Эх сурвалж: www.ganaa.mn
Сүүлийн үед Баабар манлайлан, Цэнддоо, Баярхүү нар уухайлан монгол үндэстний нүүдэлчид бүр язгуур угсаанаасаа “муу муухай” бөгөөд соёлжсон иргэншилтэй ямагт дайсагнаж ирсэн гэдгийг “онолын хувьд” нотлох аян дайнд мордов.
Энд би бүтээлийн тодорхой нэр хэлэхгүй, учир нь тэд бичсэн юм болгондоо ийм үзэл санааг байнга сурталчилж байдгийг хүн болгон мэднэ. Тэдний хамгийн анхны үндэслэл нь монголчууд эв түнжин муутай, цаг ямагт “орондоо орох завгүй, олзлолдон булаалдаж” байдаг гэсэн “Нууц Товчооны” зүйрлэл юм. Энэ зүйрлэлийг “том зүйл”, тухайлбал Монгол үндэстнийг нийтэд нь түүхэн утгаар гутаан доромжлоход хэрэглэхээс гадна “жижиг зүйл”, Оюу Толгой, Таван Толгойг гадаадад өгөх асуудалд бүр ч ихээр хэрэглэх болой.
Ингэхэд асуудал үнэхээр ийм юм уу ? Зөвхөн монголчууд л “орондоо орох завгүй” хэрэлдэж самуураад байдаг юм уу ? гэсэн энгийн асуултад хариулахыг хичээе. Үүний тулд дэлхийн түүхээс үй түмэн жишээ авч болох боловч хоёр хөршөөсөө жишээ авахад л асуудал дэндүү ойлгомжтой болох юм. Ойлгомжтой болох ч гэж дээ, Баабар болон түүний нөхдийн ичгүүр сонжуургүй заль мэх илчлэгдэх юм…
Оросын самуун үе
1584 онд “Бүх Оросын агуу их хаан” бидний нэлээд сайн мэдэх Догшин Иван нас барав. Ингэмэгц л хаан ширээний төлөө тэмцэл эхэлжээ. Манайтай адилхан л байгаа биз дээ. Ингээд Догшин Иваны хүү Федор хаан ширээнд суув. Гэтэл тэр нь улсаа удирдах ямар ч чадваргүй байжээ. Ингээд Орос орныг хааны эхнэрийн төрсөн ах Борис Годунов удирдах болов. Дашрамд хэлэхэд хатан хаан болон энэхүү Годунов монгол угсаатай юм. Би “Годон” гэсэн монгол үг байх гэж итгэж явдаг юм. Бас дашрамд дурдахад монголчууд Орост 2 хаан, 5 хатан бэлтгэж өгсөн юм. Энэ тухай судалгааг миний блогоос уншиж болно.
Энэ үед Оросын баруун талд Польш, Литов гэсэн хүчирхэг өрсөлдөгчид байсан юм. Догшин Иваны хүү амьд, чингэхдээ бүр Польшид байна гэсэн цуурхал гарсан ба энэ нөхрийг Хуурамч Дмитрий гэдэг. Үнэн хэрэг дээрээ энэ бол Польшид худалдагдсан Григорий Отрепьев гэгч байсан юм. Манай Баабар ч гэсэн Польшид сургууль соёл төгссөн санагдана.
Ингээд Орос орон хоёр хаантай болох нь тэр. Хаа очиж Монголын түүхэнд хуурамч хаан гарч байгаагүй юм.
Хуурамч Дмитрий оросын хүн амын нэлээд хэсгийг өөртөө татаж, бас цэрэг элсүүлэн, Москваг эзлэн хаан болоод авав. Тэр нөхөр хэт дураараа авирласны улмаас оросын боярууд (тайж язгууртнууд) хийгээд тариачид дургүйцэн бослого гаргажээ.
Ингээд 1606 онд Хуурамч Дмитрийг алж орхижээ. Ингээд В.И.Шуйский нөхөр хаан сэнтийд суужээ. Мөн 1606 онд Болотников гэдэг нөхөр бослого гаргасан боловч Москвагийн төлөө тулалдаанд ялагдан алагджээ. Энэ үед бас нэг Хуурамч Дмитрий гараад ирэх нь тэр. 1608 онд тэр Москва руу довтолж, тэр орчмын Тушино гэдэг газарт суурьшин суужээ. Одоо ёстой баларч эхлэв. Орос орон хоёр хаантай, хоёр нийслэлтэй болов.
Оросын хог новш, шаарууд хоёр хаанд зэрэг үйлчилж, зарим нь давхар цалин пүнлүү ч авах болов.
Шуйский тэр үед нэн хүчирхэг байсан Швецитэй гэрээ байгуулж байлдаан эхлэв. II Хуурамч Дмитрий Калуга руу зугтжээ. Гэтэл мөнөөх Шуйскийг хар лам болгон сүмд суулгажээ.
Ингээд Орост Долоон Боярын (Семибоярщина) засаг тогтов. Энэ нь 7 бояр зөвлөлдөн асуудал шийднэ гэсэн хэрэг л дээ. Нэг ёсондоо парламент ухааны юм. Боярын “парламент” польшийн булаан эзлэгчидтэй наймаа хийж эх орноо худалдав. 1610 оны 8 дугаар сарын 17-нд Москва Польшийн хаан Владиславт тангараг өргөв. Одоо II Хуурамч Дмитрий хэнд ч хэрэггүй болов. Ингээд 1610 онд тэр алагджээ.Нохой бол нохой шиг л үхдэг аж.
Оросын ард түмэн олон арван жил самуурсны эцэст одоо л нэг юм ухаан оров. Тэд харийн булаан эзлэгчдийн эсрэг эрслэн босчээ. Гэхдээ хаад ноёд, боярууд боссон гэж бодож байна уу ? Үгүй шүү.
Оросын эгэл жирийн ард түмэн, тариачид боссон юм. Тэд нийт үндэстний бослого гаргажээ.
1612 оны 8 дугаар сард К.Минин, Д.Пожарский нарын босогчид Москва руу дайрч Польшийн хүчирхэг гарнизоныг бутниргэв. Ард түмэн нийслэлээ чөлөөлж, эрх чөлөөгөө өөрсдөө олсон юм.
Эдүгээ К.Минин, Д.Пожарский нарын аварга хөшөө Улаан талбайд сүндэрлэн Оросын ард түмний яруу алдрын билэгдэл болж байдаг юм.
Үүний дараа 1613 онд Земийн чуулган Михаил Романовыг хаанаар залж, 300 илүү жил үргэлжилсэн хаант засаг тогтоож, Орос орны мандан бадрал эхэлсэн бөлгөө.
Гэхдээ л самуун үеэр бүх юм самуурдаг нь жам бөгөөд энэ үед хуурамч хаан лавтайяа 10 орчим төрсөн гэдгийг оросын түүхчид тоолж гаргасан байдаг. Оросууд үнэхээр “орондоо орох завгүй” ёстой алалдаж байсан байгаа биз дээ…
Хятадын байлдаант үе
Энэ самуун үеийг Хятадын түүхэнд “жаньго шидай” буюу байлдаант улсуудын эрин үе гэж нэрлэдэг. Энэ нь НТӨ Y зуунаас эхлээд Цин Шихуанди Хятадыг нэгтгэсэн НТӨ 221 он хүртэл үргэлжилнэ. Бүр “Байлдаант улсуудын түүх” гэсэн эртний ном хүртэл байдаг.
Маш товч өгүүлбэл Хятадын нутагт маш олон жижиг улсууд байв. Чжоу, Чу, Хань, Ци, Цинь, Вуй, Янь, Чжао гэх мэт. Эдгээрийн захирагчид бүгдээрээ “ван” буюу хаан цол өөртөө олгож, өөр хоорондоо өрсөлдөж байсан хэрэг.
Уг нь “Хавар намрын үед” Цинь улс хамгийн хүчирхэг нь байв. Гэтэл түүний хүч чадал бууран доройтжээ. Цинь улсыг зургаан овгийн зургаан сайд удирдаж, хоорондоо дайсагнаж байв. Ингээд сүүлдээ Чжи, Вэй, Чжао, Хань гэсэн дөрвөн овог үлдсэн ба эдгээрийн дундаас Чжи овог илүү давамгай байжээ. Чжи овгийн сүүлчийн тэргүүн Вэй, Хань овогтой холбоо байгуулан Чжао овгийг шахан зайлуулах оролдлого хийв. Гэтэл нөгөөдүүл нь түүнд итгэсэнгүй, харин Чжао овогтой нууц гэрээр байгуулж, нийслэл Цзиян-ыг довтлон, Чжи овгийг зайлуулжээ.
Ингээд НТӨ 404 онд энэ гурван овог улс орноо гурав хуваан захирахаар тохирчээ. Үүнийг түүхэнд “Гурван гэр бүл Цзинийг хуваав” гэдэг. Энэхүү Хань, Чжао, Вэй ханлигийн захирагч нар өөртөө “хоу” цол авч, гурван улсаа “Гурван Цзинь” гэж нэрлэжээ.
Гэтэл өөр нэг Ци улсад НТӨ 389 онд Тянь овог засгийн эрхийг булаан авч, өөртөө “гүн” цол олгон даналзаж эхлэв. Өмнөх Цзян овог бага шиг нутагт эрх мэдлээ хадгалан үлдэх гэж үзэлцсэн боловч Тянь овогт дарагдсан юм.
Гэтэл НТӨ 371 онд Вэй улсын захирагч У-Хоу залгамжлагчаа хэлэлгүй нас барсан нь Вэй улсад хаан ширээний дайн дэгдээв. Энэ будлианд мэдээж хэрэг Чжао, Хань улсууд оролцов. Гэтэл үл мэдэгдэх шалтгаанаар тэд цэргээ татсан байдаг. Бүр хожим Вэй улс хаанаа томилсон бөгөөд үүнийг Хуэй-ван гэдэг.
Азтай тохиолдлоор хан болсон Хуэй-ван Чжао улс руу цэрэглэн дайрав. Үүнийг өмнө нь улс руу нь дайран орсны өш хонзон гэж зарим түүхчид тайлбарладаг. Чжао улс хүнд ялагдал хүлээж, Вэйгийн цэрэг нийслэл Ханьдань-г эзэлжээ. Хөрш Ци улс дайнд оролцож, Чжао улсыг аврахыг оролджээ.
Энэхүү Ци улсын армийг цэрэг дайны алдарт онолч Сунзийн угсааны жанжин Сунь Бин удирдаж байсан гэдэг. Тэрээр Вэй улсын цэрэг Чжао улсыг дайлаад завгүй байх үед Вэй улсын үндсэн газар нутаг руу дайрах ухаалаг санаа гаргажээ. Ингээд Ци-гийн арми Вэй-гийн ухрах замыг хаасан ба Гуйлан дахь тулалдаанд Вэйг ялжээ.
Эндээс “Чжао-г аврахын тулд Вэйг бүслэх” гэсэн хятадын алдарт стратагем гарсан юм.
НТӨ 341 онд Вэй улс Хань улс руу дайрав. Гэтэл Ци улс ахиад л хажуунаас нь оролцжээ. Сунь Бин жанжин ахиад л ялсан байна. Вэй улс сулармагц Цинь улс нөгөө талаас нь дайрав. Вэй нийслэлээ арга буюу Далян руу шилжүүлэв. Энэ бүх үйл явдлын дараа хүчирхэг Вэй улс үлэмж суларч, Хятадад Ци болон Цинь улс давамгайлах болжээ. Цинь улсын сайд Шань Ян хэмээгч түшмэл хэд хэдэн амжилттай шинэчлэл явуулснаар Цинь улс Хятадын хамгийн хүчирхэг улсын нэг болжээ. Ингэснийхээ ачаар Цинь улс хожим бүх Хятадыг нэгтгэж чадсан юм.
Гэвч асуудал үүгээр дууссангүй. Вэй, Ци улсын захирагч нар өөрсдийгөө “ван” буюу хаан гэж өргөмжлөх нь хэвээрээ байв. Чу улсын захирагч бол энэ хэргэмийг аль эрт авсан байдаг. Энэ жишгийг бусад жижиг улсууд бүгдээрээ дагах болов. Тухайлбал:
НТӨ 325 онд Цинь улсын захирагч ван өөрийгөө ван гэж зарлав. НТӨ өчүүхэн жижин Сун улсын захирагч өөрийгөө ван гэж зарлав. НТӨ 299 онд Чжао улсын захирагч өөрийгөө ван гэж зарлав.
Өгүүлэн буй үед Чу улс нэн хүчирхэг байсан бөгөөд алдарт шинэчлэгч Ц Ци-гийн хэд хэдэн шинэчлэлийн дараа бүр ч том болов.
Гэтэл НТӨ 334 онд Юэ гэгч улс Ци улсыг дайрав. Ци улс асар их дипломат идэвхи гаргаж байж Юэ улсын довтолгооныг Чу улсын эсрэг хандуулж чадсан байна. Юэ улс Чу улс руу дайраад навс ялагджээ. Үүний дараа Чу улс Юэ улсын нутгийг эзэлж, тэнгис далай хүртэл нутгаа тэлж чаджээ.
Энэ их будлиан самуун дунд Цинь улс улам бүр хүчирхэг болсоор байжээ. Ингээд Цинь улс хөрш улсуудаа дэс дараалан эзэлж эхлэв.
НТӨ 316 онд Цинь улс Шу улсыг ялж, газар нутгийг нь нэгтгэв.
НТӨ 300 онд Янь улсын Юэ И гэгчийн тэргүүлсэн 5 улсын холбоо Ци улсыг устгах шахав. Ци-гийн генерал Тянь Дань алдагдсан газар нутгаа эргүүлэн авсан боловч Ци улсын хүчин чадлыг сэргээж чадаагүй юм. Энэ тэмцлийн явцад холбоотнуудын төв болж байсан Янь улс үлэмж сулрав. Цинь улс энэ холбоонд байв.
НТӨ 293 онд Ицюэ-гийн дэргэд том тулалдаан болж, Цинь улс Хань болон Вэй улсын цэргийг ялав. Үүний дараа Вэй болон Хань улсууд үлэмж суларч, Цинь улс манлайлах болов.
НТӨ 278 онд Цинь улс Чу улсыг довтолж, нийслэл Ин хотыг эзлэв. Хүчирхэг Чу улс ганхаж үлэмж суларсан ба харин 50 жилийн дараа Цинь улсад зохион байгуулалттай эсэргүүцэл үзүүлж эхэлсэн юм.
НТӨ 260 онд Чанпин-ы тулалдаан болж, Цинь болон Чжао хоёр улс тулалдаж, Чжао улс ялагджээ. Уг нь хоёр тал адилхан хүнд хохирол хүлээсэн боловч Чжао улс дахин сэхэж чадаагүй юм.
Ийнхүү 50 жилийн дотор Цинь улс Хятадын бүх улсуудыг бүрэн ноёрхож чадсан билээ…
Энэ явдал нэн эрт болсон болохоор гарз хохирлыг түүхэнд нарийн бичиж гаргаагүй. Харин “гол мөрөн цусаар урсаж, газар шороо цусаар бялдаж байсан” гэж сурвалжуудад өгүүлдэг. Энэ бол самуун цаг, энэ бол цөвүүн цаг юм. Хятадууд ч гэсэн цагаа тулбал “орондоо орох” ямар ч завгүй болдог.
Монгол ганцаараа гэж үү ?!
Хоёр хөршийнхөө түүхээс авсан энэ хоёр жишээ аль ч улс гүрэн, үндэстэнд “самуун цаг”, “цөвүүн цаг” тохиолддог гэдгийг хөдөлбөргүй нотолдог. Дэлхийн ямар ч улсын, ямар ч үндэстний түүхийг аваад үзэхэд заавал ийм байдаг.
“Орондоо орох завгүй, олзлолдон байлддаг” жишээг дэлхийн ямар ч ард түмний түүхээс “үй түмээр” нь хангалттай тоогоор олж болно. Энэ бол хүн гайхаж шогшроод байхаар зүйл огт биш юм.
Ухаандаа би оросын түүхээс “давсны үймээн”, “зэсийн үймээн” гээд муу муухайг нь тасралтгүй дуудаад байж чадна. Мөн хятадын түүхээс мянга түмэн тариачны бослого, төрийн эргэлт, хамгийн сүүлд гэхэд 1920-1930-аад оны “генералуудын будлиан”-ыг яриад байж болно.
Үүнийгээ оросууд огт нуудаггүй. Тэр ч байтугай “Самуун цаг” (Смутное время) гэсэн бүлэг дунд сургуулийн сурах бичигт хүртэл байдаг. Мөн хятадад ч бас л ийм. Ер нь дэлхийн бүх улсууд ийм байдаг байх.
Яах гэж ингэдэг гэвэл ямар ч улс үндэстэн түүхээсээ сургамж авч, муу муухай үеэ аль болох олон талаас нь дүгнэж цэгнэдэг. Улс үндэстэндээ сургамж болгож, хойч үеэ хүмүүжүүлдэг учраас тэр. Харин нэг ч улс үндэстэн муу муухай үеэ нийт үндэстэндээ нялцаан халдааж, Та нар угаасаа өөдгүй, болохгүй бүтэхгүй үндэстэн гэж хэлдэггүй. Энэ дэлхий дээр нэг ч тийм үндэстэн, нэг ч тийм сэхээтэн байхгүй.
Гэтэл Монголд бол байна аа. Энэ бол Баабар болон түүний нөхөд. Эдний тэргүүн эгнээнд усан тэнэгээрээ Цэнддоо, Баярхүү хоёр давхих бөлгөө…
Тэд монголчууд угаасаа “орондоо ч орох завгүй, олзлолдон байлдаж байдаг”, дандаа дээрэм хийхээс өөр зүйл мэдэхгүй, зохион байгуулалтад орох чадваргүй, олз омогт дуртай, шуналтай гэхчлэн алхам тутамдаа нотлох бөлгөө.
Самуун цагийн зурвас үеийг зүйрлэсэн “шүлгийн мөрийг” нийт Монгол үндэстний төрөлх шинж чанар болгон монголчуудыг үндэстний хувьд гутаан доромжлох болсон шалтгаан юу вэ ?! Тэгвэл Монгол ганцаараа “орондоо орох завгүй олзлолдон байлдаж” байдаг “өөдгүй” үндэстэн, бусад нь соёлтой, дайн байлдаан хийдэггүй “шилмэл” үндэстэн гэж нотлох шаардлага юунд байгаа юм ? !
Баабар болон түүний нөхөд дээр өгүүлсэн Орос, Хятадын самуун үеийн түүх болон дэлхий дахины түүхийн самуун үеийн бүх жишээг мэдэхийн дээдээр мэдэж байгаа гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Тэдний энэ үгээ хэлж буй цаад суурь дэвсгэр нь гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой байгаа нь тов тодорхой байна. Монголчууд тэдний хүссэн зоргоор гадаадын хөрөнгө оруулаагүй учраас ингэж доромжлуулж байгаа юм.
Яахаараа гадаадын хөрөнгө оруулалт шударга бус гэхээр Монголчууд угаасаа муу муухай үндэстэн болох ёстойг ноён Баабар шинжлэх ухааны хувьд нотлох ёстой л доо…
Монгол л биш бол манж ч байсан Баабарт сайхан харагдах болсон нь түүний сүүлчийн өгүүллээс тодорхой харагдана. Тэгвэл нэртэйгээр нь Монгол улс 1911 онд Манж Чин гүрэн, улмаар Хятадаас салж, тусгаар тогтносныг “ах дүү” нараасаа тасарч салсан гээд дүгнэчих л дээ…
Ноён Баабар өөртөө “оюун санааны эрэл хайгуул” хийж болох авч түүний үндэстнээ уг язгуураар нь үгүйсгэх мунхаг тэнэг сэтгэлгээний золиосонд монголчууд үндэстнийхээ хувьд хэлмэгдэх ёсгүй гэж би бодож байна.
Ноён Баабар Монголыг магтаж чаддаггүй юмаа гэхэд үгүй ядаж л “Монгол бол бусдаас илүү юмгүй, бас дутуу юмгүй үндэстэн” гэсэн зарчим баримталж болно биз дээ.
Ард түмнээ шүүмжилж, тэр ч байтугай загнаж ч болно. Ухаандаа би “монголын сэхээтнүүд шиг адгийн тэнэг амьтан энэ хорвоод байхгүй”, “Манай ард түмэн үнэн тэнэг” гэж байнга загнадаг. Үнэн юм чинь яадгийм ?! Харин тэгж загначихаад шинжлэх ухааны анализ дүгнэлт, гарах гарцыг нь би заавал хэлж өгдөг.
Яагаад гэвэл би “тэнэг ард” түмэндээ насан турш үйлчлэх эрхтэй бөгөөд үүрэгтэй монгол судлаач. Надад өөр ард түмэнд үйлчлэх хувь тавилан цаанаасаа Тэнгэр Бурханаас заяагаагүй. Би ямар Баабар шиг авилгач төр болон гадаад компаниудаас мөнгө авдаг биш…
Монголын ард түмэн, үндэстнийг угаасаа, мөн чанараараа үл бүтэх үндэстэн гэвэл би яагаад ч зөвшөөрөхгүй, тэнэг ард түмнээ өмөөрч байгаад дуусна. Ер нь ингэхэд миний ард түмнийг ингэж ийм тэнэг болтол нь хэн хордуулсан юм гэвэл би тун олон юм ярьж чадна…
Ард түмэн, үндэстнээ төрөлхийн тэнэг мангараар нь дуудаж байгаад гадаадын хөрөнгө оруулалт нэрээр Эх орноо худалдах үзэл суртал номлохыг чинь бүр ч зөвшөөрөхгүй…
Судлаач Х.Д.Ганхуяг