Энэ сарын 10-ны өдрөөс эхлэн Монгол Улсын иргэд Япон улс руу хөнгөвчилсөн нөхцөлтэйгээр зорчдог болж байна. Учир нь Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын иргэдэд гурван жил хүртэлх хугацаатай, нэг удаа 15 хүртэлх хоног зорчих, олон удаагийн виз олгох шийдвэр гаргажээ. Энэ нь энгийн паспорт эзэмшигч Монгол Улсын иргэдэд хамаарах юм.
Өнгөрсөн тавдугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдож Япон улсад ажлын айлчлал хийх үеэр Японы ерөнхий сайд Ш.Абэ энгийн паспорт эзэмшигч Монгол Улсын иргэдэд “Богино хугацааны олон удаагийн виз” олгох болсон тухай мэдээллийг хийсэн. Үүний дагуу Японы Засгийн газар “Аялал жуулчлалыг дэмжин улс орноо хөгжүүлэх” бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэх, мөн Монгол улсын Засгийн газраас тавьж байсан удаа дараагийн хүсэлтийг харгалзан, зөвшилцсөний дүнд энэ шийдвэрийг гаргажээ.