Comment.mn

Төрийн ажилчдын “хэт давралт”

долоо хоногийн даваа гаригаас эхлэн өнөөдрийг хүртэл төрийн өмчит нийтийн тээврийн компанийн жолооч, кондукторууд цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж, ажил хаялт зарласан билээ.

Тэд “Монгол үйлдвэрчний эвлэлийн холбоо”, компанийн үйлдвэрчний хороо, ажил олгогч нар зөвшилцөхөөр хэд хэдэн удаа уулзаж, ярилцсан боловч тодорхой шийдэлд хүрээгүй, ажил хаялт тав дах өдрөө үргэлжилж байна. “Автобус 1”, “Автобус 2”, “Автобус 3” гээд төрийн өмчийн компанийн жолооч, кондукторууд үндсэн цалингаа нэг дахин нэмэгдүүлэхийг нийслэлийн удирдлагууд, “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн даргаас шаардаж ийнхүү ажил хаялт зарлаад байгаа.

Ажил хаяж буй жолооч, кондукторууд бусад ажлаа хийх хүсэлтэй, ажил хаяхгүй гэдгээ мэдэгдсэн ажилчдыг хүчээр ажил хаяхыг шаардаж, улмаар автобусных нь дугуйн дор хэвтэх зэргээр ажиллах эрхийг нь хязгаарлаж байгаа гэнэ. Энэ тухай ажил хаялтыг эсэргүүцсэн “Автобус 1” баазын жолооч, кондукторууд хэвлэлийн хурал хийх үеэрээ мэдэгдэв.

“Автобус 1” баазын жолооч Ж.Ганбаатар “Ажил хаялт зохион байгуулсан хүмүүсийг шүүхэд өгнө, Бид үйлдвэрлэгч байгууллага биш үйлчилгээний байгууллага учраас ажил төрлөө хийж ард түмэндээ үйлчилмээр байна. Гэтэл бидний ажиллах эрхийг хязгаарлаад гурав хоног боллоо. Хэсэг бүлэг хүний турхиралтын дагуу ажил хаячихаад энгийн ажилчид бидэнд үнэхээр саад болж байна шүү дээ. Ажил хийх хүсэлтэй иргэдэд саад болж байна. Бид нар ажлаа хийх гэхээр автобусны доогуур орж хэвтээд янз бүрийн хууль бус үйл ажиллагаа явуулж бидэнд саад болж байна. Одоогийн байдлаар гурав хоног ажиллаагүй цалингаа авч чадахгүй хүрээд байна. Иймээс бид хохирлоо төлүүлэхээр хуулийн байгууллагад гомдол гаргана. Иргэдийн ажлыг хийлгэхгүй байгаа нь бидний эрхийг ноцтой зөрчиж байна. Бид хохирлоо нөхөн төлүүлэхээр хууль хяналтын байгууллагад өгч, шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж өөрийн үзэл бодлоо илэрхийллээ.

Нэг сая төгрөгийн цалин авч байгаа жолооч, кондукторын цалинг нэмлээ гэхэд эмч, багш нар яах бол? Автобусны жолооч нар дунджаар 1.2-1.4 сая төгрөгийн цалинтай үүнээс даатгалын шимтгэлээ төлөөд 850 мянган төгрөгөөс доошгүй цалин авдаг. Бараг цалин авдаггүй гэж худал мэдээлж байгаад харамсч байна” гэдгээ мөн ажилчид энэ үеэр онцолсон юм.

Тус баазын дарга Ч.Ононбаяр “Хэсэг бүлэг хүнээс болж нийтийн эрх ашиг зөрчигдөх ёсгүй. Ажил хаях нь хаяад, ажлаа хаяахгүй ээ гэсэн нь ажлаа хиймээр байна. Гэтэл үйлдвэрчний эвлэлийн гишүүд тэргүүтэй хэсэг хүмүүс бусад хамт олныхоо ажил хийх эрхийг боогдуулж байна. Өнөөдөр жолооч, кондукторууд сая орчим төгрөгийн цалин авдаг. Энэ хүмүүсийн цалинг дахиад хүслээр нь нэмчихвэл 400-500 мянган төгрөгийн цалинтай эмч, багш нар хэрхэх билээ” гэлээ.

Ийнхүү “автобус бааз 1″-ийн ажилчдын хийсэн хэвлэлийн хурлын дараа ажил хаялтын зохицуулагч хийж байгаа гэх Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Рагчаа “1500 гаруй ажилтны 1200 орчим хүн ажил хаялтыг дэмжиж байгаа. Дэмжихгүй байгаа нөхөд нь захиргааны албаны хэдэн ажилтан. Бид зорилгодоо хүрч байж л ажлаа хийнэ гэж жолооч, кондукторууд үзэж байгаа. Цалин нэмнэ гэх сургаар ажил хаялтаа зогсоож, ажилласаар байгаад хүмүүс ямар ч итгэлгүй болсон байна. Тиймээс л ийнхүү ажил хаяж байна гэсэн юм. Хэвлэлийн хурлыг зохион байгуулалттайгаар хийж байна. Ажилчдаа хүчээр хэвлэлийн хуралд суулгаж байгаа гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Мөн биднийг эсэргүүцэж мэдээлэл хийж байгаа ажилчдын дунд ажлаасаа гарсан нөхдүүд цөөнгүй байна” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тэгэхээр өнөөдрийг хүртэл ажил хаялтаа үргэлжлүүлж байгаа ажилчид хэний төлөө, юуны тулд олон хоног сууж байгаа юм бол гэх хардалт төрж буйг нуугаад яахав. Төрийн албан хаагчид бараг л дуртай үедээ ажлаа хийж дургүй нь хүрвэл ажил хаяж, суулт зарлана хэмээн айлган сүрдүүлэх болсон нь нууц биш. Гэтэл хэвийн байгууллагад ажилладаг өчнөөн хүн бага цалинтай ч амьдралаа залгуулсаар ажлаа хийж явна. Ер нь төрийн байгууллагын ажилчид хэт даврагчид гээд хэлчихэж хатуудахгүй биз. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ цаг үед хэн ч цалингаа нэмүүлэхийг бодолгүй л яахав ээ. Гэхдээ хэмжээ хязгаар гэж байгаа ёстой юм болов уу даа.

Х.Даваа

Эх сурвалж: www.dorgio.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.