдчихэж чадахгүй. Гэхдээ ямар ч байсан Өршөөлийн тухай хуулийг хаалттай хэлэлцэж, баталсан гэж ойлгосон. Хамгийн гол нь төр өөрөө өршөөх, суллах эрхийг эдэлдэг. Энэ анх удаа хийж байгаа ч ажил биш. Намайг Ерөнхийлөгчөөр, УИХ-ын дарга, Засгийн газарт ажиллаж байхад ийм хуулиудыг нэг бус удаа өргөн барьж байсан. Төр хийх ёстой ажлаа хийж байгаа болов уу гэж бодож байна.
-Засгийн газрын шинэ сайд нарын асуудлыг ярьж байгаатай зэрэгцэн таныг Шадар сайд болох нь гэсэн мэдээлэл байна. Та үүнд албан ёсоор тайлбар өгөхгүй юу?
-Надад ямар нэгэн албан тушаал огт сонин биш. Би албан тушаал хөөцөлдөж байсан бол тэр чиглэлээр санаа бодлоо илэрхийлчих байсан. Тиймээс надад албан тушаал хэрэггүй. Харин хүнд хэцүү нөхцөлд орчихсон байгаа жирийн иргэн ч бай, Засгийн газар ч бай түүнд тусалъя л гэж бодож ирсэн. Туршлагаасаа хуваалцая, дэмжиж тусалъя л гэж бодсон. Миний санал үнэтэй цэнтэй байх юм бол авч хэрэгжүүлэх байх аа л гэж бодож байна.
-Шинэ сайд нарын асуудлыг нам дотроо ярилцаж тохиролцсон уу?
-Сайд нарын асуудал тодорхой болоогүй байна. Энэ асуудлаар сайн ярилцаж чадаагүй учир манай нөхөд “та ирээч” гэсэн. Хэлснийх нь дагуу би энэ ажилд нь туслахаар ирсэн. Засгийн газрын шинэ томилгооны асуудал шахуу хугацаанд яригдаж байгаа учир ямар туслалцаа шаардлага байна тэр талаар л ажиллана гэж бодож байна.
-Таныг өмнө нь эх орондоо ирээд явсны дараа Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газар унасан. Үүнийг тантай холбон тайлбарлах нь бий. Дараа нь Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болж, Ардын намтай хамтарч Засгийн газар байгуулсан ч, үр дүнгээ өгсөнгүй. Улс төрийн энэ байдлыг та юу гэж дүгнэж байна вэ?
-Би вэб сайтаар орж, зарим хүнтэй утсаар ярьж мэдээлэл авсан. Тэгэхдээ хэн нэгэн хүнийг муулаад, тэрнээс болоод гэх зэргээр ярих хүсэлгүй байна. Н.Энхбаяраас болоод Засгийн газар унадаг гэж ярих нь өрөөсгөл байх. Ардын нам Засгийн газарт ороод ирчихэж гэж бодоогүй, гараад явсныг нь ч гараад явчихлаа гэж бодоогүй. Тийм учраас надаас шалтгаалж хэн нэгэн Засгийн газарт орж, гарч байгаа асуудал байхгүй. Манай эвсэл 2012 онд л орсон. Тэр үерхэлдээ л үнэнч хэвээрээ байгаа. Мэдээж гол ачааг Ардчилсан нам үүрч байгаа. Гэсэн хэдий ч өнцөг булангаас нь барьж яваа бид барьсан шиг барихгүй бол ачаа үүрч яваа хүнд хэцүү л дээ. Тиймээс Засгийн газар тэрнээс болж уначихлаа гэж ярихын оронд Монгол Улсаа яаж Солонгос, Хятад, Оросоос дутуугүй хөгжүүлэх вэ гэдгийг бодож байна.
-Өршөөлийн тухай хуульд та хамрагдаж, өршөөгдвөл эх орондоо амьдрах уу?
-Эмчилгээнээс шалтгаалж байгаа. Мэдээж хэрэг эмнэлгийн хяналтад байгаа учир очиж үзүүлэх цаг хугацааны график гарчихсан байгаа. Эмч нартайгаа холбогдоод л эмчилгээгээ үргэлжлүүлнэ. Ус, агаар, дуу хуур, Монгол хүний нүүр царай миний хувьд их тус болно гэж бодож байна.
-Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, манай улс руу гадаадын хөрөнгө оруулалт оруулж ирэх боломж хомс байгаа. Ийм учраас төсвөө танах бодлогыг Засгийн газрын зүгээс явуулж байгаа. Улс орны эдийн засаг хүндрэлтэй байдлаас гарах гарцыг та хэрхэн харж байна вэ?
-Гарц мэдээж бий. Хамт сууж байгаад эрж хайвал гарц гарна. Үүнд миний санаа бодол хэрэг болбол би баярлана. Түүнээс биш саад болох юм бол би түүнийгээ зүтгүүлээд хүмүүсийн ажил төрөлд саад болох хүсэлгүй. Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд өөрийн эрхгүй зовдог юм билээ. Их юм бодогддог юм билээ. Хэлэх юм их байна. Гэхдээ хийх хүмүүс нь үүнийг хүлээж аваад миний санаа бодол зөв гэж үзэх юм бол ард түмнийг амар амгалан сайхан амьдруулах бололцоо төр засагт байгаа гэдэгт эргэлзэхгүй байгаа.
-Олон нийтийн сонирхдог нэг асуултыг асуух гэсэн юм. МАХН, МАН-тай хамтрах уу. Хэрэв ийм асуудал яригдвал та хэрхэн хүлээж авах вэ?
-Би дөнгөж ирчихээд энэ бүх асуултад түс тас гээд хариулчихаж чадахгүй байна. Ийм бэлтгэл алга. Надаас ч ганцхан шалтгаалах зүйл биш. Үүнтэй хамтаръя, тэрэнтэй болохгүй гээд шууд хэлж мэдэхгүй. Юу ч гэсэн судалъя, ямар нэгэн гарц байгаа байх. Хамгийн гол нь Монгол Улсыг хөгжүүл, Монгол хүний нүүр царай баяр баясгалантай байгаасай л гэж бодож байна. Монголд Олимпийн аварга төрчихөөд Монгол хүн бүр бие биедээ баярлаад, танихгүй ч гэсэн тэврэлдээд явж байсан нь санаанд орлоо. Өдөр бүр Олимпийн аварга төрчихсөн юм шиг байдлаар л бие биедээ ханддаг болъё.
Ц.Энхцэцэг
Эх сурвалж: http://www.tsenzurgui.mn/