Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр байлцаж, Дубайд гарын үсэг зуруулсан Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гэх баримт бичгийн талаарх маргаан хэрээс хэтэрч, Засгийн газрын цаашдын хувь заяанд ч нөлөөлж мэдэхээр боллоо. Яг үнэндээ үүнийг төлөвлөгөө гэж нэрлэж болох эсэх тухайд олон нийт байтугай мэдээлэлд хамгийн ойр УИХ, Засгийн газрын гишүүд ч төөрөлдөж, зарим нь гэрээнд гарын үсэг зурчихлаа гэхчлэн өөр шийдэх, ярилцах юмгүй мэт мэтгэлцэж сууна. Нэгэнт Ерөнхий сайд байлцаж гарын үсэг зуруулсан болохоор АН-ын гишүүд хүссэн хүсээгүй ч “төлөвлөгөө” гэдэг дээр бат зогсч байгаа ч Х.Баттулга зэрэг цөөн гишүүн, аль нь ч байсан өнгөрсөн.
Одоо дэмжээд л явуулахаас аргагүй гэсэн байр суурьтай байна. Харин МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүд “гэрээ” гэж үзэж, Ерөнхий сайд болон гэрээнд гарын үсэг зурсан хүмүүст шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Тухайлбал, тус эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, уг нь “төлөвлөгөө” гэж танилцуулсан ч доторх бүтцийг нь харахаар гэрээний хэлбэртэй гэдгийг хүмүүс хэлж байгаа гэж бөөрөнхийлсөн бол Ч.Улаан гишүүн, би амьдралдаа ийм төлөвлөгөө үзээгүй.
Төлөвлөгөө нэртэй гэрээ л байна билээ гэж илт дургүйцсэнээ илэрхийлсэн байна. “Шударга ёс” эвслийнхэн дээрх баримт бичигт ийнхүү дургүйцсэн юмуу эргэлзсэн байр суурь илэрхийлэх нь буруу ч биш байх. Учир нь, Оюутолгойн хөрөнгө оруулалтын асуудлыг анх ярилцаж, ТЭЗҮ /техник эдийн засгийн үндэслэл/-ийг тооцохдоо 2,5 тэрбум ам,долларын санхүүжилт шаардлагатай гэж тухайн үеийн хөрөнгө оруулагч “Айвенхоу майнз”-ын захирал Р.Фрийдланд мэдэгдэж, 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж байлаа.
Гэтэл жилийн дараа ТЭЗҮ-г дахин шинэчилж гарын үсэг зурахдаа 5,1 тэрбум болгосныг Ерөнхий сайд асан, гавьяат эдийн засагч Д.Бямбасүрэн гуай саяхан батлан хэлж байсан. Түүнээс хойш Оюутолгойн ордын хөрөнгө оруулагч нь өөрчлөгдөж “Рио Тинто” эзэн суулаа.Тэд 2012 оны эцсээр Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт хоёр тэрбум ам,доллараар хэтэрснийг мэдэгдэж, “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Мак Рейн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг зогсоосноо дуулгасан. Гэвч Оюутолгойн ил уурхайг үргэлжлүүлэн ашигласаар энэ оны эхний улиралд нэг сая дахь тонн баяжмалыг экспортод гаргаснаа зарлаж, тэмдэглэлээ. Харин хоёр дахь шатны санхүүжилтийг зогсоосон нь “Эрдэнэс”Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболдын тайлбарласнаар, зарим нэг ойлголтын зөрүүнээс шалтгаалсан юм байж. Мөн ТЭЗҮ дээр ч дутуу дулимаг тооцоолсон зүйл байсан юм байх.
Тиймээс хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэн гэнэ. Үүнийг харилцан ярилцаж ойлголцоод төлөвлөгөөнд гарын үсэг зурсан бололтой юм. Гэтэл үүнийг 2013 оны эцсээр Засгийн газрын тогтоолоор байгуулсан “Оюутолгой” ХХК-ийн анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлтийг баримтад үндэслэн шалгах шуурхай ажлын хэсгийнхэн арай өөр өнцгөөс харж байгаагаа хэлсэн. Энэ ажлын хэсгийг Шадар сайд асан, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ахалж байсан бөгөөд Уул уурхайн болон Сангийн яам, мэргэжлийн хяналт, татварын байгууллага, “Оюутолгой” компанийн ажилтнууд зэрэг 20 гаруй хүний бүрэлдхүүнтэй байжээ. Тус ажлын хэсэг 2010 оноос хойшхи Оюутолгойн хөрөнгө оруулалт, санхүүжилтэд шалгалт хийхэд хоёр тэрбум ам.долларын зөрчил илэрсэн байна.
Татварын байгууллагаас “Оюутолгой” компанид 130 сая ам.долларын татварын торгууль ногдуулсан боловч ТЕГ-ын дэргэдэх маргаан таслах зөвлөлөөс 30 сая болгож буулгажээ. Дубайд үзэглэсэн дуулиан шуугиан тариад байгаа баримт бичиг иймэрхүү харилцан ойлголцлын үндсэн дээр л “амь орж” буй бололтой. Энэ нь эрх мэдэл, албан тушаал байхад Монголын төрийн байгууллага, УИХ-ын гишүүдийг яаж ч “дөрлөж” болно гэсэнтэй адил явдал боллоо гэж олон нийт харж байна. Нөгөө талаар гэрээ, төлөвлөгөө аль нь боловч түүнд тоо баримтаа тодорхой тусгаж, ойлголтоо нэгтгэж, ам хэлээ тохиролцож ярихгүй бол энд тэнд янз бүрийн дүн хэлж олон нийтийн тархи толгойг угааж, эргүүлдгээ болимоор байх юм.
Дубайд гарын үсэг зурсан, “Эрдэнэс-Монгол” компанийн гүй-цэтгэх захирал Б.Бямбасайхан, Оюутолгойн ордоос монголчууд 54,9 хувийн буюу 45-50 тэрбум ам.долларын өгөөж хүртэнэ гэж ярьж байсан. Гэтэл Д.Тэрбишдагва гишүүн, энэ төлөвлөгөө гэх юманд 53 гаруй хувийн өгөөж нь монголчуудад ногдоно гэж заасан байна. 53,1 юмуу эсвэл 53,9 хувь уу гэж сөргөлдөх маягтай. Цаашилбал, хэл ам дагуулсан энэ “төлөвлөгөө” нь Оюутолгойн далд уурхайн нөөцөд хамаарах Хюго /газар доорх 1,5-2км-ийн гүнд байгаа нөөцийг ингэж нэрлэдэг юм билээ/-ийн зөвхөн нэг хэсгийг ашиглаж олборлох ажлын санхүүжилттэй холбоотой баримт бичиг гэж “Эрдэнэс”Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд тайлбарлаж байсан. Оюутолгойн ордын бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн талбай, тэндхийн музейн үзмэртэй нэг бус удаа очиж танилцсан бидний ойлголт ерөнхийдүү байхад зураг-таар харж, сониноос уншихаас өөр мэдээлэлгүй иргэд, олон нийт өөрийн төлөөлөл болсон УИХ-ын гишүүдэд л итгэх байх.
Тэд ч энэ байдлаа овжноор ашиглаж, сонгогчдодоо эх оронч нэгэн болж харагдахын тулд “зохиолынхоо санаа”-г байнга хайж байдгийн нэг нь Оюутолгой болж байна. Сүүлийн хэд хоногт Д.Тэрбишдагва гишүүний нэг их шаналсан царай, Ч.Улаан сайд асны ууртай ширүүн дүр телевизийн дэлгэцнээс салахгүй байгаа нь үүнийг нотлоод ч байх шиг. Ямартай ч Оюутолгой хэмээх дэлхийд данстай мега төсөл дээр хамтран ажиллах компаниуд нь тодорхой, хөрөнгө оруулалт нь ойлгомжтой болчихсон том ажлынхаа эргэн тойрноос улс төрчид гар хөлөө татах цаг нь болсон.
Бид л тогоон дотроо хэрэлдэж суугаа болохоос дэлхий ертөнц Монголыг арай өөрөөр харж үнэлээд эхэлчихэж. Олон улсын кредит үнэлгээний “Mood`s” агентлаг манай зээлжих зэрэглэлийг В2/+/ болгож, таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монголд орж ирснээр хөдөлмөрийн зах зээл өргөжиж, ажлын байр нэмэгдэхээс гадна уул уурхайн үйл ажиллагаа нь идэвхжинэ гэж үнэлж байна. Хөрөнгийн үнэлгээний “Tech” агентлаг, Оюутолгойн далд уурхайн санхүүжилт шийдэгдсэнээр зээлжих зэрэглэл нь сайжирч, гадаад төлбөр тооцоог гүйцэтгэх чадвар нэмэгдэж, гадаад худалдааны тэнцэл дэх дарамт буурна гэхчлэн өөдрөгөөр харж төсөөлж байна шүү дээ. Бид ч гэсэн дотоодын хэрүүл маргаан, үл ойлголцлоо таслан зогсоож малчин нь малаа хариулж, улс төрчид нь төр, засгаа барилцсан шиг барилцмаар байна. Түүний дээр Оюутолгой тойрсон гурван жилийн хэрүүл 300 сая ам.долларын зээлийн хүүг ард түмний нуруундүүрүүлсэн гэж Л.Энхамгалан гишүүн халаглаж байсныг ч сануулахад илүүдэхгүй биз ээ.
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: www.unen.mn