Comment.mn

Улс, хот хоорондын 750 тээврийн хэрэгслийг GPS төхөөрөмжөөр хянаж байна

Улс, хот хоорондын 750 тээврийн хэрэгслийг GPS төхөөрөмжөөр хянаж байна
 Монгол Улсад Авто тээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байна. Уг ойн хүрээнд Авто тээврийн үндэсний төвөөс олон арга хэмжээ зохион байгуулсаар байгаа юм. Энэ удаад Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын газрын үйл ажиллагаатай сэтгүүлчид танилцав. Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын газрын Тээврийн хэлтэс нь улс, хот хооронд орон нутгийн нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээг улсын хэмжээнд зохицуулан, зохион байгуулж ажилладаг байна. Тус байгууллага нь 41 аж ахуйн нэгж, 1400 мэргэшсэн жолоочтойгоор хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг аж.Мөн Тээврийн удирдлага, хяналтын төв нь 2013 онд байгуулагдан байршил тогтоох GPS төхөөрөмжийг улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хэрэгсэлд суурилуулснаар алсын зайнаас тээвэрлэлтийн үйл явцыг хянаж чаддаг болжээ. Хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга Н.Эрдэнэжав: “Манай хэлтэс нь 2014 оны нэгдүгээр сард байгуулагдсан. Нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй. Одоогоор Улс, хот хоорондын 750 тээврийн хэрэгсэлд GPS төхөөрөмж суурилуулсан байгаа. Эдгээр тээврийн хэрэгслийн бүх мэдээллийг хянаж архивлах үндсэн чиг үүргийн дагуу ажилладаг. Өмнөх онуудын статистик үзүүлэлтээс харахад хурд хэтрүүлэхээс гадна зөрчил нэлээд гардаг байсан. GPS төхөөрөмжийг суурилуулснаас хойш зам тээврийн осол, хурд хэтрүүлэх зэрэг зөрчил гарах нь харьцангуй багассан. Тавдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагаас дараа өдрийн 09:00 цаг хүртэл GPS төхөөрөмжтэй 272 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явснаас мэдээлэл дамжуулаагүй / GPS нь ажиллахгүй байгаа/ 31, GPS-ээ салгасан гурав, хурд хэтрүүлсэн 35 тээврийн хэрэгсэл байна. Мэргэжилтнүүд мэдээллийг ингэж цаг тухайд нь бэлтгэж, танилцуулдаг. Манай байгууллага цаг агаарын байдал, техник хэрэгслийн зэрэг саатал гарсан тохиолдолд аж ахуйн нэгж, ОБЕГ, Авто замын хяналт судалгаа шинжилгээний төв, ЗЦГ зэрэг багууллагатай хамтарч ажилладаг. Харилцан уялдаа холбоо сайн гэж хэлж болно” гэв. Бид Тээврийн удирдлага, хяналтын төвтэй танилцсаны дараа Сонгинохайрхан автовокзал буюу та бидний нэрлэж заншсанаар “Драгон” дээр очив. “Dragon bus terminal”-ийг шинээр ашиглалтад оруулж өнгөрсөн сарын 1-ний өдөр албан есоор нээлтээ хийсэн билээ. Уг зорчигч тээврийн терминалыг ашиглалтад оруулснаараа орон нутагт зорчих иргэдийн автовокзалаар үйлчлүүлэх тав тухыг бүрэн хангаж, бүх үйлчилгээг нэг дор бүрдүүлж чадсанаас гадна олон ажлын байр шинээр бий болгожээ. Монгол Улсад автотээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн босгон дээр ийнхүү олон улсын жишигт нийцэхүйц автовокзалтай болсон нь тээврийн салбарын хөгжил алхам алхмаар урагшилж байгаагийн илрэл юм. Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийн дарга А.Баасансүрэн “Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан зорчигч тээврийн төвөөр олон улсын болон хот хоорондын 16 аймаг, 47 чиглэлд, 36 аж ахуйн нэгжийн 700 гаруй тээврийн хэрэгслээр өдөрт 5000 хүртэл хүн үйлчлүүлж байна. Нэг үеэ бодвол нийтийн тээврийн хэрэгсэл хөгжөөд орчин үеийн тохилог, том оврын 45 хүний суудалтай автобус хот хоорондын тээвэрт үйлчилдэг болсон. Зөвхөн Увс, Ховд, Баян-Өлгий аймаг руу л дээр үеийн гэж ярьдаг “Паз 4234” маркийн автобус үйлчилдэг. Ерөнхийдөө цагийн хуваарь, үйлчилгээ, тасалбарын үнэ хямд зэргээс шалтгаалан манайхаар үйлчлүүлж буй хүний тоо нэмэгдэж байгаа. Сонгинохайрхан зорчигч тээврийн төв нь 07:30-21:00 цагийн хооронд иргэдэд зорчих тасалбарыг олгон үйлчилж байна” гэж ажлаа танилцуулж байлаа.

8000 ОРЧИМ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ШАЛГАСНААС ЦӨӨНГҮЙ ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЖЭЭ

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 8-наас энэ оны тавдугаар сарын эхний гурван долоон хоногийн байдлаар улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйл ажиллагаанд шугам замын шалгалт зохион байгуулан, Сонгинохайрхан, Баянзүрх автовокзал, “Нарантуул” олон улсын худалдааны төвд хяналт тавьж, нийт 7977 тээврийн хэрэгсэл шалгаснаас 1416 зөрчил илрүүлэн, 307 зөрчилд Авто тээврийн тухай хууль болон нийтээр дагаж мөрдөх дүрэм журам, стандартын дагуу хариуцлага тооцжээ. Нийт зөрчлийн 20-оос дээш хувийг хэрэглээний стандартын шаардлага биелүүлээгүй, ачаа, зорчигчийг хамт тээвэрлэсэн, тээвэрлэлтийн гэрээгүй зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх, хувийг нийтийн тээврийн үйлчилгээнд хөдөлгөөний хурд хэтрүүлсэн зөрчил эзэлж байна.

УЛС, ХОТ ХООРОНДЫН ТЭЭВЭРЛЭЛТ НЭМЭГДСЭН БАЙНА

Өнгөрсөн онд улс хооронд 22.3 сая.тн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 1.7 хувиар өссөн байна. Экспортын голлох бүтээгдэхүүн болох нүүрс газрын тос, зэсийн баяжмалын тээвэр өссөн бол төмрийн хүдэр 1.8 сая.тн тээвэрлэсэн нь өмнөх оныхоос 11.6 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Энэ оны тавдугаар сарын байдлаар улс хооронд нийт 5.5 сая.тн ачаа тээвэрлэжээ. Үүнд, нүүрс 3.9 сая.тн, төмрийн хүдэр 628.9 мян.тн, зэсийн баяжмал 257.1 мян.тн, газрын тос 383.2 мян.тн тээвэрлэсэн байна. Хот хооронд өнгөрсөн онд 2.16 сая хүн тээвэрлэсэн нь 6.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Улс хоорондын байнгын зорчигч тээвэрлэлтийг гурван улсын долоон чиглэлд 10 аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулан гүйцэтгэж байна. Энэ оны тавдугаар сарын 22- ны байдлаар улс хооронд 52.7 мянган зорчигч, тээвэрлэсэн нь урьд оны энэ үеэс зургаан хувиар өсчээ.

Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын газрын дарга Ж.Энхбат:

Тээвэр зохицуулалтын газар нь тээврийн, хөдөлгөөний хяналт, хяналтын үйл ажиллагааны гэсэн гурван хэлтэстэй. 90 жилийн ойн хүрээнд маш олон ажил хийхээр төлөвлөж байгаа. Алдаа оноотой бүхэл бүтэн 90 жил өнгөрчээ. Энэ хугацаанд маш олон зүйл өөрчлөгдсөн. Хот хоорондын нийтийн тээврийнхэнд тулгамдаж буй цөөнгүй асуудал байдаг. Иргэд мэдээлэл дутмагаас наад зах нь тасалбараа авахдаа биеийн байцаалт буюу иргэний үнэмлэхгүй ирдэг.

Үүнээс болж маргаан үүсдэг. Мөн иргэд хот хоорондын тээврийг ачааны машин гэж андуурдаг. Нэг иргэн 20 кг ачаа авч явах ёстой байтал 20 кг- ын хоёр гурван “гахайтай” явах гээд дайрдаг. Үүнээс болж мөн л маргаан үүсдэг” хэмээн зовлонгоо хуваалцаж байсан юм. Тэд цаашдаа хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах, иргэд хөдөлмөрчдөд үйлчлэх тээврийн хэрэгслийг техникийн зүгээс аюулгүй, стандарт шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлэх зорилгоор жилд хоёр удаа техникийн хяналтын үзлэгт оруулж, жилд дөрвөн удаа улирал бүр үзлэг оношилгоонд хамруулдаг болгох ажлыг тогтмолжуулж, олон дэвшилтэт ажлыг хийж байна. Ирэх сар гэхэд хот хоорондын зорчигчид тасалбараа цахимаар захиалан авах боломжтой болж байгаа юм байна. Тэгснээр иргэд ганц тасалбар авахын тулд Улиастайгаас Сонгинохайрхан зорчигч тээврийн төв рүү өчнөөн цаг явж замын түгжрэлд саатаж бухимдахаа болино гэсэн үг юм. Авто тээврийнхэн маань түүхт ойгоо угтаж олон зүйлийг санаачлан хийж хэрэгжүүлж байгаагаа бидэнд ийнхүү танилцууллаа.

Ц.ЗАЯА

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.