Comment.mn

Т.Гантулга: “Монголын нийт хүн ам бараг тэр чигтээ залуу гэсэн индекст хамаарах болчихоод байна”

Сонгууль дөхөхийн хэрээр улс төрийн нөлөө бүхий хүчнүүдийн залуучууд хөл хөдөлгөөнд орж эхэлдэг. Энэ жилийн хувьд АН-ын XXV Их хурлаас энэ түүчээ эхэлсэн гэж хэлж болно. Тодруулбал, АН-ын залуучууд хурлын үеэр “Үеэ өнгөрөөсөн ардчилагчид шинэ үедээ зайгаа тавьж өг” хэмээн уриа лоозон барьж гарч ирэн түйвээсэн бол өнгөрсөн долоо хоногт  Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос Уул уурхайн яамны гадна жагсаал хийж, шаардлагынхаа хариуг авах гэж буйгаа мэдэгдсэн. Учрыг тодруулбаас, НАМЗХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Тэмүүлэн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж намын доторх залуучуудын хязгаар насыг дур мэдэн өөрчлөх гэж байгаа гэх.

Тэгвэл энэ талаар МАН-ын Нарийн бичгийн дарга Т.Гантулгатай уулзаж тодрууллаа.

– НАМЗХ бол намын дэргэдэх залуучуудын байгууллага. Тэр утгаараа Монгол ардын намаас залуучуудын холбоотойгоо уялдсан ямар бодлого барьж ажилладаг вэ?

– Дэлхий нийтийн жишгийг харахад хариуцлагатай улс орны эрх барих намууд дэргэдээ залуучуудын байгууллагатай байдаг. Энэ нь зөв бодлого тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх боловсон хүчний нөөцөө бэлтгэхэд зайлшгүй шаардлагатай байдаг төдийгүй зөвхөн нам, улс төрийн ажилд ч биш төрийн ажилд сургаж бэлтгэх чухал ач холбогдолтой юм.

МАН хийгээд НАМЗХ хоорондын хамтын ажиллагаа ч мөн ялгаагүй, олон улсын жишиг намын шаардлага хэрэгцээг хангасан түвшинд хамтран ажиллаж байгаа. Монголд байгаа улс төрийн намуудаас манай нам юугаараа онцлог гэвэл залуучууддаа итгэл хүлээлгэн бүх шатны сонгуульд өрсөлдөх боломж олгохоос гадна сурч боловсрох бүхий л боломжоор нь хамгийн сайн хангаж чаддаг, дэмждэг нам.

Энэ хүрээнд НАМЗХ ардын намын нэг хэсэг болж бодлого, зорилго чиглэлийн маш олон арга хэмжээнд бат нягт хамтран ажилладаг.

– Гэтэл эдгээр залуучуудын дунд үл ойлголцох явдал сүүлийн үед их ажиглагдах боллоо?

– НАМЗХ-ны дотор явагдаж байгаа асуудлыг зөрчил үл ойлголцол гэж харахгүй байна. Би ч энэ холбоог үүсгэн байгуулалцаж явсан, удирдах зөвлөлийн нэг. Тэр үед ч ийм асуудал гардаг л байсан. Энэ бол тодорхой ажил, өмнөө тавьсан зорилтоо биелүүлэхийн тулд гардаг ажлын арга барил, хандлагын зөрүү гэхээс хүмүүс хоорондын эрх ашгийн зөрүү биш.

Угтаа том эрх ашгийн дор зангидагдахын тулд дотоод ардчилалтай ямар ч байгууллагад арга барилын зөрүү гарах ёстой юм. Түүнээс энэ хэвлэл мэдээллээр цацагдаад байгаа шиг МАН-ын залуучууд хоорондоо үл ойлголцоод, талцаад байгаа зүйл огт байхгүй. Тэр түвшинд хүрэхгүй.

Дээр нь намын том аппаратууд байхад хэвлэлээр гараад байгаа шиг том асуудал үүссэн бол бид механизмаа ажиллуулаад шийдчихсэн байх хэрэг.

– Насны хязгаарыг ихэсгэх гээд байгаа нь хэр зөв зүйтэй алхам бэ?

– Ер нь насны хязгаарыг өөрчлөх нь утгагүй шүү дээ. Жишээлбэл, НАМЗХ-ны 35 насны хязгаарыг өөрчлөнө гэх яриа тарахад гадуур онигоо л болж байгаа. Удирдлага нь өөрсдөдөө тааруулаад өөрчлөлт хийж байна гэдгийг өнөөдөр хэн ч харж чадна.

Нэгдүгээр, зөрүүт логикийн үүднээс харахад захын хүн л утгагүй явдал гэдгийг хэлнэ. Хоёрдугаарт, залуучуудын дундаж насыг олохдоо тухайн улс үндэстний хүн амын дундаж наслалтаас хөөж үздэг. Монголчуудын дундаж наслалт 80, 81-ээс дээш гарчихсан юм бол дөчин насыг зөвшөөрч болно.

Гэтэл өнөөдөр монголчуудын дундаж наслалт 67 байна. Энэ үед 35 гэдэг бол бараг ахадсан нас. Дээр нь Монгол Улсын нийт хүн амын 50 хувийг 0-18 насныхан эзэлж байгаа гээд бодвол нийт хүн амын 78 хувийг 35 хүртэлх насныхан эзэлж байна. Энэ индексийг 40 болгоно гэвэл монголын нийт хүн ам бараг тэр чигтээ залуу гэсэн индекст хамаарах болчихоод байна. Тийм учраас 35 насны хязгаарыг дээш нэмэхийг дэмжихгүй. Харин 33 нас болгоно гэвэл дэмжинэ.

– Тэгвэл, МАН-аас энэ хагаралд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

– Энэ асуудлыг залуучууд өөрсдөө удахгүй ээлжит их хурлаараа шийдчихнэ байх. Намын үндсэн дүрэм хийгээд НАМЗХ-ны дүрэм журмын дагуу ерөнхийлөгчийг намын дарга дэвшүүлж, бүх нийтийн саналаар сонгоно. Энэ шинэ ерөнхийлөгч өөрийнхөө багийг, удирдах зөвлөлийг, нарийн бичиг, дэд ерөнхийлөгч нараа сонгоод явна.

Мэдээжийн хэрэг энэ шинэ бүрэлдэхүүн эв нэгдлийг сахиж, үйл ажиллагаа, хүсэл зоригоо нэгтгэж намдаа дэм болно. Тэгээд ч 2016 оны сонгууль хаяанд ирээд байна. Энэ хугацаанд бид намын залуучуудаа чадавхижуулж, чамгүй ажил хийхээр төлөвлөсөн байгаа.

– Ярилцсанд баярлалаа.

Б.Хишигдэлгэр

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.