МУИС-ийн багш, эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуун:
-2006 оноос иргэдийг орон сууцжуулах “40 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг дэвшүүлж, дараа нь 100 мянган айлынх болж, одоо улам өргөжөөд байгаа нь энэ. Тэдгээр барилга, орон сууц нь дээд зэрэглэлийн хаус, нийтийн орон сууц, орлого багатай иргэдэд зориулсан түрээсийн гээд гурван ч ангилалтай байгаа. Өнгөрсөн хугацаанд люкс (дээд зэрэглэл) ангиллын орон сууц, хаусны эрэлт нийлүүлэлт хангалттай болсон. Одоогоор эдийн засгийн хүндрэлтэй байдал, иргэдийн худалдан авах чадварыг харгалзаж, дунд, бага орлоготой иргэдэд зориулсан орон сууцны зах зээлийг өргөжүүлэн хөгжүүлэх шаардлага давамгайлж байна. Өмнө нь барилгын компаниудыг бодлогоор дэмжсэний үр дүнд ийм орон сууцны нийлүүлэлт бол байгаа. Харин эрэлт бүхий иргэдийн худалдан авах чадвар бага байгаа нь тулгамдаад буй бэрхшээл юм. Үүнийг шийдвэрлэх нэг гарц нь орон сууцны зээлийн урьдчилгааг 10 хувь болгох, ипотекийн зээлийн хугацааг уртасгах явдал гэж харж байна. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа богино (10-15 жил) байхаар иргэдийн нэг сард төлөх төлбөр дэндүү өндөр, нэг сая гаруй төгрөг болчихож байна. Үүнийг 20-25, цаашлаад 30 хүртэл жилээр тогтоовол айл өрхөд ирэх ачаалал багасах боломжтой. Энэ зорилгоор л Барилга, хот байгуулалтын яамнаас санал санаачилга гаргаж байгаа болов уу гэж бодож байна. Энэ бодлого хэрэгжвэл бага, дунд орлоготой иргэд өөрийн гэсэн хөрөнгөтэй болох, амьдрах нөхцөл нь сайжрах зэрэг эерэг үр дагавар гарах байх. 30 хувиа шаардах нь банкууд эрсдэлээс сэргийлж байгаа арга.
Эдийн засагч Х.Батсуурь:
-Иргэдэд бэлэн мөнгө хомс боловч тогтвортой орлоготой байна гэдэг давуу тал болж байгаа юм. Ийм иргэд бага хэмжээний урьдчилгаа төлбөр төлөөд орон сууцанд амьдрах бололцоог нээж байгаа нэг хэлбэр энэ л дээ. Гэвч энэ бүхний эцэст иргэний төлөх мөнгө нэмэгдэж байгаа юм. Тодруулбал 100 сая төгрөгийн орон сууцыг 30 хувийн урьдчилгаа төлөөд үлдсэн 70 саяд нь найман хувийн хүү төлөөд /жилд 5.6 сая төгрөг зөвхөн хүүгийн төлбөрт/ төлөх байсан бол 10 хувь болгон бууруулахаар 90 сая төгрөгт найман хувийн хүү төлөөд явахаар жилд зөвхөн хүүгийн зардалд 7.2 сая төгрөг болох болж байгаа юм. Энэ мэт олон шалтгаанаас авч үзвэл урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгон бууруулснаар иргэнд ашигтай мэт боловч эцсийн дүндээ арилжааны банкуудыг дэмжсэн шийдвэр болж байгаа юм.
Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан:
-Орон сууцны зээлийн хөтөлбөр хэвийн хэрэгжиж байна. Хэдийгээр энэ хөтөлбөр хэрэгжсэнээр 69 мянган айл өрх орон сууцны асуудлаа шийдсэн ч гэсэн 30 хувийн урьдчилгаагаа бэлэн гаргаад өгчихөж чадахгүй хүн олон байна. Энэ хүмүүст туслахад төр засаг оролцох нь зөв. Гэхдээ зээл хүсч байгаа иргэд өөрсдөө санаачилгатай байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, зээлийн урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэхэд зориулж хуримтлалаа үүсгэх хэрэгтэй. Төрийн банк харилцагчдынхаа хуримтлалыг дэмжих зорилгоор “Хуримтлалын дансны үйлчилгээ” гэсэн бүтээгдэхүүнийг бий болгосон. Урьдчилгаа буурахад хүү биш, хүүгийн зардал өснө. Тэгэхээр зээл авч байгаа хүмүүс хүүгийн нийт зардлаа бууруулахын тулд урьдчилгаа зардлаа ахиу төлөх хэрэгтэй. Гэвч одоо урьдчилгаа төлбөрийг их хэмжээгээр гаргаад өгчих боломжгүй иргэд олон байгаа учраас төрөөс дэмжих тухай ярьж байна.
Эдийн засагч Э.Хосбаяр:
-Орон сууцны урдчилгаа төлбөрийг 10 хувь болгон бууруулснаар иргэнд учрах хохирол бага байх нь ойлгомжтой. Засгийн газрын бондын эх үүсвэрээр тэтгэврийн даатгалын санг хөрөнгөжүүлж, ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг тэтгэврийн даатгалын сангийн активт хөрвүүлнэ гэж байгаа. Ингэхдээ эхний ээлжинд 47 тэрбум төгрөгийн зээл хүснэ гэсэн. Яваандаа энэ нь арилжааны банкуудыг дэмжсэн шийдвэр болно. Миний тооцож буйгаар ойролцоогоор 400 орчим тэрбум төгрөгийг үе шаттайгаар нийгмийн даатгалын сангаас гаргаж өгөх байх. Ингээд ирэхээр банкууд сайн, муу зээлүүдээ “шахаж” алдагдалгүй болно гэсэн үг. Яг бодит байдал дээр Монголбанк, арилжааны банкууд одоогийн байдлаар орон сууцны зээлээ зогсоогоод байгаа. Тийм учраас санхүүгийн хүнд нөхцөлд орсон банкуудыг аврах ганц гарц нь болох өндөр магадлалтай. Маш товчхондоо иргэдийг орон сууцжуулах нэрээр банкуудыг тэтгэх арга хэмжээ гэж ойлгож болохоор байгаа юм.
Эх сурвалж: www.Монголын үнэн сонин