Comment.mn

С.Үнэн дарга худал мэдээлэл хийж нийслэлчүүдийг айдаст автуулсан уу


Туул руу бохироо зутгах эсвэл гурав хоног ус хязгаарлахаас өөр сонголт байхгүй

 

Өнгөрсөн сарын 27-ны өдөр нийслэлчүүдэд айдас төрүүлэм мэдээллийг Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн хийсэн.

 

Түүний энэ мэдээллийг эргэн санавал: Ойрын өдрүүдэд төв цэвэрлэх байгууламжийн аэротенкийн хэсгийг яаралтай нөхөх ажлыг эхлүүлэхээр болсон.

 

Аэротехникийн хэсэг нь өдөр бүр нийслэлийн иргэдийн хэрэглэсэн бохир усанд биологийн цэвэрлэгээ хийдэг, гэвч байгуулсан цагаас нь хойш огт шинэчлэл хийгээгүй тул цооролт үүсч, цооролтын хэмжээ ихэссэн. Тиймээс одоогийн 65 хувийн цэвэрлэгээний хувь хэмжээ улам багасах аюул нүүрлээд байгаа.

 

Ер нь энэ чигээрээ явбал ирэх жил гэхэд нийслэлчүүд хэрэглэсэн бохир усаа ариутгах байгууламжгүй болно гэдгийг С.Үнэн дарга онцлосон.

 

Мөн тэрбээр “Би газрын даргын хувьд энэ удаагийн засварыг Засгийн газар, нийслэлийнхний гарыг харалгүйгээр яаралтай эхлүүлэхээр шийдээд байна. Гэхдээ цэвэрлэх байгууламжийг засварлахын тулд хоёр сонголтоос нэгийг сонгох хэрэгтэй болсон. Засвар хийх гурав хоногийн хугацаанд иргэдийн хэрэглээний усыг хязгаарлах, эсвэл нийслэлчүүдийн хэрэглэсэн усыг цэвэрлэхгүй шууд Туул гол руу асгах гэсэн сонголт дээр тулаад байна. Иргэдийн усыг хязгаарлах нь боломжгүй асуудал учраас бохир усыг шууд Туул гол руу асгахыг сонгохоор болоод байна” гэсэн.

 

Энэхүү мэдээлэл нь Туул гол дэлхийн хамгийн том жорлон болох эсвэл нийслэлчүүд гурав хоног усгүй тарвага болох нь гэсэн айдас түгшүүрийг олны дунд дэгдээгээд байсан билээ.

 

Гэхдээ энэ хоёр сонголтын аль нэгийг хүлээн зөвшөөрөхгүй бол ирэх жил гэхэд нийслэлчүүд хэрэглэсэн бохир усаа ариутгах байгууламжгүй болно хэмээсэн нь иргэдийг дээрх хоёр сонголтын нэгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүргэсэн нь нууц биш.

 

Засварын  үеэр ахуйн хэрэглээний усыг хязгаарлахгүй, Туул гол руу ч бохир урсгахгүй

 

Гэтэл энэ сарын тавны өдөр нийслэлчүүдийн өмнө тулгамдаад байгаа Төв цэвэрлэх байгууламжийн засварын ажлыг энэ  сарын 15-наас эхлүүлэхээр болсон. Засварын  үеэр ахуйн хэрэглээний усыг хязгаарлахгүй, Туул гол руу бохир урсгахгүй бөгөөд Төв цэвэрлэх байгууламжийг 48 цагийн хугацаагаар зогсооно гэсэн таатай атлаа тааламжгүй мэдээллийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал хийсэн юм.

 

Үнэн худлыг цаг хугацаа дэнсэлнэ

 

Энэхүү мэдээллийг сонсоод өөрөө өөртөө итгэсэнгүй. Учир нь УСУГ-ын дарга С.Үнэн нийслэлчүүдийн усыг хязгаарлах, Туул гол руу бохироо цутгах хоёроос өөр сонголт байхгүй хэмээж байсан атал олны анхаарал энэ байдалд чиглээд ирэхээр өнөөх хоёр сонголтын аль алийг нь сонгохгүй гэсэн нь худал мэт санагдаж, өөрийн эрхгүй “хардлага төрүүлэв”.

 

Үнэхээр С.Үнэн дарга худал мэдээлэл хийж, нийслэлчүүдийг айдаст автуулав уу, эсвэл Б.Бадрал дарга олны анхаарлыг саринуулж байгаад Туул гол руу бохироо зутгах гэж байна уу гэх хардлага өөрийн эрхгүй төрсөн юм.

 

Тиймээс энэ асуудлыг Б.Бадрал даргаас тодруулбал “Ер нь жил бүр Төв цэвэрлэх байгууламжид тодорхой хугацаагаар тэг зогсолт хийдэг. Энэ жилийн хувьд шугамын цооролт ихтэй учир 48 цагаар зогсоох болсон. Энэ хоёр хоногт иргэдээсээ хэрэглээний усаа багасгахыг хүсье” гэсэн юм.

 

Харин С.Үнэн даргын хийсэн мэдээлэл өөрчлөгдөж өнөөх дуулиан тариад байсан хоёр сонголтын аль алийг нь хийхээргүй болсон нь үнэн эсэхийг УСУГ-аас лавлавал “Холбогдох албаны хүмүүс энэ тал дээр анхаарал хандуулаад асуудлыг зохицуулсан” гэх тайлбарыг хийв.

 

Тэгвэл С.Үнэн дарга нийслэлчүүдийг айдаст автуулсан мэдээлэл хийхээсээ өмнө өнөөдрийн энэ гарцыг хайгаагүй, албаны хүмүүстэй холбогдоогүй байсан эсэхийг тодруулахад “Манайх гүйцэтгэгч байгууллага болохоор эхлээд асуудал ийм байна гэдгийг мэдээлсэн. Харин асуудлын дагуу цэвэрлэх байгууламжийн засварын ажлыг хийхээр боллоо” гэв.

 

Ингэхээр С.Үнэн дарга Төв цэвэрлэх байгууламжийн засварын ажлыг эхлүүлэхийн тулд хэд хоног нийслэлчүүдийг айдаст автуулсан бололтой. Гэхдээ энэ нь С.Үнэн даргын хувийн ажил бус хувьсгалын ажил гэдгийг ч салгаж ойлгох нь зүй ёсны хэрэг.

 

Ер нь эргэлзээ төрүүлэм энэ асуудлыг эцэст нь дүгнэвэл С.Үнэн дарга асуудлын гарц, гарамыг бүрэн судлалгүй айдас төрүүлэм мэдээлэл дэлгэсэн үү, эсвэл Б.Бадрал дарга төв цэвэрлэх байгууламжийн бохирыг нууцаар Туул гол руу цутгах гэж байна уу гэдэг нь удахгүй тайлагдах буй за.

 

Эх сурвалж: www.24tsag.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.