-Энэ жил чамгүй том бүтээн байгуулалтын ажил хийж байна. Хотын захирагчийн хувьд нийслэлийнхээ иргэдэд асуудлаа ойлгуулж, тодорхой арга хэмжээ авч ажиллахыг зорьж байгаа. Олзуурхууштай нь, ажил хуваарийн дагуу явж байна. Энхтайвны өргөн чөлөөний дагуух дулааны шугам тавих ажлын эхний хэсэг графикт хугацаанаасаа хоёр хоногийн өмнө дууслаа. Ер нь хугацаанаас нь өмнө дуусгахыг хичээж байна. Бороотой уралдаж ажиллах шаардлага тулгараад байна шүү дээ.
-Зам засварын ажил хэзээ дуусах вэ. Иргэдийн хувьд зуслан гарах цагаар зам засч байгаад бухимдалтай байна.
-Хойд зүгт зуслангийн зам засварын ажил төлөвлөгөөний дагуу яваа. Есдүгээр сарын 15- наас аравдугаар сарын 1 гэхэд зуслангийн зам үндсэндээ дуусна. Гэхдээ зуслангийн замын ажлын далангийн асфальтан хучилтыг энэ жилдээ хийгээд, ирэх жил хөнгөн хучилтаа хийе гэж бодож байна. Тиймээс бид хойд чиглэлийн зуслангийн иргэдтэй уулзаж, саналыг нь асуух бодолтой байна. Иргэдээсээ үүнийг гуйх гэсэн юм. Ингэснээр замыг технологийн дагуу тавих боломжтой. Хугацаандаа багтаан өнгөн хучилтыг хийж болох ч чанарыг бодолцох хэрэгтэй. Замын суурийг сайн тавибал чанартай болно. Гэхдээ иргэд маань зөвшөөрөхгүй бол замын ажлыг энэ ондоо бүрэн дуусгаж таарна.
-Жилийн дараа АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт Улаанбаатарт болно. Танай зүгээс хэр бэлдэж байгаа вэ?
-АСЕМ-д оролцох төрийн тэргүүн, зочид төлөөлөгчдөд зориулсан зочид буудлыг барьж байна. Ирэх аравдугаар сард эхний зочид буудлыг ашиглалтад оруулчих байх. Хамгийн сүүлийн хугацаа нь ирэх оны тавдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Хүрхрээд барьж байгаа хаус хорооллыг улс орны төрийн тэргүүн, дээд хэмжээний зочдод зориулсан зочид явсны дараа хүн үйлчлүүлдэггүй орон сууцны хотхонтой үлдэж болохгүй. Тиймээс хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтаар эдгээр хаусыг барьж байгаа юм.
-Улаанбаатар хот бороо орсны дараа ямар байдалтай байгааг та харсан байх. Шинээр барьсан автозамуудад ус зайлуулах шугам хоолой барьсан ч хуучин зураг төслөөр хийсэн учраас хүчин чадлаа дийлэхгүй байна гэж тайлбарлаж байна. Ус зайлуулах хоолойг нэмж барих боломжтой юу?
-Ус зайлуулах хоолойг хуучин зураг төслөөр барина уу, шинээр барих уу гэдгээс хамаарахгүйгээс ус зайлуулах хоолой тодорхой хэмжээний усыг л зайлуулна. Бороо бидний тооцсоноор орохгүй. Дээр нь ган болсон учраас хөрсөнд ус шингэхгүй үерийн байдалд оруулдаг. Өчигдрийн /уржигдар/ борооны хувьд газар хатаад ус шингээх чадваргүй үед их хэмжээгээр бороо орсноор хөрсний шингээх чадвар алдагдсан. Ийм үед ус зайлуулах ямар ч байгууламж үүнийг зайлуулж чадахгүй.
Эх сурвалж: www.Монголын үнэн сонин