Comment.mn

Өнөөдөр төрийн далбааны өдөр


Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн “Төрийн далбааны өдөр”-ийн Цэргийн ёслолын жагсаал 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагаас эзэн Чингис хааны талбайд ёслол төгөлдөр болох юм.

Жанжин туг залах, Монгол Улсын Төрийн далбааг мандуулах, Цэргийн ёслолын жагсаал жагсах  энэхүү сүрт ёслол нь цэрэг-иргэний харилцааг бэхжүүлсэн, эх оронч, үндэсний бахархлыг дэврээсэн, нийслэлийн иргэдийн хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээ болжээ.

Цэргийн ёслолын жагсаалыг анх удаа жанжин Д.Сүхбаатарын санаачлагаар 1921 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Нийслэл хүрээнд явуулж эхэлснээс хойш эдүгээ 93 жил болж байна. Цэргийн ёслолын жагсаал нь 1996 онд Монголын тулгар төр байгуулагдсаны 790, Ардын хувьсгалын 75 жилийн их ойн баяр наадмын нээлтийн үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд, 2005, 2009, 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байв.

Харин 2008 оноос Төрийн далбааны өдрийг тэмдэглэх болсоноор Улсын их баяр наадмын өмнөх өдөр Цэргийн ёслолын жагсаалыг жил бүр уламжлал болгон эзэн Чингис хааны талбайд хийх болжээ.
Энэ жил Зэвсэгт хүчний 19 анги, байгууллагын 1300 цэргийн алба хаагч, Үндэсний  аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын 512, нийт 1812 цэргийн алба хаагч жигдрэн жагсаж, хөл нийлүүлэн цэргийн сүр хүч, жавхаа хийморийг илтгэн байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулинд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн” гэж заасан байдаг.

Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандаж, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор 2008 онд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 2 дугаар бүлгийн 5 дахь зүйлийн 5.1.15-д “Монгол Улсын төрийн далбааны өдөр: Долдугаар сарын 10” хэмээх нэмэлт өөрчлөлтийг оруулсанаар монголчууд нийслэлийн төв талбайдаа цэргийн ёслолын жагсаал жагсч, төрийн далбаандаа албан ёсоор хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтоод өдгөө тав дахь удаагаа зохион байгуулагдаж байна.

Эх сурвалж: www.dorgio.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.