Сүүлийн жилүүдэд хуурамч эм, монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, стандартын шаардлага хангаагүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдаалагдах болсон.
Иргэд ч дур мэдэн эмийн санчаас асуун эм, тариаг эмчилгээнд хэрэглэх болсон нь энэ төрлийн бизнесийг цэцэглүүлж буй.
Өнөөдрийг хүртэл шаардлага хангахгүй эм худалдсаар байгаа юм. Тодруулбал, Энэ оны эхний хяналтыг дөрөвдүгээр сард 18 аймаг, нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг эм нийлүүлэх төвд шалгалт хийжээ. Уг шалгалтад эм ханган нийлүүлэх 43 байгууллага, дөрвөн эмнэлэг, биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлдэг хоёр байгууллага, 266 эмийн сан, нийт 315 байгууллага шалгагдсан байна. Ингэхэд хаяг, шошгын зөрчилтэй, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хүчинтэй хугацаа, цуврал, стандартын шаардлага хангахгүй эм, эмнэлгийн хэрэгслээр үйлчилж, улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн зарим эмийн савлагаан дээр бүртгэлийн дугаар бичигдээгүй нийтлэг зөрчил илэрчээ.
Илэрсэн зөрчлийг арилгуулахаар 30 байгууллагад улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгснөөс гадна зөвлөмж хүргүүлэн, байгууллага, албан тушаалтан, иргэдэд шийтгэвэр ногдуулсан байна. Тухайлбал, стандартын шаардлага хангаагүй, хаяг шошгын зөрчилтэй 97 нэрийн, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй давхардсан тоогоор 25 нэрийн, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 74 нэрийн, хадгалалтын дэглэм алдагдсан 13 нэрийн, нийт 209 нэрийн 6 562 ширхэг эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг илрүүлсэн байна. 31 нэрийн эмийг зах зээлээс буцаан татах үүрэг өгч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, шаардлага хангахгүй эм, эмнэлгийн хэрэгслийг хураан авчээ.
“Эм тун нь таарвал эм, тунг нь хэтрүүлбэл хор” гэдэг. Харин манай улсад эл үг бараг үйлчилдэггүй гэхэд болно. Зөвхөн эмчийн бичиж өгсөн эмийг эмчилгээнд хэрэглэх нь зохилтой. Гэтэл сүүлийн хэдэн жил энэ тогтолцоо гажуудсан гэхэд хилсдэхгүй. Наад зах нь хүүхэд ханиад хүрлээ гэхэд дур мэдэн эмийн сантай ярилцаж байгаад эмчилчихдэг. Гэтэл угтаа энэ нь эм биш хор болж орхих нь олонтаа. Хүндэрсэн хойно нь эмнэлэг барааддаг манайхны муу зан бий. Энэ зуршлаасаа болж хуурамч, стандартын шаардлага хангаагүй эм худалдаалагчдыг өөгшүүлж байгаа нь харамсалтай.
Х.Даваа
Эх сурвалж: www.dorgio.mn