Comment.mn

“Хариуцлагагүй мэдэгдлээс болж гурилын үнэ нэмэгдэж, цаг уурын зөрүүтэй мэдээгээс тариалангаа алдав”

 

 

Сүүлийн хэдэн өдөр тариаланч, салбарын сайд нарын хооронд маргаан дэгдээд байгаа гэхэд болно. Учир юу гэхээр, өнөө жил гантай байгаа учраас тариалангийнхаа 80 хувийг алдана гэж Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн удирдах зөвлөлийн гишүүн, “Молор эрдэнэ орших” компанийн захирал Б.Эрдэнэбат хэвлэлд өгсөн яриандаа дурдсанаас ийн маргаан эхэлсэн. Хамгийн гол нь цаг уурын зөрүүтэй мэдээнээс болж ийнхүү тариалангынхаа ихэнхи хувийг алдахад хүрээд байна гэдгээ тэрбээр ийнхүү тайлбарласан юм. “Өнгөрсөн жил манай улс сүүлийн 17 жилийн туршид огт авч байгаагүй хэмжээний ургац буюу 460 мянган тонн улаанбуудай хурааж авсан. Энэ үед импортын улаанбуудайны асуудлаас үүдэлтэйгээр тариалангийнхан их хэмжээний өрийн дарам­тад орсон. 2012, 2013 онд үнэ тогтворжуулах хө­төл­бөр хэрэгжсэн нь бидэнд эерэгээр нөлөөлсөн. Гэвч өнгөрсөн жил салбарын яамныхны идэвхгүй, санаачлагагүйгээс энэ хөтөлбөр зогссон. Энэ нь ямар уршигтай байсан бэ гэвэл, гурилын үйлдвэрүүд буудайгаа барьцаалан зээл авна гэсэн нь талаар болсон хэрэг. Ингэснээр тариаланчид, гурилын үйлдвэр хоёрын дунд олон тэрбум төгрөгийн өр авлага үүссэн юм.

Энэ жил тариалалт хийхэд ганц сонголт нь нэгж га талбайгаас авах ургацын хэмжээ багассан ч их хэмжээний тариалалт хийж, энэ алдагдлаас гарах байлаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд болсон “Тариаланчдын улсын зөвлөгөөн” дээр цаг уурын мэдээ 100 хувь эсрэг байсан нь одоогийн нөхцөл байдлын эхлэл юм шүү дээ. Тухайн үед тав, зургадугаар сард олон жилийн дунджаас ахиу байхаас гадна долдугаар сард халалт харьцангуй гайгүй байна гэж мэдээлсэн юм. Тариаланчид цаг уурын мэдээг харж тариалалтаа хийдэг.  Хэрэв халалт байх тухай хэлж сануулсан бол бидэнд тариалалтаа хэдийд хийх вэ гэдгээ ярилцах боломж байсан. Тариаланчид төлөвлөсний дагуу буюу тавдугаар сарын 10-25-ны хооронд тарилтаа хийж дуусгасан. Гэтэл үр тариа соёолоод бутлалтын үе эхлэхэд их хэмжээгээр халсан. Тариаланчид төлөвлөсний дагуу буюу тавдугаар сарын 10-25-ны хооронд тарилтаа хийж дуусгасан.  Тухайлбал, 39 хэм хүртэл халсан. Дархан, Сэлэнгийн нутгаар 44 хэм хүрсэн шүү дээ. Энэ нь хар хөрсөн дээрээ 69 хэм хүрсэн гэсэн үг шүү дээ. Ийм хүндрэлтэй тулсан. Цаг уур, орчны шинжилгээний газрынхан хэт гоомой хандсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Тухайн үед цаг уурын мэдээгээр халалттай гэсэн бол бид тариалалтаа 14 хоногоор хойшлуулж болох байлаа. Ингэснээр ийм хүндрэл ирэхгүй байсан хэмээн тайлбарласан.

Тэгвэл Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа сайдын цагт оролцож цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

 

 

нгөрсөн тав, зургадугаар сарын цаг агаарын мэдээ урьдчилсан мэдээллээс зөрсөн, үүнээс болж ажлын горим алдагдсан тал бий гэдэг мэдээллийг та өгсөн. Үүнд хэн хариуцлага хүлээх ёстой вэ?

-Хэн нэгнийг буруутгаж чичлэхээсээ илүү цаашид яах вэ гэдгээ сайтар тунгаах ёстой. Цаг уурын мэдээнээс гадна ган зудын давтамж, жил сарын онцлогийг харгалзан ажлаа төлөвлөх учиртай байсан. Манай яамныхан энэ зун огт амралгүй ажиллаж байгаа. Ургацын комиссыг тусгайлан байгуулсан. Хийх ажил тун их байгаа ийм үед хариуцлага тооцохоосоо илүү хэтээ харж, ажлаа зохицуулах чухал байна. Цаг уурын мэдээ бол урьдчилсан мэдээ байгаа. Үүнээс гадна үечлэл, цаг уурын нөхцөл байдал бусад улс оронд гарч байгаа дүн мэдээ гээд олон талыг харгалзан үзэх нь зүйтэй юм байна. Бид дүн мэдээг газар дээр нь шуурхай авч ажиллах ёстой нь харагдаж байна.

-Ургац хураалт алдагдана гэх мэдээллийн дараа зарим гурилын үйлдвэрүүд үнээ нэмсэн байна. Цаашид гурилын үйлдвэрүүд үнээ нэмэхгүй гэх баталгаа бий юу?

-Ургац алдана гэдэг мэдээллийг хариуцлагагүйгээр хийж байна гэж бодож байна. Энэ бол нийт тариаланчдын үг биш. Цөөн тооны хэдэн хүн л хэвлэлээр ингэж мэдэгдсэн. Ямар ч тооцоо судалгаа, үндэслэлгүй, хариуцлагагүй мэдэгдлээс болж зарим нэг гурилын үйлдвэрүүд гурилын үнээ кг тутамд 80-150 төгрөгөөр нэмсэн байгаа. Цаашлаад гурилан бүтээгдэхүүн, талх, боовны үнэ нэмэгдэх байдал руу түлхэж байна. Иймд тооцоо судалгаагүй, болчимгүй үгэнд итгэж дэвэргэх хэрэггүй.

-Тариаланчиддаа ямар дэмжлэг үзүүлэх вэ?

-Эхлээд нөөцийнхөө мөнгийг бэлдчихье. Дотоодоосоо тариаланчдынхаа буудайг аль болохоор хүнсэнд нийцсэнийг нь худалдаж авна. Манай гурилын үйлдвэр бас авна. Тариалан эрхлэлтийн сандаа нөөц авна. Үлдэж байгаа хэсэг нь малын тэжээлд очиж байгаа. Тэр хэсэг дээр нь худалдаж авч байгаад нь дэмжлэг үзүүлье. Бүр яалт ч гүй уринш болоод үлдэж байгаа алдах нөхцлүүд гарах шинжтэй байна. Тэр нөхцлүүдэд Тариалан эрхлэлтийн сангаас бага хувийн урьдчилгаа төлөөд зээл авчихсан тариаланчдынхаа алдсан хувь хэмжээнд нь тааруулаад зээлийг нь хойшлуулах ийм дэмжлэгийг үзүүлнэ. Өвөл хүндэрч байгаа нөхцөлд мах, гурилын үнээ тогтмол барина. Нөөцөө бүрдүүлж авна.

-Дотоодын буудай чанаргүй, цавуулаг муутай гэсэн асуудал яригдаж байна?

-Хамгийн их хэл ам хийгээд байгаа хүмүүсийн буудайн дээр очоод шалгатал 19 хувийн цавуулагтай гэсэн дүн мэдээ гарсан байгаа. 23-аас дээшээ байж хүнсний улаан буудайд тэнцэнэ. Энэ дээр хэн нэгнийг буруутгана гэхээсээ илүү цавуулгийг нь шалгаад үзэхээр чанар нь тааруу байсан. Цавуулгаа сайжруулахын тулд, хөрсөө сайжруулах, бордоогоо чанаржуулья, аж ахуйн нэгжүүдээ дэмжье гэсэн бодлого барьж байна. Цавуулгаа сайжруулахын тулд ирэх жил тариаланчдадаа бордоог 40 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлнэ.

-Буудайгаа малын тэжээл болгож байгаа тариаланчдад ямар дэмжлэг үзүүлэх вэ?

-Гангийн асуудалтай холбоотойгоор хүнсэнд нийцэхгүй будаагаа малын бэлчээр хэцүүдсэн газар дээрээ малын тэжээл болгоё гэж байгаа. Дээр нь татварынх нь хөнгөлөлтийг өгье. Нөөц бэлтгэхэд хөрөнгө мөнгийг нь гаргаж өгье гээд зохицуулалт хийгээд явж байна.

-“Газар тариалан” холбооны тэргүүн Л.Цандэлэгийг ямар шалтгаанаар шүүхэд өгсөн юм бэ?

-Интернэтээр үг хэлэх үзэл бодлоо илэрхийлсний төлөө намайг шүүхэд өглөө гэсэн тайлбар яваад байна лээ. Тийм юм байхгүй. Надад хувийн Фэйсбүүк, твиттерийн хуудас байдаггүй. Албан ажлынхаа хүрээнд албаныхаа мэдээллийг хүргэдэг хуудас байгаа. Олон нийтийн сүлжээгээр намайг шүүмжлэх, гүтгэх, шог хошин эвлүүлэг хийх зэргээр гаргадаг. Би тийм мэдээллийн төлөө шүүхэд хандаагүй. Харин намайг албан тушаалаа ашиглан авлига авсан мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн.

Ийнхүү маргааны зангилаа болсон тариалангаа бид энэ жил 80 хувь биш 40 хувь алдах магадлал гэдгийг ч тэрбээр онцоллоо. Одоогоор ургацын нийт дүнгийн албан мэдээ гараагүй байна. Ургацын ерөнхий бланс 8 сарын 25-нд гарна. Нийт тариалангийн 2.7 хувь онц, 43.8 хувь  сайн, 43.5 хувь нь дунд, 2 хувь нь муу соёолсон байна. Зургадугаар сард нийт нутгаар хэт халалттай байсан тул тариалалтын өсөлт зогсож, ихэнх талбай бутлаагүй тул нийт ургацын 40 хувийг алдах магадлалтай байна. Дорнод, Архангай, Өвөрхангайд нийт талбай хэвийн ургацтай байгаа. Тариалалтын дийлэнх хувийг бүрдүүлдэг Сэлэнгэ, Төв аймгийн нөхцөл байдал тааруу байгаа. Сэлэнгэ аймгийн тариаланчид нийт ургацынхаа 65 хувийг бүрэн авна. 10 хувийг нь авах боломжгүй болсон. Үлдсэн 25 хувь нь ургац хураалт эхлэх хүртэл ургах боломжтой эсэхийг харна гэсэн мэдээлэл ирүүлсэн. Харин Төв аймаг нийт тариалалтынхаа 60 хувийг авах тооцоотой байна. Хамгийн хүнд нь Хэнтий аймаг. Хэнтий аймаг нийт ургацынхаа 30 хувийг л авах боломжтой байгаа.

Энэ сарын долооноос эхлэн үүлэнд нөлөөлөх байдлаар Төв аймагт бороо оруулах ажлыг хийсэн. Нийт 53 пуужин харвасан. Бусад тариалангийн бүсэд бороо оруулах зорилгоор бусад аймагт байгаа үүлэнд нөлөөлөх пуужинг татаж ирүүлэх хүсэлтээ БОНХЯ-нд хүргүүлсэн.  Нийт улаанбуудай тариалсан талбайгаас 465 мянган тонн ургац авах төлөвлөгөөтэй байсан. Зуншлага тааруу болсноос үүдээд 280 мянган тонн орчим улаанбуудай авах боломжтой гэж үзэж байгаа. Тухайлбал, Хэнтий аймагт нэг га талбайгаас 3.5-6 цн улаанбуудай авах боломжтой. Дорнод болон бусад зуншлага сайн байгаа аймгаас өндөр хэмжээний ургац авна. Монгол Улс жилд 250 мянган тонн улаанбуудай хүнсэнд хэрэглэдэг. Ирэх онд гол хүнсний бүтээгдэхүүн болох мах, гурилын үнийг нэмэхгүй байх зорилго тавьж байгаа. Тиймээс дотоодын хэрэглээгээ хангах, ирэх онд тариалан хийхэд үр хэлбэрээр ашиглах зорилгоор 150 мянган тонн буудай импортлох шаардлага гарч байгаа. Үүний хөрөнгийг шийдвэрлэх асуудлыг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх болно. Тариаланчдыг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй үнээр тоног төхөөрөмж нийлүүлэх ажил зохион байгуулж байна. Нийт 3000 гаруй бага оврын таракторыг урьдчилгаа төлбөргүй нийлүүлсэн. Ингэснээр тариаланчдын техникийн чадвар 5 хувиар, зүтгэх хүчний чадвар 8 хувиар өссөн хэмээлээ.

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.