Монгол бөхийн их баярыг Увс аймагт тэмдэглэн өнгөрүүлж байна. Монгол Улсын дархан аварга, XX зууны манлай бөх Х.Баянмөнх аваргын хөшөөт цогцолборын нээлт өнөөдөр ёслол төгөлдөр боллоо. Нээлтийн ёслолын үеэр дархан аварга А.Сүхбат, Монгол Улсын аварга С.Мөнхбат, Монгол Улсын арслан Д.Ганбат, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, гарьд Б.Гантогтох, заан Б.Бумбаяр тэргүүтэй “Шонхор” клубийн хамт олон багшдаа хүндэтгэл үзүүлж алтан аяга бэлэглэлээ. Дархан аварга А.Сүхбат “ Монголын баруун хязгаарт Монгол бөхийн их баяр тохиож байна.
Бид бүхнийг 15, 16 настай хүүхэд байхаас аав, ээжийг минь орлож алган дээрээ авч явж өдий зэрэгт хүртэл өсгөж хүмүүжүүлж, өнөөдрийн энэ алдрын оргилд хүргэсэн тандаа туйлаас баярлаж явдаг. Дэлхийн их бөх төдийгүй сурган хүмүүжүүлэх ухааны доктор багш минь чамгүй их зүйлийг хийж бүтээсэн.
Цаашид ч хийж болно. Багш минь та урт удаан наслаарай” гэв. Улсын аварга С.Мөнхбат ”Буянтай буурал аваргаараа бид бүхэн үргэлж бахархаж хүндэлж явдаг. Эрүүл энх байж урт удаан наслаж хайр энэрэлээ түгээж, ухаант үгсээ харамгүй хэлж байгаарай гэж тандаа хүсэн ерөөе. Нутгийнхаа ард түмний өмнө тандаа хайртай шүү гэж хэлмээр байна” гэв.