Sonin.mn сайт жил гаруйхны дараа болох УИХ-ын 2016 оны сонгуульд хэн хэн нэр дэвшихээр төлөвлөж байгаа тухай мэдээллийг цувралаар хүргэж буй билээ.
Өмнө нь Сонгино Хайрхан дүүрэгт МАН, АН-аас нэр дэвшихээр төлөвлөж буй улс төрчдийн нэрсийг хүргэсэн. Тэгвэл том хоёр намаас Төв аймагт УИХ-ын ирэх сонгуульд нэр дэвших хүмүүс ч үндсэндээ тодорхой болоод буй аж.
Төв аймгийн хувьд өнгөрсөн 25 жилийн түүхэнд ихэвчлэн МАН / хуучнаар МАХН/-ыг дэмжиж ирсэн түүхтэй. Тус намаас нэр дэвшиж байсан М.Зэнээ, Ц.Өөлд, Б.Лхагвасүрэн, С.Гончиг, Д.Дондог нар УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байв. Одоо байгаа тус аймгийн төлөөлөл болох МАН-ын улс төрчдийн хувьд Су.Батболд 2002 онд М.Зэнээ агсны нөхөн сонгуулиар, Н.Энхболд 2004 онд, М.Энхболд 2008 онд анх ялалт байгуулж байсан түүхтэй. Энэ жилийн хувьд МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд намынхаа жагсаалтыг тэргүүлэн нэр дэвших бол Су.Батболд 5 дарааллан ялалт байгуулж чадах эсэхээ үзэхээр дахин Төв аймагтаа өрсөлдөнө. Харин 2012 онд намынхаа жагсаалтанд орж, нэр дэвшиж байсан УИХ-ын гишүүн Н.Энхболд энэ удаа Төв аймагтаа дахин нэр дэвшихээс өөр сонголтгүй болжээ.
Гол өрсөлдөгч болох АН-ын хувьд Монгол Улсын Дархан Аварга, гавьяат тамирчин А.Сүхбатыг Төв аймагт нэр дэвшүүлэх нь бараг тодорхой болсон байна.
Харин 2008, 2012 онд тус аймагт АН-аас нэр дэвшиж байсан Эрчим Хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв энэ удаад өнжиж, сэтгүүлч, хууль зүйн ухааны доктор Ш.Сүхбаатар өрсөлдөхөөр яригдаж буй аж. Ш.Сүхбаатарын хувьд ч уг тойрогт шинэ хүн биш бөгөөд 2000 онд БНН-аас, 2004 онд Эх орон-МАШСН / Эх орон-Ардчилал эвсэл/-аас, 2008 онд АН-аас Төв аймагт нэр дэвшиж байжээ. Зарим эх сурвалжийн урьдчилсан судалгаанаас үзэхэд А.Сүхбат, Н.Энхболд нарын рейтинг бусдаасаа өндөр байгаа гэнэ.
С.Сарнай
Эх сурвалж: www.sonin.mn