Comment.mn

Төгрөг мандах үеэр махны үнэ тэнгэрт бүү хадаасай


Эдийн засгийн хүндрэл тулгараад буй үед төгрөг чангарч байгаа нь сайшаалтай хэрэг. Өнөөдрийн байдлаар ам.долларын ханш 1907 төгрөг байна. Харин гадаад валютын зах дээр өнгөрөгч сарын 31-ний байдлаар 1900 төгрөгтэй тэнцсэн юм. Эдийн засагчид цаашид ам.долларын ханшийг 1800 төгрөгт хүрнэ хэмээн үзэж байгаа аж. Төгрөгийн ханш хоёр жил гаруйн хугацаанд уналтанд орсон. Харин өнгөрөгч дөрөвдүгээр сараас бага багаар чангарч байгаа нь энэ.

Төгрөг сэргэж, долларын ханш суларсан нь нэгдүгээр улирлын байдлаар гадаад худалдааны тэнцэл 376 сая ам.долларын ашигтай гарсан юм. Энэ нь импортын хэмжээ 29.5 хувиар буурсантай холбоотой аж. Хэрэглээнийхээ барааны 80 хувийг гаднаас авдаг Монгол Улс сүүлийн жилүүдэд импортыг хэрэглээг багасгаж, экспортыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлсэн. Үүний үндсэн дээр импорт буурснаар гадагшлах долларын урсгал дагаад буурсан зэрэгтэй холбож болно.

Гэвч гадаад валютыг дагаж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Тэгвэл ийнхүү ам. долларын үнэ буурч байгааг дагаж хүнс, мах, ногооны үнэ дорвитой буухгүй байна.

Махны дундаж үнэ хонины ястай нэг килограмм мах дунджаар 7570 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8445 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.7 хувиар буюу 305 төгрөгөөр өсчээ.

Үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 7530 төгрөг, “Номин”, “Меркури”, “Бөмбөгөр”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байв. хонины мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 6870 төгрөгөөр, харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 900-1300 төгрөг, 2-р зэргийнх 750-970 төгрөгөөр худалдав. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1100-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 900 төгрөгөөр тус тус зарагдаж байлаа. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1000-1200 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1000 төгрөгөөр, харин “Замбала” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1200 төгрөгөөр худалдаалж байгаа ажээ.

Ийнхүү төгрөг мандах үеэр махны үнэ тэнгэрт бүү хадаасай билээ.

 

 

Х.Даваа

Эх сурвалж: www.dorgio.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.