Comment.mn

Бие жижиг даргын бэлчээр хаана дуусах вэ?

“Гуйгаад өгөхгүй бол гуядаад авна” гэсэн нэг үг бидэнд бий. Дээрэм маягийн юм л даа. Тэгвэл гуйгаад өгөхгүй бол гуядаад авдаг хүмүүсийн нэг нь одоогийн УИХ-ын дарга З.Энхболд гэх байна.

Тэрбээр тээр жил Төрийн өмчийн хорооны дарга байхдаа Эрдэнэтийн ГОК-ыг гуйгаад өгөхгүй болохоор нь гуядаад авч байсан туршлагатай. Өвөрхангайн сонгуульд ялалт өгөхгүй болохоор нь гуядаад авч байв. Дараа нь УИХ-ын даргын суудлыг мөн л гуядсан юм.  Харин одоо тэр юуг гуядах вэ?

 

Ерөнхий сайдын суудлыг гуядаж таарах байх. Яагаад гэхээр бие жижиг ч бэлчээр том энэ нөхөр нэг муу УИХ-ын дарга гэсэн албан тушаалтайгаар ирэх сонгуульд орно гэж лав байхгүй.  Харин гүйцэтэх засаглалын тэргүүн болчихвол 2017 онд хэрэг болно гэдгийгээ заавал тооцож таарна. Нөгөө талаас албан тушаалын иймэрхүү өндөрлөгт гарсан хүн урагшаа л зүтгэхгүй бол “унаж үхэх” магадлал өндөр байдгийг өмнөх жишээнүүд харуулсан бөгөөд үүнийг эрхэм дарга анзаарахгүй өнгөрөөнө гэж гонжийн жоо. Дээр нь МАН-ын У.Хүрэлсүх хүртэл 2017 онд биеэ бэлтгээд, хамтлаг энэ тэр байгуулан далбаганаад байхад шүү дээ.

 

Тэгэхээр энэ эрхмийн ойрын зорилго нь Ерөнхий сайдын суудал, хэтийн төлөвлөгөө нь Ерөнхийлөгчийн сэнтий гэвэл нэг их хол зөрөхгүй байх.  Мөн буруутгах юм ч алга. Хүссэн, хүсээгүй АН-ын гол лидерийн нэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Бас янз бүрийн юмтай нэр холбогдох нь тун ховор учраас оргилын зүг зүтгэхэд бусдаасаа арай хөнгөн байх нь мэдээж шүү дээ. Гэхдээ энэ бүгдийн өмнө түүнд хийх ажил их бий.

 

Юуны өмнө хамтарсан МАН-аа засгаас хөөж таарна даа. Тэгэхээс ч өөр арга байхгүй. Ёстой нөгөө ноосоо тушаачихлаа, намаасаа хөөгдчихлөө гэдэг шиг Сонгуулийн хуулиа тохирчихсон юм чинь одоо энэ хоёр намд тэврэлдээд байх шаардлага байхгүй. Харин хэн нь хэнийгээ хэзээ жийх вэ гэдэг л сонин.

 

Нэгэн цагт МАН-ыг он дамжихын өмнөхөн АН жийж байв. Тэгэхээр МАН энэ удаа мөн л он дамжихын өмнөхөн жийж хариугаа авах магадлал өндөр. Яагаад гэхээр хэн, хэн нь жийсэн хийгээд жийгдсэн талаараа бидний тархинд шингэтэл ухуулга хийж амжихгүй гэж үздэг юм. Харин энэхүү бичигдээгүй хуулийг З.Энхболд эвдэж, МАН-ыг тун удахгүй жийж магадгүй. Яагаад гэхээр МАН-ыг жийснийхээ дараа албан тушаалын дахин хуваарилалтыг дээд түвшиндээ хийснээр түүний гүйцэтгэх засаглалын тэргүүн болох хүсэл биелэнэ. Гэхдээ үүний өмнө хийх ажил түүнд маш их бий. Юуны түрүүнд Ч.Сайханбилэгийг муухай харагдуулах бүх аргыг хэрэглэнэ. Энэ нөхөр ерөөсөө бүтэхгүй юм байна гэдгийг нийгмийн ухамсарт маш сайн суулгаж өгнө. Өөрөөр хэлбэл түүнийг суудлаас нь авлаа гэхэд хэл ам гарахааргүй болгоно гэсэн үг. Угаасаа ч иймэрхүү юмыг баараггүйд нь хийдэг хүн. Тиймээс л Оюутолгойн талаар хийсэн гэрээг нь зуураад хэвтчихлээ шүү дээ. Тэгэхээр бие жижиг энэ даргын бэлчээрийн хязгаар ирэх 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль байж магадгүй. Хэрвээ тийм аваас өмнө нь Ерөнхий  сайдын суудлыг хашсан байх хэрэгтэй нь хэнд ч тодорхой. Учир ийм тул эрхэм УИХ-ын дарга эхлээд МАН-ыг гуядаж хөөнө. Дараа нь Ерөнхий сайдын суудлыг мөн л гуядаж авна. Ингэж гуядах эрх нь ч нээлттэй. Тэрбээр МАН-ын дарга шүү дээ. Намын дарга нь Ерөнхий сайд байна гэсэн дүрэмтэй болохоор тэр юунаас ичиж эмээх вэ дээ.

 

Д.Гал

Эх сурвалж: www.24tsag.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.