Comment.mn

Хандив нэрийдлээр хууль зөрчдөг байжээ

 

 

Авлигатай тэмцэх газрын 1800-1969 утсаар ирүүлсэн “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд нь эцэг эх, асран хамгаалагч нараас хууль бусаар хандив цуглуулж байна” гэх гомдол, мэдээллийн дагуу холбогдох шалгалтын ажиллагаа явуулахад Эрүүгийн хуульд заасан албан тушаалын гэмт хэрийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй боловч холбогдох хууль тогтоомж зөрчсөн байна.

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 156 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Сарантуяа нь Нийслэлийн Боловсролын газрын 2013-2014 оны хичээлийн жилд гаргасан журмын дагуу 2 настай хүүхдүүдийг 2014 онд бүртгэж авахдаа хүүхдүүдийн эцэг, эхэд цэцэрлэгийн нөхцөл байдал, архивын өрөө болон бусад засвар үйлчилгээний шаардлагыг танилцуулж, 100 мянган төгрөгийн хандив, тусламж үзүүлэх хүсэлтээ гаргаж, хандиваа өөрөө биечлэн зохион байгуулсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хандив авахтай холбогдох хязгаарлалтыг зөрчсөн нь тогтоогдлоо.

 

Нийслэлийн Баянгол дүүргийн 76 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Оюунсүрэнд холбогдуулан гаргасан гомдол, мэдээллийн дагуу шалгалт явуулахад Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус зөрчсөн байна. Тэрбээр төрсөн охин С-ийг ажилд томилсон тушаал гаргасан боловч түүнийг 2014 оны 10, 11, 12 дугаар сард ажиллаагүй байхад нягтлан бодогч Ц нь нийт олговол зохих 1 620 959 төгрөгийг улсын төсвөөс гаргажээ.

 

Түүнчлэн 2014 онд ажил хөдөлмөрөөрөө хошуучлан ажилласан нэр бүхий 5 хүнд шагналт цалин олгосон боловч өөрсөдтэй нь тохирч 960 мянган төгрөгийг буцаан авч, цэцэрлэгийн тохижилтын ажилд зарцуулсан байна. Мөн цэцэрлэгийнхээ 10 бүлгийн 313 хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, багш ажилтан нараас 14 сая 629 мянга 725 төгрөгийг бэлнээр хураан авч хүүхдийн угаалтуур, суултуурыг солих засварын ажилд зарцуулсан нь хандивыг санд төвлөрүүлэх, сангийн хөрөнгийг төрийн сангийн дансанд байршуулах бөгөөд тусгай дэд данс нээх, сургууль цэцэрлэгийн аж ахуй болон жижиг мөнгөн санг хариуцдаг нярав давхар хариуцан ажиллахыг хориглох, нийтийг хамарсан албадлагын болон тэгшитгэн хураасан шинжгүй байх, хандивласан хөрөнгийг зориулалтын арга хэмжээнд зарцуулахаар тус тус журамласныг баримтлаагүй байна.

 

Авлигатай тэмцэх газраас дээрх албан тушаалтнуудад Төсвийн тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, холбогдох дүрэм журмыг зөрчсөн үйлдэлд нь хариуцлага тооцож, дахин ийм асуудал гаргуулахгүй байхад анхаарч ажиллах талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэд албан бичиг хүргүүлсэн байна.

Г.Мягмарсүх

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.