Говьсүмбэр аймгийн иргэдийн төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд хандаж, орон нутагт үүссэн улстөрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Говьсүмбэр аймагт өнгөрсөн сарын 22-ны өдөр дөрвөн хэсэгт нөхөн сонгууль болж, МАН ялалт байгуулсан юм. Нэр дэвшигчдэд тойргийн хорооноос түр үнэмлэх олгосон ч өнөөдрийг хүртэл ИТХ хуралдаж, бүрэн эрхийг нь баталгаажуулаагүй байна. Үүнээс болж орон нутгийн ажил зогсонги байдалд орчихоод байгааг хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн төлөөлөгчид хэлж байлаа. Өмнө нь орон нутгийн сонгуулийн дараа МАН-ын дөрвөн төлөөлөгчийг шалтаг заан эрхийг нь түтгэлзүүлж, оронд нь төрийн албаны туршлагагүй хүнийг сонгож, иргэдийн эрх ашгийг зөрчиж байсан ажээ. Тиймээс холбогдох хүмүүс шат шатны шүүхэд гомдол гаргасны үр дүнгээр хууль хяналтын байгууллагаас маргаантай дөрвөн тойрогт нөхөн сонгууль явуулах шийдвэр гаргасан юм байна. Ийнхүү шүүхийн шийдвэр гарснаас хойш жил гаруй хугацаа өнгөрсний дараа нөхөн сонгууль болж, МАН ялалт байгуулсан ч ИТХ нь хуралдахгүй, төрийн ажлыг уяж байна. Иргэдийн сонголтыг үл тоосон энэ үйлдэлд нутгийн энгийн иргэд ч сэтгэл дундуур байна. Говьсүмбэр аймгийн иргэн Д.Амарсанаа гуай энэ тухай “Улсын дээд шүүх АН-ынхан буруу үйл ажиллагаа явуулж байна.Нөхөн сонгууль явуул гэдэг шийдвэрийг 406 хоногийн өмнө гаргасан. Энэ шийдвэрийг биелүүлэхгүй байсаар өнгөрсөн сард нөхөн сонгууль явууллаа.Гэтэл ИТХ нь хуралдахгүй бүтэн сар болж байна.“Хурлаа хий” гэж шахаж, шаардаад ч нэмэр алга. Одоо иргэд бухимдаж эхэлж байна. Бидэнд ямар нэг ашиг сонирхол байхгүй. Дөрвөн хэсэгт 6800 гаруй сонгогчийн эрх ашиг хөндөгдөж байна. ИТХ хууль, хяналтын байгууллагатай хуйвалдаж байгаад хэн ч сонгоогүй хүнийг өмнө нь ИТХ-д оруулж ирсэн. Хууль бус дөрвөн төлөөлөгчөө суулгаж, ирц бүрдүүлж байгаад Говьсүмбэрийн Засаг даргыг томилсон. Тэгэхээр үүнээс хойш гаргасан бүх шийдвэр нь хууль бус гэсэн үг биз дээ. Ингээд хэл ам болж, нөхөн сонгууль хийхээр ИТХ нь хуралдахгүй, үүнийг мэдэх эзэнгүй болчихоод байна” гэсэн юм.
Ц.Анир