Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XXIX хороо буюу “Драгон” төвийн ар тал дахь 22а,б болон 23а байрны голын туслах зам цөмөрч, хүнд даацын машин онхолдсон хэрэг гарсан.
Ослын шалтгааныг тодруулбал, 14 тонн буудай ачсан хүнд даацын машин барилгын суурь цутгасан талбайд хажуугаараа унаж, зам хаасан хашлага нурснаар халтиран доош унасан байна. Жолоочийн хувьд ГССҮТ-д хүргэгдэн очиж, шаардлагатай эмчилгээнд ороод байгаа аж.
Оршин суугчдын тайлбарлаж буйгаар 2012 онд “Хадан -Ус” компани хүүхдийн тоглоомын талбай, мөсөн гулгуур байсан уг талбайн зориулалтыг нь өөрчлөн барилга барихаар зөвшөөрөл авчээ.
Бид дэлгэрэнгүй мэдээлэл авах үүднээс “Хадан -Ус” компаниийн 9908…., 9902…. дугаарууд руу залгасан боловч “Би хариуцсан хүн нь биш. Оффисийнхоо байршлыг мэдэхгүй”, “Завгүй байна. Орой залгаарай”гэх хариулт өгсөн юм.
Дашрамд дуулгахад, “Хадан-Ус” компани өнгөрсөн жил иргэн Э.Эрдэнэбилэгийн эзэмшил Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон үйлчилгээний төвийн ард байрлах 2300 метр квадрат талбай бүхий газарт барилга барихаар дур мэдэн хашаа татсан асуудлыг шүүхээр хянан хэлэлцүүлсэн байдаг.
Шүүхээс уг хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасныг баримтлан Э.Эрдэнэбилэгийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон үйлчилгээний төвийн ард байрлах 2300 метр квадрат талбай бүхий газрыг чөлөөлж өгөхийг “Хадан Ус” ХХК-д даалгаж, “Хадан Ус” ХХК- иас 20 000 000 /хорин сая/ төгрөг гаргуулах тухай шийдвэр гарч байжээ.
Эх сурвалж: www.Today.mn
Эх сурвалж: www.today.mn