УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаар Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулсан юм.
Дээрх төслийн хүрээнд төмөр зам, эрчим хүчний салбарт авсан зээлийг Засгийн газрын өрд хамаарахгүй байхаар заасан юм. Үүнтэй УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Дэмбэрэл нар санал нийлэхгүй байгаагаа илэрхийллээ.
Ч.Улаан гишүүн “Төмөр зам, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах зорилготой гэж тайлбарлаж байгааг ойлгоно, бүгд дэмжинэ. Энэ үр ашигтай ажиллах ирээдүйтэй салбар. Гэтэл Засгийн газрын зээлийн багцаас зориуд гаргаж, анхаарлын гадна үлдээх нь буруу. Өр зээл авсан бол түүнийгээ бүртгээд явах ёстой. Олон улсын байгууллагыг хуурахын тулд иймэрхүү зүйл өмнө нь хийдэг байсан” хэмээв.
Улмаар хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм. Мөн Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гишүүд Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахаар санал хураав. Санал хураалтад 45 гишүүн оролцож 31 гишүүн дэмжсэнээр 68,9 хувиар уг хуулийн төслийг батлав.
Харин Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь баталъя хэмээн санал хураахад 45 гишүүн оролцож 30 гишүүн дэмжсэнээр 66,7 хувиар батлагдлаа. Одоо мөрдөж байгаа Төсвийн тухай хуулиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 5 хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилах замаар орон нутгийн хөгжлийг дэмжих бодлого баримталж байгаа юм. Харин ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь 100 хувь улсын төсөвт төвлөрдөг. Иймээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоос орон нутагт шилжүүлэх дүнгийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор дээрх төслийг Засгийн газар боловсруулсан байсан нь ийн батлагдлаа. Дараа нь Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн Санал хураахад 53 гишүүн оролцож 43 гишүүн дэмжсэнээр 81,1 хувийн саналаар дэмжигдэж хэлэлцэхээр болов. Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дах хэсэгт “Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна.” гэж заасан аж.
Харин ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг татварын хуулиар бус Ашигт малтмалын тухай хуулиар ногдуулдаг нь Татварын ерөнхий хуульд заасан дээрх “төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна” гэсэн зарчмын дагуу зохицуулагдах шаардлагатай юм байна. Гэвч Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9 дэх хэсэгт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухайн улирлын тайланг дараа сарын 20-ны өдөр тушаахаар, мөн хуулийн 47.10 дах хэсэгт тухайн улирлын төлбөрийг дараагийн улиралд багтаан төлөхөөр заасан нь Татварын ерөнхий хуулиар тогтоосон “Төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна” гэсэнтэй нийцэхгүй байгаа гэнэ.
Иймд холбогдох хуулиудын дээрх зөрүүтэй байдлаас болж татвар төлөгч болон татварын албаны хооронд хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэх учраас Татварын ерөнхий хуульд заасан “төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна” гэсэн зарчмын дагуу Ашигт малтмалын тухай хуульд заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн төлөх, тайлагнах хугацааг ижилтгэх зайлшгүй шаардлага үүсжээ. Тиймээс Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж Татварын ерөнхий хуулийн зарчимтай нийцүүлэн татвар төлөх, тайлагнах эцсийн хугацааг ижил болгон өөрчлөх юм байна. Ингэхдээ одоо үйлчилж байгаа татварын хувь хэмжээ, татвар ногдох дүн, тайлагналтад өөрчлөлт орохгүй, татвар төлөгчдөд нэмэлт татварын дарамт үүсэхгүй гэнэ.
Г.Мягмарсүх
Эх сурвалж: www.new.mn