Учир 2010 оны гуравдугаар сард “Монголоо шинэчилье” гэх сүржин уриатай их хурлаа хийн байгуулагдаж байсан Ардчилсан хүчний холбоо буюу “Шонхор” фракци намдаа ноёрхлоо тогтоохоор хэдийнэ хөдөлж эхэлсэн. Үнэндээ тэд таван жилийн турш урагш ахисаар өнөөдрийн энэ байранд хүрээд байна. Анх тус фракци Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагахаар МАН-тай хамтран зүтгэж эхэлсэн. Н.Алтанхуягийн Засгийн газрыг унасны дараа Ерөнхий сайд “Шонхор”-оос томилогдох байх гэсэн мэдээлэл байсан ч мөн л “Алтангадас”-аас Ерөнхий сайд болж байсан нь тухайн үедээ гайхширал төрүүлж байв. Гэтэл энэ асуултын хариулж өнөөдөр тодорхой болж байна.
“Шонхор”-ууд МАН-тай засаг хамтарсан нэрээр “Алтангадас”-ын Ч.Сайханбилэгийг долоон сар Ерөнхий сайдын суудалд суулгаад МАН-тай, юутай нь хөөж засгийн эрхийг авах бодлоготой байжээ. Үндсэндээ Ч.Сайханбилэг МАН-гүй Засгийн газарт адлагдсаар өөрөө суудлаа өгч ч мэднэ. Учир нь түүний эхлүүлсэн ажилд намын нөхөд нь саад хийсээр байгаа нь хэдийнэ олон нийтэд тодорхой болсон. Учир нь Ерөнхий сайд болонгуутаа эхлүүлсэн Тавантолгойн төслийг З.Энхболд тэргүүтэй нөхөд гацаасан бол, Оюутолгойн талаар “Дубайн төлөвлөгөө” гэлцэн баалж байгаа нь АН-ын нөхөд байгаа юм.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Энэ фракциуд нам дотроо бол намынхаа зовлон. Нам төрд гарахаар төрийн зовлон болдог” гэж нэгэнтээ хэлсэн нь бий. Тэгэхээр АН-ын фракциуд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт зовлон болоод дуусах ирээдүй тодхон харагдаж байна. Үндсэндээ фракци намдаа эрх мэдэлтэй болохын тулд л Засгийн газрыг ганхуулж байгаа нь Н.Алтанхуягийн үед ч ажиглагдсан. АН доторх хамгийн нөлөөтэй фракци гэгддэг “Алтангадас”-ыг унагахын тулд АН-ынхан зөвхөн Ерөнхий сайдын суудлаас унагаад зогссонггүй “хүргэн” Г.Дэнзэн мэтийн жижиг сажиг үйлдлээр АТГ-т шалгуулж, өдгөө ч оролдсоор байгаа нь нууц биш. Өдгөө Н.Алтанхуяг ТЕГ-т дуудагдаад байгаа юм. Түүнийг чухам юуны учир ТЕГ-т дуудагдав гэдэгт хэд хэдэн таамаглал байна.
Хамгийн ойрын жишээгээр Н.Алтанхуяг МАН-тай хамт засаг барьж байх үедээ Тэргүүн шадар сайдаар ажиллаж, Тавантолгойн ажлын хэсгийг ахалж байсан. Тэгвэл энэ үеэс улбаатай үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нэг юм байна гэх таамаг ч олон нийтийн дунд байгаа юм. Түүнчлэн Н.Алтанхуяг Ерөнхий сайд байх үед “Оросын төмөр зам” хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якуниний Ерөнхий сайд Н.Алтанхуягт хаягласан захидал эзэндээ очихоос өмнө хэвлэлд нийтлэгдсэн. АН тухайн үед бүлгийн хурлаараа энэ талаар авч хэлэлцээд захиаг олон нийтэд хэвлэлийг шалгахыг тагнуул, цагдаагийнханд үүрэгдсэн байдаг. Тэгвэл хоёр жилийн өмнөх энэ асуудал өдгөө ч шалгагдаж байхыг үгүйсгэхгүй. Түүнчлэн мань эр “задгай цагаан” хочтой үедээ энд тэнд улсын нууц задруулсан үг унагасан байхыг ч үгүйсгэхгүй. Ямартай ч тагнуул түүнийг онилоод байна.
Эх сурвалж: www.info.mn