Аливаа зүйл хэмжээнээсээ хэтэрвэл хор уршиг дагуулдаг жамтай. Тэгвэл архи хэмээх сархад савнаасаа бусдыг дийлдэг гэдэг үг бий. Монгол улсын хэмжээнд архинаас хамааралтай иргэдийн тоо цөөрөхгүй байгаа. Архи нийгмийн аль ч давхаргын хүмүүсийг алагчлахгүйгээр уруу татаж, ажил амьдралыг нь үгүй хийж, ангал уруу түлхдэг. Цаашлаад амгалан тайван амьдрал үгүй болж гэр бүлийн ахуй доройтож байдаг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Өдгөө гудамжинд гараад хэн нэгнээс танай гэр бүлд архинаас хамааралтай хүн байдаг уу? гэж асуувал “тийм” гэсэн хариултыг цөөнгүй хүн өгнө. Нийтийн тээвэр, найз нөхөд, хамаатан садан гээд уулзахаараа ярьдаг болсон сэдэв бол “нөгөө хэнийг архинаас яаж гаргах уу” гэж шаналсан хүмүүс.
Бодит байдлаас дурдахад, 20 настай нэгэн залуу найз бүсгүйтэй болж гэр бүлийнхэнтэйгээ танилцуулахаар очих гэтэл “танай аав чинь архи уудаг” гээд салсан гэдэг. Мөн өнгөрсөн онд өсвөр үеийнхний дунд бэлгийн замын өвчлөл их байгаа нь архидалттай холбоотой хэмээн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн Сайн дурын зөвлөмж эмчилгээний төвийн зохицуулагч эмч Ц.Тунгалаг ярьж байсан удаатай билээ. Энэ мэтчлэн “архи”-наас хамааралтай болсон олон хүний цаана гэр бүлийнхэн нь хохирч үлдсээр байна. Зөвхөн нэг гэр бүлийн асуудал хэдий ч улс орны хөгжил, дэвшилттэй салшгүй холбоотой. Иргэд нь архин далайд живсэн улс ямар орон болж дуусах вэ?
Манай улсын нэг иргэнд жилд дунджаар 19 литр архи, 32 литр шар айраг ноогддог. Өнгөрсөн онд хийгдсэн судалгаагаар спирт 1925 литр, архи дарс 24774 литр, шар айраг 64 сая литр үйлдвэрлэсэн бол 36 сая литр архи импортолж, экспортод 154926 литр архи гаргасан үзүүлэлттэй байна. Түүнчлэн дотоодод үйлдвэрлэсэн болон импортлосон архины хэмжээг харьцуулж үзэхэд маш өндөр архины хэрэглээтэй гэсэн тоон үзүүлэлт гардаг бөгөөд энэ нь ДЭМБ-аас гаргасан зөвлөмжтэй харьцуулахад маш өндөр дүн гарч байгаа юм.
Иймээс “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Харин уг хуулийн өөрчлөлттэй холбоотой эргэлзээтэй иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл гарах болсон. Энэхүү хуулийн төсөл дээр ажилласан ХЗЯ-ны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын мэргэжилтэн Ч.Бат-Эрдэнэ “2015 оны дөрөвдүгээр сарын 30-нд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөллийг боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “архидалт зохион байгуулдаг явдлыг таслан зогсоож, төсвийн мөнгөөр архи, согтууруулах ундаа худалдаж авахыг хуулиар хориглох, согтууруулах ундааны хатуулаг болон савлагааны хэмжээг бууруулах бодлого баримтлах, өндөр хатуулагтай согтууруулах ундааны татварыг үе шаттай нэмэгдүүлэх” зорилтыг дэвшүүлсэн.
Энэ хуулийн төсөл дээр төрийн өмчит хуулийн этгээд төсвийн хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авах болон нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно гэж заасан байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу Төрийн өмчит хуулийн этгээд гэж юу вэ гэхээр төрийн байгууллага, албан газар, төрийн өмчит үйлдвэрийн газар ордог. Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно гэдэг нь зөвхөн төрийн өмчит хуулийн этгээдэд л хамаарна.
Төсвийн хөрөнгөөр согтууруулах ундаа худалдаж авахаас гадна давхар төрийн өмчит хуулийн этгээд нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр согтууруулах ундаа үйл ажиллагаандаа хэрэглэхийг яагаад хориглосон бэ гэхээр зарим байгууллагууд бусад байгууллагын дэмжлэгтэйгээр согтууруулах ундаа хэрэглэсэн албан ёсны үйл ажиллагаа зохион байгуулчихдаг. Тэгэхээр төрийн өмчит хуулийн этгээд албан ёсны арга хэмжээн дээр согтууруулах ундаа хэрэглэхгүй шүү гэдэг л санаа яваад байгаа юм” гэлээ.
Түүнчлэн тусгай зөвшөөрөлийн талаар “Одоогийн хуулиараа согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг сум, дүүргийн Засаг даргын санал, мэргэжлийн хяналтын байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсэд тухайн чөлөөт бүсийн захирагч олгодог. Тусгай зөвшөөрөл олгох асуудлаа иргэд нь өөрсдөө шийддэг байя гэсэн санал, санаачлага гараад байгаа. Бид судлаад тухайн хороо, дүүргийн онцлогоос шалтгаалж аймаг, нийсэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлөө олгодог зарчмаа баримталж байна. Аймаг, нийслэлийн засаг дарга нь тухайн орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталж гаргасан Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох асуудлыг зохицуулсан журмын дагуу тусгай зөвшөөрөл олгоно. Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь уг журмыг боловсруулахдаа иргэдээсээ саналыг нь авдаг байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан. Мөн бүх нийтийн ерөнхий боловсролын агуулгад согтууруулах ундааны хор уршиг, хэрэглээний эсрэг эзэмшвэл зохих мэдлэгийг заавал тусгадаг байх зохицуулалтыг тусгана.
Аж ахуйн нэгж, байгууллагууд байгууллагынхаа дотоодод болон үйл ажиллагаа явуулж буй хүрээндээ архидан согтуурч байгаа шалтгаан нөхцлийг арилгуулах талаах тодорхой арга хэмжээ авч, ажилтнууддаа архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах үүрэгтэй гэсэн зохицуулалтыг мөн тусгажээ.
Засгийн газраас татвар нэмэхгүй гэсэн бодлого барьж байгаа аж. Түүнчлэн татвар ноогдуулж байгаа архины градусын ангилалд өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан гэв.
Онцгой албан татварын хуульд бүх төрлийн архи, дарсны хатуулгийг ангилж, татварын хэмжээг тогтоосон байдаг. Хуульд 25 хүртэл хатуулагтай, 25-40 хүртэл, 40 ба түүнээс дээш хатуулагтай байхаар ангилж, 25 хүртэл хатуулагтай архинд литр тутамд эх орны үйлдвэрийнхэд 2900 төгрөг, импортоор авсан архинд 7250 төгрөг. 25-40 хүртэлх хатуулагт эх орны үйлдвэрийнхэд 5800 төгрөг, импортоор авсан архинд 14500 төгрөг, 40 ба түүнээс дээш хатуулагтай архинд эх орны үйлдвэрийнхэд 13050 төгрөг, импортоор авсан архинд 17400 төгрөгийн татвар төлөхөөр зохицуулагдсан байдаг юм байна.
Сүүлийн өдрүүдэд онцгой албан татварын хэмжээг нэмэх өөрчлөлт оруулсан гэх мэдээлэл тархсан. Тэгвэл уг татварын хэмжээг нэмээгүй бөгөөд зөвхөн архины градусын хэмжээг бууруулах бодлого барьж байгаа ажээ.
Х.Даваа
Эх сурвалж: www.dorgio.mn