Comment.mn

Монголчууд үнэлгээ,тооцоо,хөнгөлөлтөөр цөлмүүлэх нь


Оюутолгой төсөлд зөвхөн 2010-2012 онд нийт 2 тэрбум гаруй долларын зөрчил, луйвар гарсныг гурван сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг баримттайгаар тогтоосон билээ. Эрх баригчид үндэснийхээ сэхээтнүүдийн үнэн үг,зөвлөгөөг үл тоомсорлож, харин гаднын “эдийн засгийн алуурчдын” заавар, зөвлөгөөг дагаж ирсэн нь урагшгүй байдал үүсэх нэг гол шалтгаан болсныг өдгөө монголчууд сайтар мэднэ. 
Оюутолгойн гэрээг байгуулахаас  2 жилийн өмнө судлаач Р.Эрхэмбаяр “Монголчууд үнэлгээ, тооцоо,хөнгөлөлтөөр цөлмүүлэх нь” гэх өгүүллийг  2007 оны 5дугаар сарын 10-ны өдөр “Зууны мэдээ” сонинд нийтлүүлэн Оюутолгойн эргэн тойронд гарч болзошгүй элдэв луйвар,булихай,алдаа,төөрөгдлөөс сэрэмжлүүлж байжээ. 
Өнөөгийн өндөрлөгөөс эргэж харвал, Оюутолгойд луйврын гэрээ байгуулагдсан нь монголчуудын мэдлэггүй,туршлагагүйгээс болсон биш, харин эрх баригчдад хүсэл, зүтгэл,чадвар дутсанаас болсон нь тодорхой байна. 
Уг нийтлэлийг бүрэн эхээр нь уншигчдынхаа анхааралд хүргэж байна.
Орлого – Зардал = Ашиг
Аливаа бизнесийн үйл ажиллагаа эдийн засгийн талаасаа ерөнхий зарчмуудад захирагдах агаад аль болох бага зардал гаргаж аль болох их орлого,ашиг олох нь үүний нэг илрэл юм. Гэхдээ бизнес эрхлэгчийн санаархал, сонирхлоос шалтгаалан бодит орлогыг бага болгож харагдуулах, бодит зардлыг өсгөж тооцох, улмаар бодит ашгийг бууруулж гаргах явдал цөөнгүй тохиолддог нь бас маргахын аргагүй бодит үнэн.
Дэлхийн бизнесийн практикт иймэрхүү арга замаар буурай орныг цөлмөдөг жишиг бий болоод удаж байгаа билээ. Онолын хувьд энэ асуудал өнгөрсөн зууны 70-аад оноос хүчтэй яригдсан бөгөөд ийм луйврыг юуны өмнө үндэстэн дамнасан корпорациудын үйл ажиллагаатай холбож хурцаар шүүмжилсэн байдаг.
Корпорациуд өөрийн боломжид түшиглэн, мөн буурай орны хууль, хяналтын тогтолцооны сул тал, эрх баригчдынх нь хээл хахуульд өртөмтгий, мэдээлэл мэдлэг багатай байдлыг овжин ашиглаж үйлдвэрлэлийн зардлаа дотоод тооцооны аргаар зориудаар өсгөн нэмэгдүүлж, улмаар буурай оронд ногдох  орлого,ашгийн хэмжээг санаатайгаар бууруулж байсныг зүй ёсоор шүүмжилж байв.
Одоо ч дээрх арга,практик өнгө зүсээ хувиргаад даяаршил,зах зээлийн либералчлалын далбаан дор агуулгын хувьд улам төгөлдөржин хэрэгжиж буй болой.
Харин цаг цагаараа,цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэгчлэн өнөө үеийн нэг онцлог нь өмнөх үе, бусад орны гашуун туршлагаас сургамж авч алдаа,эндэгдлийг давтахгүй байх, түүнээс урьдчилан сэргийлэх боломж нэмэгдсэнд оршино.
Өөрөөр хэлвэл, Монголын баялгийг гаднын хөрөнгө оруулагчидтай хамтран ашиглах тохиолдолд элдэв бусармаг практик гарах эсэх буюу гаргуулахгүй байх нь Монголын талын шийдвэр,үйл ажиллагаанаас  зонхилон хамаарна.
Оюутолгойн орд газрын их баялгийг ашиглах асуудал ид яригдаж буй энэ үед үүнийг сайтар тунгааж, ёстой л долоо хэмжиж нэг огтлох шаардлагатай.
Гэтэл Оюутолгойн ордыг ашиглах хэлэлцээний зарим үр дүнгээс үзвэл, Монголын тал үндэсний эрх ашиг ба бизнесийн ашиг сонирхлоо огт хамгаалж чадаагүй аж. Үүнийг зөвхөн дараах цөөн үндэслэл,баримт гэрчилнэ.
Үнэлгээний “луйвар” буюу ирээдүйн орлогыг зориуд багаар тооцож буй нь
Сонирхол татахуйц ямар хэмжээний баялаг байна вэ гэдгээс бүх тооцоо,төлөвлөгөө эхлэлтэй. Оюутолгойд 32 сая тн цэвэр зэс, 1000 тн алт, 2000 гаруй тн мөнгөний  нөөц бий гэж буй. Олж тогтоосон гэх нь энэ. Цаана нь бас ямар баялаг дараастай байгааг ирээдүй харуулна.
Тодорхой гэх энэ баялгийг (металл авалт зэсэд 90 хувь, алтанд 80 хувь байна гэж үзээд) дэлхийн зах зээлийн үнийн өнөөгийн төвшнөөр  барагцаалан үнэлвэл 250 тэрбум доллар хүрэхүйц дүн гарна.
“Айвенхоу майнз” компанийн эзэн ч Оюутолгой асар их баялагтайг удаа дараа батлан мэдэгдэж байсан. Тухайлбал, 2005 оны 3 дугаар сард Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын нэгэн бага хурал дээр, Оюутолгойд  “дор хаяж 100 тэрбум долларын металл байгаа нь тодорхой байна” гэсэн. Тэр үед тогтоосон нөөцийн хэмжээ одоогийнхоос нэлээд багаас гадна алт,зэсийн үнэ ч доогуур (нэг унц алт 420, нэг тн зэс 3300 долларын босгыг давж) байв. Тэгэхээр одоогийн нөөц ба үнийн илүү өндөр (алт 680 доллар, зэс 8200 долларын) төвшнөөр бодоход Оюутолгойд бүр дор хаяж 200 тэрбум долларын баялаг байгаа нь гарцаагүй аж.
Ийм байтал 2005 оны 10 дугаар сард танилцуулсан “Орд ашиглалтын Цогцолбор төлөвлөгөө”-нд 35 жилийн хугацаанд олох нийт орлого,ашгийн хэмжээг ихээхэн багаар тооцсон нь гайхшрал төрүүлж байсан. Уг төлөвлөгөөнд суурь үнийг  зэсэд 2200 доллар, алтанд 400 доллараар авсантай юуны өмнө холбоотой байв. Суурь үнийг хэт доогуур авсан байна, мөн  маш олон  (35 хүртэл) жилд хамаатуулан бодитой бус хандаж байна гэх шүүмжлэл түүнээс хойш олон удаа гарсан.
Сарын өмнө тохиролцсон Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд нийт 28,4 тэрбум долларын орлого олохоор тусгасан гэж буй нь урьдын суурь үнийг онцын өөрчлөлтгүйгээр хэвээр нь үлдэжээ гэсэн үг.
Суурь үнийг ийнхүү их доогуур төвшинд авсаар байгаа нь эхлээд харахад төслийн тооцоог тун болгоомжтой хийж байгаа мэт. Том төсөлд буурьтай хандах ч ёстой. Гэхдээ л үнийг ингэж хэт багаар аваад байгаа нь цаанаа бас учиртай гэж ойлгогдож  байна. Учрыг нь олж, хужрыг нь тунгаахыг хичээвэл дараах дүгнэлтэд хүрч болно.
Гадны хөрөнгө оруулагч мэдэлдээ авах гэж буй бодит баялгийн хэмжээг багасгаж харагдуулах,төслийн үр ашгийг зориуд тун даруу тооцох, өмчийн эзний эзэмшвэл зохих хувь хэмжээг “хязгаарлахад” чиглэсэн “үндэслэл” гаргах, дээрх бүрхэг,хийсвэр нөхцлүүдээр Монголын талтай аль болох урт хугацааны гэрээ байгуулж “наймаа” хийх, гэрээ байгуулсны дараа компанийн хувьцааны үнийг ихээр өсгөх урьдчилсан нөхцөл бүрдүүлэх эрмэлзэлтэй байна хэмээн томъёолж болно.
Энэ бүхнийг зах зээлийн харилцааны нөхцөлд байдаг ердийн үзэгдэл,араншин хэмээн үзээд тэвчиж болох мэт боловч бүхэл бүтэн улс,үндэстний хувь заяатай холбоотой асуудал дээр харин хүлээн зөвшөөрөх аргагүй зүйл гэж үзэх ёстой. Энэ утгаар тунгаан цэгнэвэл, гадаадын компаниуд Монголын талыг зөөлөн хэлвэл санаатайгаар төөрөгдүүлэх, хатуухан хэлвэл хууран мэхэлж луйвардах оролдлого хийж байна гэж ойлгогдохоор байгаа юм. Хамгийн хачирхалтай нь, Монголын талын эрх мэдэлтнүүд ийм оролдлого,санаархлыг няцаахын оронд харин ч гэрээ хэлэлцээний явцад хүлээн зөвшөөрч, ноцтой алдаа гаргачихаад ухаарч сэхэхийг ч завдалгүй  хөөрцөглөсөөр буйд оршино.
Хэт доогуур үнээр баялгийг үнэлж тооцоход, ирээдүйн орлогын хэмжээ багасч илэрхийлэгдэхээс  гадна бизнесийн үр ашгийн төвшин багасч гарна. Гэтэл хүлээгдэж буй цэвэр ашгийн төвшин ба үнэмлэхүй хэмжээ нь өмчийн эзэн ба тухайн бизнест хувь нийлүүлэн оролцогчдын эзэмших хувь хэмжээг анхнаас нь зүй зохистой тогтооход онцгой чухал ач холбогдолтой үзүүлэлтүүд. Иймд ямар үнийг суурь болгох нь анхаарлын гадна үлдэх асуудал огт биш.
Хэт доогуур үнээр тооцоход ч Оюутолгой төслийн (анхны хөрөнгө оруулалтын зардал өндөртэй II шатны буюу Өргөтгөсөн хувилбарын) ашгийн төвшин бараг 20 хувьтай гарч байсан билээ. Энэ нь томоохон бизнесийн хувьд дэлхийн практикт тэр бүр, тэгэх тусмаа урт удаан хугацааны туршид баталгаатай шахуу тохиолддог зүйл ер биш. Уг төлөвлөгөөнд хөрөнгө оруулалтын 1 доллар тутмаас жил бүр 0,20 хүртэл долларын цэвэр ашиг олохоор, анхны хөрөнгө оруулалтыг 6,5 жилийн дотор нөхөхөөр тусгасан байв. Ийм өндөр ашигтай бизнес эрхлэх хувь тавилантай хэнбугай ч азын тэнгэрийн ивээлд эгнэгт орсонтой адил юм.
Одоогийн Хөрөнгө оруулалтын гэрээгээр тохиролцох гэж буй бизнесийн үр ашгийн төвшин ямар байгаа нь тодорхойгүй байна. Гэхдээ бодит үр ашиг нь өмнөх (зориуд бууруулж тооцоолсон) 20 хувиас бага гарахгүй байх бүрэн үндэстэй. Яагаад гэвэл,суурь үнийг илүү бодитой гэхээр төвшинд авч тооцвол, төслийн үр ашиг хамаагүй өндөр гарна.
Энэ нь Оюутолгой ямар гайхамшигтай орд болохыг илтгэхийн зэрэгцээ хамгийн гол нь монголчууд ямар их  үр өгөөжтэй баялгаа бусдын мэдэлд шилжүүлэх гэж байгааг дэндүү тод томруун харуулна.
Эрүүл ухаантай ямар ч хүн өөрийн өмч хөрөнгийг зах зээлийн бодит ханшаас олон дахин багаар үнэлүүлээд бусдын мэдэлд шилжүүлэхгүй. Гэтэл эцсийн дүндээ яг ийм утгатай тохиролцоонд 3 сар хэлэлцээд хүрсэн болж таарч байгаа юм. 30 жилийн хугацаанд 15,5 тэрбум долларын орлого,ашиг олно гэж баярлаад хариуд нь дор хаяж 132 (= 200х66%) тэрбум доллараар хэмжигдэх баялгийнхаа эзэмших эрхийг зүгээр л бэлэглэх нь.
Луйврын шинжтэй ийм “наймааг” зарчмын хувьд зөвшөөрч тохиролцож болно хэмээн удирдамж,чиглэл өгч байдаг Засгийн газар зөвхөн өнөөгийн Монголд л байдаг байх. Бусдын баялгийг эзэмшил,хяналтдаа оруулахын төлөөх тэмцэл дэлхий даяар аль хэдийнэ өрнөөд эхэлсэн үед ихэнх улс үндэстэн алдсан баялгаа өөрийн мэдэлд хүчээр ч хамаагүй  эгүүлэн авч байхад манайд харин яг эсрэгээр бэлэглэх гэж байна.
Эрх баригчдын хийж буй энэ үйлдлээр бол өвөг дээдсээс маань алтан амь,бүлээн цусаараа хамгаалан байж хадгалж үлдээсэн баялгийг үнэгүйдүүлэн харийнханд өгчихөөд  санаа амран гуйлгачин болох  ёстой юм гэнэ.
Тооцооны “луйвар” буюу зардлыг зохиомлоор өсгөдөг арга
Луйврын шинжтэй элдэв оролдлого байсхийгээд л гардаг нь зах зээлийн тогтолцооны төрөлхийн гажиг юм. Эдгээр гол төлөв хууль бус үйлдлээс сэрэмжлэх, үүсэх хохирлыг хязгаарлах,илрүүлэн тогтоож барагдуулах эцсийн үр нөлөөтэй механизм бол төрийн ба компанийн хяналт,шалгалтын боловсронгуй тогтолцоо,арга хэрэгсэл байдаг билээ.
Хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр, Төмөр зам гэх мэтэд хэрэгцээгүй бараа шахчихжээ, өндөр үнээр сэлбэг,төхөөрөмж худалдчихжээ гэх хэл ам багагүй гарч байсныг бид бишгүйдээ мэднэ. Хадгаламжийн банкийг гадаадынханд худалдсаны дараа 14,2 тэрбум төгрөг дансанд алга байгаа нь  гэнэт илрээд бүх байдгаараа хяналт шалгалт болоход дээрх их мөнгийг тооцооны нарийн аргаар удаан хугацааны туршид идэж ашигласныг зах зухаас нь олж тогтоов.
Энэ бол хувьцааных нь дийлэнх хэсэг Монголын эзэмшилд байгаа буюу байсан компаниудад төрийн бүрэн (гэхдээ сульдсан) хараа хяналт дор болсон бусармаг хэрэг явдлууд. Тэгвэл хянаж чадахгүй, хянахыг ч хүсэхгүй байгаа Оюутолгой төсөл дээр Монголын орлого,ашгаас хасч шамшигдуулсан ямар гээч юм болохыг яаж мэдэж,тогтоож,хязгаарлаж,таслан зогсоох вэ. Шууд хэлэхэд, компанийн хувьцааны ихэнх хэсэг болон менежментийн бүх гол гогцоо асуудал гаднынхны бүрэн мэдэлд очсон нөхцөлд Монголын талын хянах,зохицуулах боломж тун хомс байх болно. Гэтэл яг ийм хянах боломжгүй ноцтой байдал үүсэхийг гэрээгээр одоо бүрмөсөн хүлээн зөвшөөрөх гээд зүтгээд байна.
Бороогийн алтны ордын жишээнээс харахад л бүх юм ойлгомжтой. Монголын баялгийг гэгээн цагаан өдөр тонож цөлмөх боломж олгосон Тогтвортой байдлын гэрээ гэгчийг одоо засч залруулж чадахгүй л байна шүү дээ.
Гаднын компаниудын бараа,үйлчилгээний ба балансын тооцооны янз бүрийн нарийн аргын урхи,дөнгөнд сайн дураараа олон арван жилээр орвол Монгол улс ирээдүйд үлэмж их (магадгүй бүр тэрбум доллараар хэмжигдэх) орлого,ашгаа алдах үүд хаалгыг нээсэнтэй адил. Өөрөөр төсөөлж яривал, юмыг бодитойгоор харахыг хүсэхгүй байгаа хэрэг.
Одоо л гэхэд Оюутолгойд зарцуулсан гэх мөнгө сар сараар толгой эргэм хурдацтай өссөөр буй. Саяхан л 300 сая гэж байсан тоо одоо 400 гаруй сая доллар болж яваа. Монголын тал үүний худал,үнэнийг магадлан шалгаж чадахгүй гэдгээ нэгэнт хүлээн зөвшөөрөөд, гадаадын аудитын компаниар хянуулна гэж мэдэгдэв.  Харин тэр шинжээчид нь буруу дүгнэлт гаргавал яах юм бол доо.
Оюутолгойн уурхай ба баяжуулах үйлдвэрийг байгуулах хөрөнгийн зардал ч анх мэдэгдэж байснаас улам бүр нэмэгдээд байгаа нь анзаарагддаг. 2005 оны Цогцолбор хэмээх төлөвлөгөөнд 1,4 тэрбум доллар гэж байсан бол одоо 2,7 тэрбум болчихсон байгаа бололтой.
Энэ бүгд бол зөвхөн эхлэл. Гэрээг байгуулаад ажиллаад эхлэхэд Монголд ногдох орлого,ашгийг  тооцооны аргаар  (хэдий бас  хэмжээ хязгаартай ч) хэрхэн шамшигдуулахыг  бид яаж мэдэх билээ. Мэдсэн ч маргалдаад нэмэргүй. Ямар нотолж, баталж чадах биш. Чаддаг байх хэмжээнд гэрээгээ анх хийгээгүй бол дараа нь юугаа ч ярих билээ дээ.
Хөнгөлөлт гэгчээр алдах мөнгө
Тэгээд бас болоогүй, дээр нь гэрээний дагуу элдэв хөнгөлөлт үзүүлнэ гээд тохирсон гэж байгаа. Тэдгээр нь нийлбэр дүнгээрээ олон тэрбум доллараар хэмжигдэх нь бүр одоо тодорхой аж.
Зөвхөн алтан дээр ярихад, 30 жилийн хугацаанд 400 тн алтыг гэнэтийн ашгийн татвараас чөлөөлөхөд л Монголын төр,ард түмэн (одоогийн үнийн төвшнөөр бодоход) 1,5 тэрбум долларыг баталгаатай алдаж байгаа юм. Дэлхийн эдийн засаг,улс төрд гарч буй гүн гүнзгий өөрчлөлт,хандлагын улмаас алтны үнэ ирээдүйд улам өсөх өндөр  магадлалтайг бодолцвол, үүнээс  ч их (магадгүй бүр дор хаяж 2 дахин их) мөнгийг алдаж мэднэ. Оюутолгойн 34 хувийг Монголын төр эзэмшихэд одоо шаардлагатай гээд буй  900 сая доллараас хавьгүй их мөнгийг зүгээр өгөх нь.
Зэс хайлуулах хүч чадлыг ашиглалтад оруултал (ил уурхайг ажиллуулж эхэлснээс 5 жилийн дотор гэсэн бололтой юм) 1,0 сая тн зэс агуулсан баяжмалыг гэнэтийн ашгийн татвараас чөлөөлнө гэвэл өнөөгийн ханшийн төвшнөөр 3,8 тэрбум доллар нэмээд алдана. Дээр нь бас гаалийн татвар,ашиг шилжүүлэхэд авах суутгал,орлогын албан татвараас чөлөөлж,эсвэл хөнгөлбөл Монголын төсөвт орох ёстой боловч эрх мэдэлтнүүдийн буруу шийдвэрийн балгаар Монголын дансанд оролгүй зөвхөн элдэв хөнгөлөлт байдлаар алга болж урсан одох мөнгөний хэмжээ бүр талийж өгнө.
Ард түмний өмч хөрөнгийг арай дэндүү замбараагүй зарцуулан дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх гэж байгаа юм биш үү, эрхмүүд ээ. Энэ чинь үнэн чанартаа хөрөнгө оруулах бус, харин яг эсрэгээр хөрөнгө соруулах гэрээ болчихож. Ийм л эргүү тохиролцоо хийчихээд монголчуудыг баярлуулна гэж хөөрцөглөөд байгаа юм даа.
Эцэст нь хэлэхэд
Зөвхөн дээр өгүүлснээс үзэхэд, бүр эхнээсээ л шууд ашиггүй гэрээ байгуулах гэж байгаа нь тодорхой.
Гэрээг байгуулангуут  Оюутолгойн хувьд эрх зүйн хийгээд олон улсын харилцааны шинжтэй огт өөр нөхцөл байдал үүснэ. Үндсэндээ засч залруулах боломжгүй болно. Улс орон, хүн ардаа байнгын нуман тулгуурт, гаднын компаниудын эрхшээл барьцаанд оруулахаас сэргийлэх, тэднээр сох цөлмүүлэхээс  найдвартай хамгаалах зам бол хамтран ажиллах гэрээний агуулгыг үндэсний язгуур эрх ашигт тууштай нийцүүлэх буюу эцсийн дүнд Монголын талын оролцоог бүх талаар давамгай байлгахаар бүр анхнаасаа ярьж тохиролцох явдал мөн.
Одоогийн гэрээний төслийн зах зухаас мэдэгдсэн зүйлс энэ зайлшгүй шаардлагаас тэнгэр,газар шиг хол байна. Эрх баригчид өөрсдийн явцуу ашиг сонирхолд урьдын адил хөтлөгдөж, мөн гадныхны дарамт,шахалтад “дуртайя” автаж хөрөнгө соруулах гэрээ байгуулах аваас Монголын ард түмэн хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй ба уучлахгүй гэдгийг анхнаасаа мэдэж байхад огт илүүдэхгүй болов уу.

Эх сурвалж: www.dorgio.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.