Уг нь бол мэдээлэл технологийн чиглэлээр ажилладаг залуучууд “Далайн дээрэмчний нам” байгуулсан гэх. Үүсгэн байгуулагч нь Б.Тэгшжаргал хэмээх залуу хэвлэлийн хуудаснаа олонтаа гарсан. Гэсэн ч тэд Дээд шүүхээс татгалзсан хариу аваад сураг тасрав. Тэгвэл УИХын гишүүн асан Л.Гүндалай Ардчилсан намаас гарч, шинэ нам байгуулахаар болсноо зарласан. Тэрбээр “Ард түмнээ хайрлая” гэдэг нэрийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас авч, иргэдээс гарын үсэг цуглуулж, материалаа Улсын дээд шүүх рүү илгээсэн ч бичиг баримт дутуу гэх шалтгаанаар бүртгэхээс татгалзсан юм. Түүний хувьд намаа яаж ийгээд Дээд шүүхэд бүртгүүлнэ гэсэн болохоор тун удахгүй “Ард түмнээ хайрлая” гэх шинэ нам байгуулагдах биз ээ.
Харин Цагаан сарын өмнөхөн улс төрийн хүчин болохоо зарлаж байсан “Хөгжил-Хүн” клубийн залуучууд дөрөвдүгээр сарын 28-нд “Үндэсний хөгжил-Монголын зорилго” нэртэй чуулган зохион байгуулж улс орныхоо хөгжлийн гол зорилгыг яаж харж байгаа тухайгаа илэрхийлсэн. Түүгээр ч зогсохгүй тавдугаар сарын эхээр тус клубийн залуус Хөдөлмөрийн үндэсний намын (ХҮН) гишүүн болцгоож, Их хурлаа зохион байгуулан С.Боргилыг намын даргаар сонгосон. Энэ нам 2011 онд бүртгүүлсэн учир намуудын тоог нэмээгүй ч, чанарыг нь дээшлүүлэх зорилготой гэнэ. Намын дарга С.Боргил “Хүнээ дээдэлж, Монгол орноо чинээлэг, амар тайван хөгжингүй улс болгохын төлөө манай нам ажиллана. Өнөөдрийн та бүхний хийсэн нэг зөв алхам ирээдүйн мянган зөв үйлдлийн эхлэл мөн. Бид хамтдаа монгол хүнийг бүтээнэ” хэмээн мэдэгдсэн. Ямартай ч “ХҮН” хэмээх энэ нам ирэх сонгуульд өрсөлдөх эрхээ ийнхүү өвөртөлсөн юм.
Шинэ намуудад орон зай байгаа юу
Одоогийн байдлаар Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 22 нам байна. Эдгээрээс өнөөгийн УИХд суудалтай зургаан улс төрийн хүчин байгаа юм. Түүнчлэн байгуулагдсан цагаасаа хойш 22 жил болохдоо нэг ч удаа парламентад суудал аваагүй нам ч байна. Мөн улстөрчдийн ярьдгаар нэг гишүүнтэй нам, эсвэл нэг хүний эзэмшлийн нам гэж байдаг. Тодрулбал, 1993 онд байгуулагдсан Монголын уламжлалын нэгдсэн нам ардчиллын жилүүдэд болсон улс төрийн аливаа сонгууль бүрээр “амь ордог” ч, амжилт олсон нь үгүй. Өнөөдрийг хүртэл нэг ч удаа УИХд төлөөллөө оруулж чадаагүйгээс энэ нь харагдана. Харин байгуулагдсан цагаасаа хойш нэг даргатай явсан нам Монголын түүхэнд гурав бий. Нэг нь ИЗНН бол, нөгөө хоёр нь “Буян”гийн Б.Жаргалсайханы БНН, “Эрэл”ийн Б.Эрдэнэбатын “Эх орон” нам юм. Улс төрийн амжилтын хувьд энэ гурван намаас ИЗНН парламентад тогтмол 12 суудал авч байсан юм. “Эх орон”, “БНН” намуудын хувьд 2008 оноос хойш УИХд суудалгүй намуудын эгнээнд багтаж байгаа юм. Гэтэл байгуулагдмагцаа сонгуульд тун амжилттай оролцож, бүлэг байгуулах хэмжээний суудал авсан дор ганц гуравдагч хүчин бол МАХН. Тэд МҮАН-тай хамтран “Шударга ёс” эвсэл байгуулан өрсөлдөөд 11 суудал авсан.
Мэдээж 90 жилийн түүхтэй МАХН-ын суурин дээр байгуулагдсан шинэ нэртэй хуучин хүчин учраас ийм амжилт гаргасан гэж хэлж болно. Үндсэндээ шинэ нам УИХ-д ганц ч болов суудал авахын төлөө сонгуульд ордог. Гэхдээ энэ удаагийн сонгуульд шинэ намуудад боломж байхгүй л болов уу гэж улс төр судлаачид хэлж байна. Тэгвэл зарим шинэ намынхан ч үүнийг олж харсан бололтой. Учир нь “ХҮН” намын дарга С.Боргил “Бидний зорилго бол 2016 оны сонгууль биш. Бид холын зорилготойгоор энэ намыг байгуулсан. 2050 он гэхэд Монгол ядуу буурай биш, баян тансаг улс байхын төлөө бид зүтгэнэ” гэсэн. Тэгэхээр одооноос шинэ нам байгуулах нөхөд ийм алсын зорилготой байхгүй л бол горьгүй нь дээ.
Улс төрийн хүрээнд УИХ-ын гишүүн Х.Баттулгыг шинэ нам байгуулах нь гэсэн “бор шувуу” нэг хэсэг ниссэн. Үүний дараа УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг нам байгуулах нь гэж шуугиж эхэлсэн. Түүнчлэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын ажлаа өгсөн О.Магнайг нам байгуулах тухай ч яригдаж байв. Гэсэн ч тэдний шинэ намын сураг өнөөг хүртэл гараагүй л байна. Ямартай ч сонгууль болтол хугацаа үлдсэн учраас дахин хэдэн нам шинээр төрөхийг хэлж мэдэхгүй. Харин нэг тодорхой зүйл нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар нам байгуулахаа болиод 2016 оны УИХ-ын сонгуульд “Эвийн хүч эвсэл”-ээс нэр дэвшихээр болсон гэнэ. Энэ талаар “Эвийн хүч эвсэл”-ийнхэн албан ёсоор мэдэгдсэн. Тэд “Бид Монголынхоо төлөө 2016 онд УИХ болон бүх шатны сонгууль нэгдэж орох гэж байна. Сайнхүүгийн Ганбаатар гэдэг эх оронч, ард түмний илч 2016 онд бидэнтэй нэгдэж сонгууль орох болсон” хэмээсэн. 2016 оны сонгуулийн сунгаанд сойгдох шинэ намуудын талаар дуулгахад ийм байна.
Г.НАРАН
Эх сурвалж: www.info.mn