Ийн тайлбар өгсний дараа ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг нам жим байна. Ийнхүү сунжирсаар хаврын чуулганы хаалт ойртлоо. МАН-ын бүлгээс Тавантолгойн гэрээний төслийг хэлэлцүүлэхийг УИХ-ын даргаас шаардаж буй бөгөөд Ерөнхийлөгч хүртэл “Тавантолгойн гэрээний төслийг улстөрчдийн хоол болгочихгүйхэн, хэлэлцэн шийдвэрлээд явах ёстой” гэх байр суурь ч илэрхийлсэн. Тэгвэл чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр Тавантолгойн талаар асуухад УИХ-ын дарга З.Энхболд “Эрдэнэчимэг хаана байна” хэмээн ажлын хэсгийн ахлагчаа хайхад хүрсэн. Ё.Отгонбаяр гишүүн энэ үеэр “Чуулганаар хэлэлцэх асуудлыг Л.Эрдэнэчимэг мэддэг болчихсон юм уу” хэмээж харагдана лээ. Үнэндээ сүүлийн үед олон нийтийн дунд “Тавантолгойн асуудлыг Л.Эрдэнэчимэг мэднэ” гэх явган шог яриа шиг зүйл бий болчихоод байгаа юм. Гэхдээ Тавантолгойн асуудлыг ЛЭрдэнэчимэг ч мэдээд байгаа хэрэг биш энэ асуудалд анхнаасаа эсрэг байр суурьтай байсан спикерийн санаа гэдэг нь ойлгомжтой.
Үндсэндээ УИХ-ын дарга алх цохиж, захирамж гаргахын төдийд хэн нэгний байтугай гүйцэтгэх засаглалын шийдвэрт нөлөөлж, “хориг тавьж” чаддаг, өндөр эрх мэдэлтэйг З.Энхболд ийнхүү харуулж байна гэхэд хилсдэхгүй. Ямартаа л УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Үнэхээр харамсалтай байна. Ерөнхийдөө энэ УИХ дээр нарийн яривал диктатур тогтчихлоо. Энэ УИХ-ыг удирдаж байгаа дарга нь хүсвэл тэр асуудал нь явдаг, энэ хүн хүсэхгүй бол юу ч явдаггүй. Хэрвээ энэ хүн хүсвэл уначихсан асуудлыг хэд хэдэн асуудал хэлэлцсэний дараа босгоод ирдэг. Ийм диктатур тогтчихлоо шүү дээ. Энэ мэт хуйвалдаан цадигаа алдаж байна. Гурван сая ард түмнийг УИХ-ын гишүүд нь хараад сууж байхад хуулийг хулгайлж луйварддаг болж байна шүү дээ. Энэ төрд дээрэм тонуул цагаандаа гарч байна. Ингэж суухын оронд тарсан нь дээр дээ” хэмээн халаглаж байх вэ дээ. Ийнхүү УИХ-ын дарга Л.Эрдэнэчимэгийн “гараар могой бариулж” Тавантолгойн асуудал сөхөгдөхөд “Эрдэнэчимэг хаана байна” гээд булзайруулсаар хаврын чуулганы хаалт хүргэж магадгүй нь. Ямартай ч “бүхнийг мэддэг” Л.Эрдэнэчимэг гишүүн ажлын хэсгийн дүгнэлтээ яаравчлуулж, Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлнэ байгаа.
Эх сурвалж: www.info.mn