‘Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Нийтийн сонсголын тухай хуулийн төсөлтэй холбоотой 25 саналын томъёоллоор санал хураасан. Энэ үеэр сонсголын товыг нийтэд зарлах, хариуцлагатай холбоотой асуудлаар УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Сонсгол зохион байгуулах ажлыг товлосон цаг хугацаанд нь хийгээгүй бол холбогдох албан тушаалтанд ямар хариуцлага хүлээлгэх вэ.
Хууль тогтоомжийн төслийн талаар нийтийн сонсгол хийх цаг, хугацааг товлочихдог. Гэтэл ямар нэг шалтгаанаар, тодорхой зорилгоор тухайн сонсголыг хойшлуулбал яах вэ? Уг нь олон түмний үгийг сонсох асуудал цаг хугацааны хувьд тодорхой байх ёстой. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд сонгуулийн тогтолцоог ард түмнээсээ асуух зорилгоор Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төсөл өргөн мэдүүлээд сар гаруй болж байна. Гэвч УИХ дээр энэ асуудал хэлэлцэх асуудлын дараалалд ч орж чадахгүй, ямар ч цаг хугацаа тавигдалгүй хүлээгдэж байгаа шүү дээ. Ийм байдлаар хугацаагүй байлгаад байх ёстой юм уу. Иймэрхүү асуудлыг Нийтийн сонсголын хуулийн төсөлд хэрхэн зохицуулсан бэ? Үүн дээр ажлын хэсгийн байр суурийг сонсъё” гэлээ.
Нийтийн сонсголын тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн тайлбарласнаар нийтийн сонсголоос гаргаж байгаа шийдвэрээс хамаарч хариуцлагын асуудал янз бүр байх аж. Тэрээр “Сонсголыг төрийн байгууллага зохион байгуулах учраас Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын хариуцлага ногдуулах байдлаар зохицуулагдана. Хэрвээ сонсголыг зохион байгуулаагүй бол энэ нь тухайн асуудалтай холбоотой шийдвэрийн үр дагаварт нөлөөлнө. Тухайлбал, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсголуудаа хийгээгүй бол захиргааны шүүхэд өгвөл унах л байх. Сонсголд иргэдийг оролцуулаагүй, дуудсан албан тушаалтан ирэхгүй бол холбогдох хууль тогтоомжоор хариуцлагын асуудал зохицуулагдана” гэлээ.
Эх сурвалж: www.unen.mn