“Яаж ч гоёж гангаллаа гэсэн
Яс угсаагаа далдартал гоёод хэрэггүй
Ямар ч ном, олон хэл сурлаа гэвч
Яруу сайхан монгол хэлээ мартаж болохгүй ээ” гэж Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойном шүлэглэсэн байдаг. “Тийм ээ, эх хэлнийхээ яруу тансагийг мэдрэх тусам бичихгүй магтан дуулахгүй байхын аргагүй юм. Өнөөдөр манай дэлхийн хүн ам 6000 орчим хэлээр ярилцаж байна. Тухайн үндэстэн ямар хэлээр ярилцах нь үндэс угсаа төдийгүй түүх, улс төр, нийгэм эдийн засгийн олон хүчин зүйлээс шалтгаалан хэл нэг талаар арвижин баяжиж байхад нөгөө талаар ядууран устаж үгүй болох аюул нүүрлэсээр байдаг. Ийм аюул тулгараад байгаа хэл дэлхий дээр 1300 гаруй байна гэсэн мэдээ бий. Сүүлийн 20-иод жилд зориуд гэж хэлж болохоор харийн явуулгын үр дүнд манай соёл, боловсролын тусгаар тогтнол алдагдсан нь нууц биш. Түүний нэг ноцтой илрэл нь өнөөдөр манайд олон залуус маань зөв бичиж чадахаа больж бас ном уншихаа бараг больжээ. Үүний сөрөг нөлөө нь мэдлэгийн далайц өргөн бус, сэтгэх хязгаар нь хумигдаж сэтгэлгээний ур чадавхи нь улам мохож байна. Эх хэл ээж шигээ хайрлах нь бидний эрхэм үүрэг. Гэтэл эх хэл маань өдрөөс өдөрт хөгжлийн бэрхшээлтэй хүн шиг болчихож. Иймээс мунхаг би эх хэлний төлөө тэмцэл бол амьдралын төлөө тэмцэж гэж бодож сууна. Бид дэлхийн хаана ч байхгүй нандин сайхан баялаг хэлтэй ард түмэн. Монголчууд бид эх эхээ хүндэтгэн дээдэлж эх хэлнийхээ яруу сайхныг дэлхийд түгээж чадвал дэлхийн хэл болгож бүрэн боломж бий. Эх хэл маань өвөг дээдсээс бидэнд үлдсэн юугаар ч орлуулашгүй цул эрдэнэ гэдгийг зүрхэн тарни мэт санах хэрэгтэй.
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!... хэмээн Б.Ренчин гуай эх хэлээ магтан дуулсан байдаг. Монгол хэл бол өөр бусад хэл рүү хөрвүүлэхэд утгыг нь бүрэн төгс илэрхийлж барамгүй гайхамшигтай хэл шүү дээ. Үүнийг батлах ганцхан жишээ хэлье?
“Аргалд явсан ижий минь та” гэдгийг баасанд явсан ижий гэх юм уу?. Ингэж орчуулж ч болохгүй тансаг эх хэлээ дээдлэхсэн…
Б.Анхцэцэг
Эх сурвалж: www.times.mn