АН-ынхан Монголын улс төрөөс өөрсдийгөө баллуурдаж орхив. 2012 онд ялалтын тугаа мандуулж сүр дуулиантайхан Засгийн газар байгуулж байсан тэд хоёрхон жилийн дараа хөнжил дотроо хөлөө жийлцэж, жаргалтай газар хүн тогтдоггүйн үлгэрийг үзүүлсэн. Ардчилсан намынхан төр барьж чаддаггүй гэдгээ Монгол Улсын парламентийн түүхэнд хоёронтоо харуулчихлаа. “Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул” гэдэг үг өнөөдрийн АН-ынханд хамааралтай санагдана. Н.Алтанхуягийнх нь “Шинэчлэл”-ийн тодотголтой Засгийн газар “МАН-тай МАН-гүй засгаа болгочихно” гэж “пээдийгээд” амаараа шороо үмхэж, элгээрээ газар мөлхсөн. Бүр цаашилбал, төрийн мөнгөөр түрийвчээ зузаалж, түмний хөрөнгөөр хөлжөөд авсан үнэн ч бас тэдэнд хамаарна. Хамаарах хамаарахдаа дэндүү их хамаарна. Хамжааргагүй загнасны гор нь гарч ахлах зөвлөх, хүргэн хүү хоёр нь “дээлээ нөмрөх” дээрээ тулчихаад байгаа. Ардчилсан намын дарга асан нь Монгол Улсын эдийн засгийн уутны амыг доош нь харуулаад сэгсэрчихсэн гавьяа байгуулсан тул “огцрох” одонгоор энгэрээ мялаасан. Ерөнхий сайд асныг ийн шагнасан хүмүүс нь АН хийгээд өөрийнх нь толгойлдог “Алтангадас”, өрөөлийн толгойлдог “Шонхор” фракц.
Н.Алтанхуягийн толгойлсон Засгийн газар Монгол Улсыг ямар хүнд нөхцөл байдалд оруулсныг одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн МАН-ын Бага хурлын гишүүдэд илгээсэн захидлын зах зухаас харагдана. “Бидэнд байгаа муу мэдээ нь бид бас ёроолдоо хүртэл уначихаагүй байдал улам дордож мэдэхээр байна. Сайн мэдээ нь бид бүгдийг хяналтаасаа алдчихаагүй засч залруулж болох боломж бүрэн байсаар байгаа юм” /Ч.Сайханбилэгийн МАН-ын Бага хурлын гишүүдэд илгээсэн захидлаас хэсэгчлэн авав/ гэсэн нь өмнөх Засгийн газар улс орныг ямар хүнд байдалд оруулсныг гэрчилнэ. Улмаар “Манай ард түмэн “өнгөрсөн бүхэнд хүн болгон цэцэн, үлтэрсэн маханд шүд болгон хурц” гэж ярьдаг нь ч учиртай. Арагшаа биш урагшаа харж ажиллаж байж бид улам уужуу болно. Унаган улс төрийн хүчин маань бусаддаа үлгэр дууриал болох учиртай. Бидэнд хамтран хийх ажил их байна” хэмээсэн нь Ц.Нямдорж гишүүний хэлдгээр огиудас хүрмээр нялуун үгтэй ажгуу. Үнэхээр Ч.Сайханбилэгийн хүссэнээр улс төрийн ууган хүчин бусдадаа үлгэр дууриал болж ирснийг ард түмэн мэднэ. Цаашдаа ч үлгэр дууриал болсоор байна. Гэхдээ зангараг, тангараг гэдэг хоёр үг монгол хэлний үгийн санд нь байдаггүй АН-ын гишүүдэд хичнээн ч үлгэр дууриал үзүүлээд нэмэргүй ажээ. Тэдгээр хүний нэг нь одоогийн АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд. Ерөнхий сайд нь бүрэн эрхийнхээ хугацаанд намуудтай зөвшилцөж засагтаа уриад, дөмөгхөн шиг ажиллаж байхад “чоно борооноор” гэгчээр эзгүй хойгуур нь дур мэдэн МАН-ыг засгаас хөөх шийдвэр гаргачихсан. Бүр Ерөнхийлөгч хүртэл дуудаж уулзаад ой тоонд нь ортол хэлсэндээ хүрч бай, хэлснээ хэрэгжүүлж бай гэж хэлээд ч нэмэр болоогүй. Эцэст нь Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөх санаатай бичиг явуулсан. Эрхэм Ерөнхийлөгч, “Монгол Улсын Засгийн газрын нэр бүхий зургаан гишүүнийг огцруулах тухай саналтай танилцлаа. Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай санал нь улс орны нийгэм, эдийн засаг, олон улс дахь нэр хүнд, ард түмний аж амьдралд таагүй нөлөөлж, улмаар улс төрийн тогтворгүй байдал бий болгох үр дагавартай байж болзошгүй тул уг асуудлыг дэмжихгүй байгаагаа үүгээр мэдэгдэж байна” гэсэн. Гэвч намын даргынхаа шахаанд орсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ерөнхийлөгчийн үгийг нохой хуцсан чинээ тоосонгүй МАН-ын зургаан сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын даргад өргөн барив. АН-ынхан ийм л увайгүй улс. Ам ажил хоёр нь алд дэлэм зөрдөг энэ “ужиг өвчин” одоогийн Ерөнхийлөгчөөс улбаатай. “Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” гэдэг биз дээ, яг л тэрэн шиг. Ч.Сайханбилэгийн “нялуун үг”, З.Энхболдын “шуналт сэтгэл”, Ц.Элбэгдоржийн “худал үг” гурав ард түмний нуруун дээр хүндхэн ачаа болж бууна гэдгийг эрх баригчид даанч ухаарахгүй байх шиг. Энэ байдал удаан үргэлжилбэл монголын ард түмний дургүйцэл дээд цэгтээ тулна. Эрх баригчид хэлсэн л бол хийдэг байх ёстой. Өчигдөр нэг юм ярьчихаад, өнөөдөр ярьснаа мартдаг ийм маягаар явбал АН өөрсдийгөө л булшилна. Тэдэнд улс төрийн зангараг, төлөвшил үнэхээр дутагдаж байна. АН хэзээ төр барьж сурах юм бол доо, чааваас…