Comment.mn

Орон сууцыг орцоор нь худалдаж аваад түрээслүүлдэг болжээ

 

 

Орон сууцны үнийн индекс сүүлийн зургаан сар дараалан буурсан сайхан мэдээг үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компани дуулгалаа. Тус компаниас гадна “Актив зууч”, “Монголиан Пропертис” компани эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачидтай хамтран орон сууцны суурь үнийн хандлагыг тодорхойлсон байна. Тус судалгаагаар өнгөрсөн сард хуучин орон сууцны үнэ 1.5 хувиар буурсан бол шинэ орон сууцны зах зээлд үнийн үзүүлэлт хагас жилийн хугацаанд аажим буурч, харьцангуй тогтворжих хандлагатай байгаа гэнэ. Энэ үеэр хуучин орон сууцны үнэ өсч, шинэ орон сууцны үнэ тогтворжих хандлагатай буйг Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач З.Манлайбаатар онцолсон юм. Тэдний өгсөн мэдээллээр, өнгөрсөн сард орон сууцны үнийн индекс 2013 оны мөн үеэс 17.9 хувийн өсөлттэй гарчээ.
Энэ нь өмнөх сараас 0.9 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өмнөх үнэтэй харьцуулахад орон сууцны үнэ 2.24 хувиар буурсан байна. Түүнчлэн нийслэлд орон сууцны 339 төсөл хэрэгжиж буйгаас 21- ийнх нь ажил зогсч, 59 төслийн захиалга эхлээгүй байгаа аж Тэгвэл шинэ орон сууцны дундаж үнэ Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт эсрэг үзүүлэлт заажээ. Харин хуучин орон сууцны хувьд хоёр өрөө байрыг дунджаар 97.8 сая төгрөгөөр худалдаалж байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс дөрвөн хувиар буурсан үзүүлэлт гэдгийг тэмдэглэсэн байна. Тэгвэл “Реал пропертис Улаан баатар” компаниас нийс- лэлийн шинэ, хуучин орон сууц борлуулах зарын мэдээлэлд дүгнэлт хийжээ. Энэ оны эхний сард долоон дүүргийн нийт 433 орон сууцны борлуулах зарын мэдээлэл цуглуулахад Баянзүрх дүүргээс хамгийн олон орон сууц арилжаанд орсон байх юм. Харин үнийн хувьд нэг өрөө байр дунджаар 63.9 сая төгрөгийн үнэтэй байгаа аж. Үүнээс хамгийн бага үнэтэй нь 32 сая байсан бол дээд хэмжээг нь 130 сая төгрөг байх юм. Дүүргээр авч үзвэл “Сүхбаатар болон Хан-Уул дүүрэгт орон сууц хамгийн өндөр үнэтэй байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд” гэсэн “Тэнхлэг зууч” компанийн судалгаатай ижилссэн байна. Дээрх баримтаас үзэхэд орон сууцны нийлүүлэлтийн хувьд сүүлийн жилүүдэд эерэг дүр зураг харагдаж байгаа юм. Харин эрэлт тал дээр бодох зүйл бий. Манай улсад жилд 10 гаруй мянган гэр бүл шинээр бүртгүүлдэг гэсэн статистик бий. Харин тэдний хэд нь орон сууцанд гал голомтоо бадраадаг вэ гэсэн асуулт ичмээр хариулт дагуулах нь дамжиггүй.
Уг нь, “Шинэчлэлийн” Засгийн газрын даалгавраар орон сууцны эрэлт, нийлүүлэлтийг дэмжих зорилгоор Монголбанк гурван их наяд төгрөгийг сүүлийн хоёр жилийн туршид арилжааны банкуудаар дамжуулан зах зээлд нийлүүлсэн. Гэвч тодорхой үр дүнд хүрсэн нь үгүй. Тэгвэл эдийн засагч Д.Жаргалсайхан “Хамгийн бохир агаартай нийс- лэлд гурван өрөө байр дэлхийн хөгжилтэй улсын Дэн вэр, Амстердам зэрэг томоохон хотын хаустай адил үнэтэй болжээ” хэмээн тэмдэглэсэн нь бий. Одоогийн байдлаар нийслэ- лийн нийт хүн амын 60 хувь нь гэр хороололд амьдардаг. Тэдний хамгийн хэрэгцээтэй хийгээд үнэтэй “бараа” нь орон сууц. Хэдийгээр гэр хороололд амьдарч буй иргэд “Орон сууцны үнэ буурлаа” гэсэн сайхан мэдээг дуулсан хэдий ч мөнгийг нь тоолж өгөөд худалдаад авах тэнхээ алга. Ийм байдлыг харин чадамжгүй эрэлт хэмээн нэрийддэг. Тэгээд ч бид сайд, дарга нарын амнаас “Тайван бай. Орон сууцны нийлүүлэлт ихсэхээр үнэ бууна” гэж онолдохыг бишгүйдээ сонссон. Гэтэл нийслэлийн булан тохой, нүх сүв бүхэнд орон сууц сүндэрлүүлж, цэцэг ургах зайгүй болтол барилга чихээд байхад орон сууцны үнэ яагаад буурахгүй байна гэсэн асуулт үргэлж хариу нэхсээр байна. Энэ нь мөнгөтэй хүмүүс орон сууцыг бөөнөөр нь худалдаж аваад түрээсийн бизнес эрхлэх болсонтой холбоотойг ч учир мэдэх хүн өгүүлж байна. Энэ нь манай улсын хувьд мөнгөө өсгөх хамгийн эрсдэлгүй бизнес болдог ажээ.
Орон сууцыг орцоор нь худалдаж аваад түрээс- лүүлдэг хүн ч бий гэх. 3-5 орон сууцтай хүн тоолж барахгүй олширсон гэнэ. Одоогоор нэг өрөө байрны түрээс багаар бодоход 450 мянган төгрөг. Түрээслэгч гурван байртай гэж үзвэл жилд 16.2 сая төгрөгийг ямар ч шимтгэл, татваргүй халаасалж байна. Бүр орцоор нь худалдаад авчихсан хүн ямар хэмжээний ашиг олох нь бүр ч ойлгомжтой. Тэгвэл хоёр жилийн өмнө Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөгжлийн зөвлөлийн дарга Ц.Дашцэрэн “Эрэлт нь нийлүүлэлтээ гүйцэхгүй байгаа өнөөгийн нөхцөл байдалд хийсэн судалгаагаар орон сууцны үнэ 2020 он хүртэл өсөх үзүүлэлттэй байгаа” дүгнэлтийг дуулгаж байсан удаатай.

Д.БУЛГАН

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.