Comment.mn

Банкууд иргэдээс бага мэдээлэлтэй байна гэж үү

Ипотекийн зээлийн орон сууцны үнийн дүнгийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож, 20 хувьд нь төрөөс баталгаа гаргах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдсэн. Энэхүү зээлд иргэдийг хамруулах шалгуур үзүүлэлт бүхий журмыг ирэх сард багтаан боловсруулах юм.

Үүнийг арилжааны банкууд дэмжиж байгааг салбарын сайд онцолсон. Тиймээс Монголбанкны зүгээс иргэдэд ямар шаардлага тавьж байгааг тус банкны хэвлэл, мэдээллийн ажилтнаас тодруулахад “Манай банкинд энэ талаар тодорхой мэдээлэл, журам ирээгүй байна. Долдугаар сард багтаан Засгийн газартай хамтарч журмыг боловсруулна. Одоохондоо бид хэвлэл мэдээллээр гарч байгаатай адил мэдээлэлтэй байна” гэв. Арилжааны бусад банк ч “Энэ талаарх мэдээлэл ирээгүй” гэсэн юм. Харин иргэд энэ тухайд ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

 

Ц.Алгирмаа:УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙГ БАГАСГАЖ БАЙГААГ ДЭМЖИЖ БАЙНА

-Мэдээж орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг багасгаж бай-гааг дэмжиж байна. Иргэд 30 хувиа бүрдүүлээд орон сууц авна гэдэг хэцүү. Урьдчилгаагаа бүрдүүлж чадахгүй хүн олон байгаа шүү дээ. Ялангуяа залуу хүмүүс хураасан мөнгө гэх зүйлгүй болохоор бүр ч хэцүү. Эцэг эхээсээ л авч өгдөг. Тэгэхээр эргээд эцэг эхэд нь дарамт болдог. Тиймээс урьдчилгаа 20 хувийг Засгийн газраас батлан даавал илүү олон айл, залуус орон сууцны зээлд хамрагдах байх. Орон сууцны зээлийг авахад цалингийн дундаж хэмжээ зааж түүнээс дээшхи орлоготой иргэнд олгох нь зүгээр байх. Тэгэхгүй бол урьдчилгааг багасгахаар олон айл зээлд хамрагдаж, түүнийгээ дагаад эргэн төлөлтөд эрсдэл үүсч магадгүй юм. Энэ нь буцаад банкинд дарамт болж магадгүй. Тиймээс тодорхой хязгаар зааж өгсөн нь дээр байх. Түүнээс гадна зээлийн эргэн төлөлтийн хугацаа урт байсан нь зүгээр. Богино хугацаанд их мөнгө төлнө гэдэг хэцүү шүү дээ.

 

Б.Төмөрбаатар:ОРОН СУУЦАНД ОРОХ ХҮСЭЛТЭЙ Ч ЦАЛИНГИЙН ТӨВШИНГӨӨРӨӨ ЯЛГАГДАЖ БАЙНА

-Орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох нь зөв. Гэхдээ шийдвэр гарсан ч ажил хэрэг болох нь юу л бол. Манайхан ингэж ярьж байгаад л хаядаг зуршилтай улс. 500 мянгаас дээш цалинтай хүнд орон сууцны зээл олгоно гэж байгаа. Түүнээс доош цалинтай нь орохгүй болчоод байдаг. Тэгэхээр орон сууцанд орох хүсэлтэй ч цалингийн төвшингөөрөө ялгагдаж байна. Өндөр цалинтай л бол байранд орж, бага цалинтай бол орохгүй гэсэнтэй ялгаагүй болж байна. Тиймээс энэ тал дээр судалгаа сайн хийж аль болох олон хүнийг хамруулах тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй.

 

Д.Төмөртогоо: УРЬДЧИЛГАА ТӨЛБӨР ХЭДЭН ХУВЬ БОЛСОН Ч БАНКНЫ ШААРДЛАГА, ХҮҮ НЬ ИРГЭДЭД ХҮНД ТУСДАГ

-Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл сан байгуулж 20 хувийг даана гэж яриад байсан. Тэр нь бүр сураггүй болсон байна. Гэхдээ сонгууль дөхөж байхад хэрэгжүүлэх байх гэж найдаж байна. Харин энэ яриад байгаа Засгийн газрын шийдвэр нь 20 хувиа эргэж төлөх нөхцөлтэй юм билээ. Түүнийгээ хэрэгжүүлбэл хүн бүрт л хэрэгтэй байна. Харин хэрэгжих үү, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Янз янзын хууль баталлаа л гэдэг. Гэтэл ажил болж хэрэгжиж байгаа нь бага байдаг шүү дээ. Гэхдээ орон сууцны зээлийн урьдчилгааны 20 хувийг Засгийн газраас батлан даахаар шийдвэрлэсэн нь иргэдэд хэрэгтэй боломж юм. 30 хувийг төлөх гэж иргэд бас л чардайдаг. Урьдчилгаа төлбөр 10 хувь ч бай хэдэн хувь болсон ч банкны шаардлага, хүү нь иргэдэд хүнд тусдаг. Орон сууцны зээл авч эргээд төлөхдөө хэд нугалдаг. 80 саяын байр авлаа гэхэд 100 сая гаруй болгож төлж байгаа. Тиймээс төрөөс зохицуулалт хийж байгаа бол банкны асуудлаа сайн шийдэх хэрэгтэй. Тэгэхгүй л бол банкнаас зээл авахад хэцүү. Хэн дуртай нь 10 хувиа төлөөд авч чадахгүй. Танил тал, наана цаана гэж байж л авдаг. Үүнээс гадна зээлийн эргэн төлөлтийн хугацааг богиносгох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол байранд ороод түүнийхээ мөнгийг бараг насаараа шахуу төлнө гэсэн үг. Нэг ёсондоо боолын хөдөлмөр хийж байна гэсэнтэй бараг адил. Өрөө төлж чадахгүй үхэж мэдэхээр байна.

 

Ц.Баяраа: БАНК ИРГЭДИЙН АМЬДРАЛД НИЙЦЭХГҮЙ ШААРДЛАГА ТАВЬДАГ

-Орон сууцны зээлийн урьдчилгаа 10 хувь болно гэдэг зөв санаа. Ингэснээр иргэдийн орон сууцанд амьдрах гэсэн хүслийг дэмжиж байгаа хэрэг. Төр засаг, эдийн засгийн хямралтай байгаа үед 20 хувийг ч болов батлан даах нь иргэдийн нуруун дээрх ачаанаас хөнгөлж байгаатай адил. Харин урьдчилгааг хөнгөллөө гээд банкны шаардлагад анхаарал хандуулахгүй бол 30 хувь байсантай адил байх болов уу. Учир нь, ямар ч төрлийн зээлийг банкнаас авах гэхээр иргэдийн амьдрал, нийгэмтэй огт нийцэхгүй шаардлага тавьдаг. Өөрөөр хэлбэл, бодит амьдралд жишиг нь зохицдоггүй гэж хэлж болно. Маш их зүйлийг шаарддаг учраас байхгүй юмыг байлгахаас өөр замгүй болгодог. Тиймээс амьдралтай нь уялдуулж аль аль талаа бодож шаардлагаа тавьж, зээлээ олгож байхад анхаарах хэрэгтэй байх. Түүнээс гадна миний бодлоор орон сууцны зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь урт байх нь тийм таатай санагддаггүй. Олон жил болох тусам сунжирч, зээл төлж буй иргэнд дарамт болно шүү дээ.

 

М.Энхцэцэг

 

Эх сурвалж: www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.